• Өнөөдөр 2026-03-30

ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВОРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...

2026-03-30,   121

        Өмнө бид Сэргэлэн жүжигчний талаар “Зэвүүн дүртэй сэргэлэн жүжигчин” нийтлэлийг хүргэж байсан бол энэ удаад түүний тайзнаа бүтээсэн “Опал” жүжгийн Брэдфорд Винтер, “Шөнө дундын бүжиг”-ийн Хавх, “Анна Каренина” жүжгийн Воронский, Би эндээс явахгүй”-н Дорлиг, “Хайрын виз”-ийн Жаргалын дүрийн тухайд бичвэр дэлгэж байна. Тэрбээр “Мөнгөн мод-2025” наадмын тайз,дэлгэцийн шилдэг жүжигчнээр шалгарсан юм.

  “ОПАЛ” ЖҮЖГИЙН БРЭДФОРД ВИНТЕР
 
        Гэгээн тунгалаг сэтгэлтэй, зөөлөн, дулаан Опалыг хууран мэхэлж, луйвардан хулгайлах гэж ирсэн хүмүүсийн хамгийн хорон санаатай, мөнхүү хэзээ ч ухаарашгүй нь Брэдфорд Винтер. Зальжин, дээрэнгүй, цагаа тулбал хамт яваа нөхдөө ч орхиж чадах, санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Хорвоо гэгч гэгээн сэтгэлтнүүдээр дүүрэн байх хүсэлтэй ч хүн бүр тэр хүслийн эзэн, эсвэл биелүүлэгч биш. Магад анх төрөхдөө л цөм ижилхэн байдаг байж мэдэх ч өсөн томрох тусмаа өөр, өөр болж, зарим нь сайхан сэтгэлтэй, цөөн нь сэтгэлгүй, амиа хичээгч болдог биз ээ. Энэ ч утгаар гэгээн сэтгэлтнүүдийн эсрэг ямагт хөндөлсөж, тэднийг өвтгөж, мөнхүү уучлал хайрыг нь хүртэж байдаг нь хатуу, харгис улс. Үүнийг Опал, Брэдийн дүрүүд ус, тос шиг ялгаж, тодорхой тодруулан харуулдаг. Зорьсон зорилгодоо тууштай, түүндээ хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн, хүний мөн чанарын хар, цагаан өнгийн харыг нь итгэлтэйгээр сонгож, өөрт ашигтай л бол бүгдийг хийдэг Брэд бидний дунд ч олон. Тэд үргэлж хэн нэгнийг булан тохойд отож, орон сууцанд нь хүлээн байдаг билээ. Ийм зэвүүн, мөнхүү сэтгэл эмтлэм дүрийг жүжигчин Т.Сэргэлэн тун чадварлаг бүтээж, яг л хэзээний зальжин, зүрх сэтгэлгүй хүн мэтээр бидэнд итгүүлж чадсан билээ.
 
    “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ”-ИЙН ХАВХ
 
      Шубираг хайрласан Хавх гэж түүний энэ дүрийг харах дуртай. Ерөөсөө л хайрласан юм чинь. Хүний араншин, харилцаа харахад ямар ч байж болох ч зүрх сэтгэлийн доторх өрнөл, туйл үргэлжид үнэнийг бидэнд дуулж байдаггүй гэж үү. “Шөнө дундын бүжиг”-ийг үзэж байхад Хавхын дүр гаднаа хүйтэн хөндий байх ч дотроо хайраар дүүрэн, Шубирад хязгааргүй хайртай нэгэн байв. 
 
“…Шубира хайрлагдаагүй биш, харин ч хэн хүнээс илүү хайрлагдсан эмэгтэй. Тийм л болохоор тэр Хавхаас явдаггүй. Хавх хурц тод гэрэлд тийм ч дуртай биш, тэр харанхуйд дуртай. Хүмүүс ч угтаа тийм л байдгийг тайзнаа хэлсэн. Харин түүний амьдардаг харанхуй тэр нүхэнд гэрэлтэгч, гийгүүлэгч нь Шубира. Тиймээс гэрлээ бөхөөхийг хүсээгүй. Харин өөрийг нь гэрэлтүүлэгч тэр жижигхэн алмааз эрдэнэ мэт эмэгтэйг эцсээ хүртэл аз жаргалтай, үргэлж гялалзан гийж байхыг л хүссэн. Амиго түүнийг өөрчлөгдөөгүй гэж хэлдэг ч Хавхыг Шубира өөрчилсөн. Өөрчлөлтөө л тэр нууж байсан юм…” |”Шубиратай ярилцсан бороотой үдэш шөнө дундын бүжиг болж байсан” тэмдэглэлээс…| 
 
  Тийм нэг хайр нь дотроо хал нь гадна орших Хавхыг Т.Сэргэлэн жүжигчин бүтээсэн. Өөр бусад нь Хавхыг Хавхаар нь бүтээх ч түүнд давтагдашгүй онцлог бий. Үүнийг энэ жүжгийг үзсэн үзэгчид, дахин тоглоход нь үзэх үзэгчид мэдэх билээ.
           
