• Өнөөдөр 2026-04-01

“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа

     Монгол Улсаас “ЮНЕСКО”-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “ЮНЕСКО”-той хамтран “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ийн Талуудын 17 дугаар бага хуралд (COP17)  “ЮНЕСКО”-гийн оролцоо” сэдэвт мэдээллийн уулзалтыг Парис хотноо “ЮНЕСКО”- гийн төв байранд 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

    Тус уулзалтыг “ЮНЕСКО”-гийн Байгалийн шинжлэх ухааны салбарын ерөнхий захирлын орлогч хатагтай Лидия Брито нээж, COP17 бага хурлын хүрээнд “ЮНЕСКО”-гийн гүйцэтгэх үүрэг, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулав. Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, мөн тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа нар оролцож, Монгол Улс “COР-17” бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил болон дэвшүүлж буй санаачлагуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.

   Уулзалтаар Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” (Steppe Action Agenda), “Бэлчээрийн тогтвортой менежментийн санаачлага”, “Ус-Газрын нэгдсэн менежментийн санаачлага”, “Байгальд суурилсан шийдлүүдэд тулгуурласан тогтвортой дэд бүтцийн санаачлага” зэрэг нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цогц, хамтын ажиллагаанд суурилсан механизм болохыг онцлов.

  Түүнчлэн эдгээр санаачлагууд нь зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнууд, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн, байгаль орчны тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтойг тэмдэглэлээ. Энэхүү уулзалтад “ЮНЕСКО”-гийн гишүүн орнуудын Байнгын төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож, санал бодлоо солилцон асуулт хариултын хэлэлцүүлэг өрнүүлэв.

   Монгол Улсаас “ЮНЕСКО”-гийн дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү хаалтын үг хэлэхдээ “COP-17” бага хуралд улс орнууд өндөр түвшний оролцоогоо хангах ач холбогдлыг тэмдэглэж, гишүүн орнуудыг дэвшүүлж буй санаачлагуудыг дэмжин хамтран ажиллахыг уриалав. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд уг хурал нь газар, ус, уур амьсгалын асуудлаарх дэлхийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал үйл явдал болох юм.


 

 


“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188