• Өнөөдөр 2026-03-31

ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО

2026-03-31,   102

        Зуу зуун ном, дэвтэр, өдий төдий ном товхимол эзэнгүй үлдлээ. Номын өргөөнөө суугаад орчуулгаа хийж байсан эгэл даруухан атлаа эгэлгүй сод тэр эрдэмтний залуу идэр, буурал болчихоод ч тэнхээ мэдэн номын хуудас эргүүлж, өдөржин бичгийн ширээнээ тонголзон суусан нь ердөө хэдхэн оны л өмнө байх. Он цаг туулж суухад урт юм шиг хэр нь туулаад барсан хүнд түүн шиг богино, давчуу, харгис зүйл үгүй болов уу. Гэхдээ юм хийж амжуулсан хүнд арай өөрөөр, магад амралт мэтээр, өөр тийш явах аяллын цаг ирсэн мэтээр мэдрэгддэг байж болох юм. Тиймдээ ч өдийд тэр хамгийн үнэт бүтээлийг нь орчуулан Монгол түмний оюун, мэлмийд хүргэсэн Габриал Гарсиа Маркестай уулзчихсан, үйлс бүтээлийнхээ тухай бахархал дүүрэн ярьж суугаа байх. “Зуун жилийн ганцаардал” бол лут, сод, онцгой, ер бусын, хосгүй бүтээл билээ. Тийм гайхамшигт бүтээлийг яруу сайхан эх хэлнээ амттайхан буулгасан хүмүүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, сэтгүүлч, судлаач Г.Аким.  

     Олон сайхан зохиолыг авьяас, нөр их хөдөлмөрөөрөө дамжуулан бидэнд хүргэсэн оюун санааны “гүүр” түүнд хүнтөрөлхтөн, тэр дундаа ахан, дүүс нь болж явсан монголчууд бид баярлаж, бахдан дуулахаас аргагүй. Одоо ч түүний нэгэн насныхаа он цагт хийсэн орчуулга, бүтээл бидний номын санд, ширээн дээр өрөөтэй байхад яаж бид түүнийг дуулахгүй, дурсахгүй, үгүйлэхгүй байх билээ. Эндээс явсан цаг мөчөөсөө л тэр бидэнд үгүйлэгдэж, сод нэгэн эрдэмтэн нь бурхан зүг одсон нь уншигчдын зүрхэнд уйтай байна. 

        Тэрээр 1942 онд Дорнод аймгийн Матад сумын Тэмээт гэдэг газар төрсөн. Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, түүхч тэрбээр 1990-2000 онд “Ил товчоо” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нэгэн юм. Мөн 2005-2010 онд Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж байсныг номд шимтэгч хэн бүхэн андахгүй. Л.Гумилевын “Хар домог”, Ч.Айтматовын “Цаазын тавцан”, “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад” зэрэг 16 ном, бүтээлийг орос, англи хэлнээс орчуулсан. Мөн эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Б.Ринчен судлалаар “Билгүүн номч Бямбын Ринчен” зэрэг дөрвөн ном эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн “Цэцэн билгийн сувд эрхи” (англи-монгол, монгол-англи цэцэн үгийн толь), “Хамбын овооны яс юу өгүүлнэ вэ?”, “Тэнгэрийн нохой”, “Чингисийн оюун билгийн соёрхол”, "Хөрстөд ганц Чингис Хаан" буюу Хөх Монголчуудын өлзий учрал), “Туульс хайлдаг уулс 1, 2”, “Шашдирын чуулган 1, 2, 3”, “Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утга”, “Хаднаа шингэсэн аялгуу оршивой” зэрэг 30 гаруй ном туурвисан юм. Ердөө түүний бүтээл туурвилаас багаханыг дурдахад ийм байна.

 
     Түүнчлэн энэ хүмүүнтэй олон ч яриа сэтгүүлчид өрнүүлсэн байдгаас онцолж бага нас, тэр дундаа ирээдүйн том эрдэмтэн болох  гол үеийнх нь ярианаас энд дурдан хүргэк гэж зорьлоо. "Намайг наймдугаар ангид байхад М.А.Шолоховын “Хүний хувь заяа” өгүүллэг ”Үнэн” сонинд гарсан юм. Орчуулгынх нь хувьд, тэр хүний бүтээлийг анх уншиж байгаа минь энэ юм. Түүнээс өмнө зургаагаас долдугаар ангид байхдаа “Үүрийн туяа” романыг нь уншсан. Тэгээд л дараагийнх бүтээлийг хүлээдэг байлаа. Тэгж л Ри багштай, түүний бүтээлтэй анх танилцаж, бишрэх, шүтэх сэтгэл төрсөн. Одоо ч шүтсээр явна.
 
      Нобелийн шагналт Францын зохиолч Анатоль Франсын бүтээл “Боги жаждут”-ыг орчуулж суухдаа хоёр үгийг яагаад ч хөрвүүлж чаддаггүй. Түүнийгээ асуух гэж зориг гарган Б.Ринчен гуайтай утсаар холбогдлоо. “Танаас хоёр үг асуух гээд” гэж хэлтэл би толь үзээдэхье гэж байна. Нэр ч асуусангүй. Тэгснээ Ловон гэдэг үгтэй арай дөхүү очих юм байна гээд л тайлбарлаад эхэллээ. Ярих тусмаа түүний дуу нь намсаад би чихэндээ утсаа улам наагаад л сонсож байв.
 
     Тэр хүний нэг гайхалтай чанар бол хэзээ ч нугараагүй. Үзэл суртлын лантуугаар хэчнээн ч балбав даа, бууж өгөөгүй, уучлал гуйгаагүй. Тэр чигээрээ явсаар байгаад тэнгэрт хальсан шүү дээ. Тэр шударга, нугаршгүй зан нь миний сэтгэлд одоо болтол харагддаг. Би ч гэсэн тийм л байх юм сан гэж  хичээдэг дээ” гэжээ. Харин орчуулгынхаа тухай “Зургаан сар. Би ”Зуун жилийн ганцаардал”, “Цаазын тавцан” хоёрыг зэрэг орчуулсан юм. Хоёуланг нь зургаан сард багтаасан. Яаж багтаасан бэ гэхээр тэр үед Зохиолчдын эвлэлийн гишүүдэд нэг сарын цалинтай чөлөө олгодог байлаа. Би Сэлбийн амралтад суугаад “Зуун жилийн ганцаардал”-ыг, Сонгинын амралтад очиж “Цаазын тавцан”-гаа хийх маягаар солбиулж хийгээд дуусгасан даа. Шөнө орой суухад ядардаггүй, бас онгодтой ч байж, залуу ч байж дээ. Нэг суухаараа номдоо автаад, шунаад хийчихдэг байжээ. Та чинь машин юм уу хаашаа юм гэж улсууд гайхдаг байв” гэж ярьсан байдаг. Хоёр ч сод бүтээлээ ийнхүү орчуулж. Ямар их уйгагүй хөдөлмөр, тууштай зүтгэлээр бүтэж гэмээнэ тийм нягт, амттай бүтээл уншигчдын гарт очсон бол. Ялангуяа “Зуун жилийн ганцаардал”-ыг эргүүлэх бүрд тийн бодогддог. Тиймдээ ч зуунаас урт өдөр хүмүүс түүнийг дурсаж, мөнхөд унших бүтээл бол “Зуун жилийн ганцаардал”. Сөхөх бүрдээ эрхэм орчуулагчийг дурсаж, унших бүрдээ биширнэ. Сайн бүтээл, сайн үйлсийн эзний шагнал, үүрдийн бахархал энэ л байдаг биз ээ.

ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188