 “АННА КАРЕНИНА” ЖҮЖГИЙН ВОРОНСКИЙ
 
      Хэн ч харсан харц булаам залуухан офецир Воронский Аннагийн зүрх сэтгэлийг татаж, амьдралыг нь сүйрүүлээд зогсохгүй үхэлд хүргэдэг. Ингэж хэлэхээр олон уншигч, ихэнх үзэгчид Воронский Аннаг үхэлд хүргээгүй шүү дээ гэж өмөөрнө байх. Тийм ээ, санаатайгаар тэр Аннагийн амьдралыг сүйтгэж, түүнийг үхэл рүү түлхээгүй нь үнэн боловч хэдийнэ эзэгтэй, ээж болж амьдарч явсан эмэгтэйг өөртөө дурлуулсан. Бүсгүй хүний дурлалыг ойлгох аргагүй ч Аннагийнх хамгийн агуу, мөнхүү өрөвдмөөр нь.  Хайр сэтгэлдээ тэр амь, амьдралаа өгсөн, бүхнээ зориулсан. Эцэст нь орхигдсон, түлхэгдсэн, хэн ч биш болсон. Тийм Аннаг орхиод явахад нь Воронскийд хэчнээн дургүй хүрч, гомдол төрдөг гээч. Ёстой л болдог сон бол араас нь гүйн очоод, гуйж, ямар ч аргаар хамаагүй авчирмаар санагддаг. Гэвч тэр хэн ч хэлээд, хэнийг ч очоод эргэхээсээ өнгөрсөн байдаг нь даанч харамсмаар. Ийм зэвүүн, хүний зүрх сэтгэлийн гарамгай хулгайч Воронскийг Т.Сэргэлэн бүтээсэн. Түүнийг ерөөс Воронский л гэж боддог доо. Гэхдээ Т.Сэргэлэн бол түүн шиг урвагч биш.
 
            “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ”-Н ДОРЛИГ
 
       40 настай Дорлиг. Өөрийнхөөрөө дэврүүн. Бодоод байх нь, энэ насанд тохирох зан чанар мөн гэж үү. Амьдралын мөн чанар, амьдралд юу чухлыг мэдсэн тийм үе биш үү. Дорлиг гэтэл мэдээгүй, ойлгоогүй яваа дүр. Хүн алдаж, онож, хүнийг таньж, дутуу таньж болно. Гол нь ухаарах хэрэгтэй. Уучлалт ямар үнэ цэнээр ирдгийг ойлгох учиртай. Жүжигчин Т.Сэргэлэнгийн бүтээсэн тийм нэг Дорлигийг бид үзсэн. Тэрбээр энэ дүрийнхээ тухай “Би Дорлигийг самуун явдлаас болж амьдралаа гээгээгүй. Гагцхүү хүнийг дутуу таньснаас болж алдсан гэж боддог. Хүн эзэмшсэн мэргэжил, ур чадвар, материаллаг шинж чанараас илүүтэй хайраас шим тэжээл авч, хүчирхэгждэг. Харин энэ “эх үүсвэр”-ээ алдагдахын цагт өөр зүйлээр орлуулахын тулд архи гэх мэт буруу зуршилтай болдог. Өөрт тохиолдсон бэрхшээлийг хайрын тусламжгүй давж гарахыг хичээдэг ч хүч нь хүрдэггүй үе байдаг. Энэ бүхэн үйл явдал Дорлигт тохиолддог” гэж ярьсан байдаг. Дорлигийн дүрийг ингээд үзэгч, уншигч танд үлдээе. Дорлигууд бидний дунд олон шүү дээ. Гагцхүү хэд нь ухаарч, уучлагдаж яваа бол.
 
                “ХАЙРЫН ВИЗ”-ИЙН ЖАРГАЛ
 
     Жаргал үзэгчийн хувьд миний хамгийн дуртай дүр. Тиймдээ ч Жаргалын дүрийн тухай өмнө нь тэмдэглэчихсэн. 
 
     “…Жаргалд, баярлалаа. Анх Цэнгэлтэй хамт “Анхны харцаар дурлаж чадах уу” гэх реалити шоу хийнэ гэхэд нь “Өө, энэ ч дээ” гэж хөнгөн бодож, түүнийг нэг тийм үл бүтэх, хайр сэтгэлийн сайханг үл мэдэгчээр ойлгож байлаа. Бүр түүнийг хэн нэгэнд дурлаад, бүр бүхнээс татгалзаж чадна, томоожно, даруухан болно чинээ төсөөлөөгүй. Гэтэл тэр Сүндэрийг хараад л балмагдчихсан, бүр гүн дурлаж, харцаа ч салгаж чадахгүй байдалд орж, өнөө зугаа цэнгэл, жаргалд дуртай хүн тэрхэн зуурт хувирч, ёстой л хайр сэтгэлийн өмнө нуран унасан. Жаргалыг ийн үзэгчдийн нүдэн дээр өөрчлөгдөж, өсөхөд нь “Сүндэрээ айлтгүй ээ, битгий зугатаа, наад Жаргал чинь чамд үнэхээр хайртай болсон. Анх зорилго өөр байсан нь үнэн” гэж шууд очоод хэлчихмээр, үгүйдээ л сэмхэн шивнэчихмээр байсан ч алив нэгэн зохиол, жүжиг, кино, хайрын түүх ээдрээтэй, адал явдалгүй бол амтгүй гэдгийг ойлгон зохиолч Ц.Балдорж, найруулагч М.Батболд нарынхаа аясыг харан л суулаа…” |”Жаргал, Сүндэр хоёрын хайрын түүхийг би ч мөн дурлан сонслоо” тэмдэглээс…|
 
     Дурласан Жаргалыг бодох дуртай. Дурлал гайхамшигтай гэдгийг Жаргалын дүр харуулж, бид ч “Ийм л байдаг даа” гэж толгой дохисон. Дурлалт Жаргал Т.Сэргэлэн жүжигчний бүтээсэн жаргалтай дүрүүдийн нэг байх аа. Тэр тайзнаа гарах бүрдээ дурлалын сайхныг мэдэрч, түүнд ховсдуулдаг нь мэдээж.

ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВОРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188