• Өнөөдөр 2026-03-30

Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо

2026-03-30,   100

         Ойрхи Дорнодын мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд нөлөөлж, азийн орнууд нефтийн нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. Түүнчлэн 90 гаруй улсад шатахууны үнэ 5-68 хувиар өсөж тэд шатахуунаа хэрхэн хэмнэх, эдийн засгаа яаж тогтвортой байлгахад анхаарч олон арга замыг эрэлхийлж байна.Харин манай улсын хувьд шатахууны 40 хоногийн нөөцтэй. Дахин нөөцлөх саваа бэлдэж ч амжаагүй. Улс төрийн маргаан, сандал суудлын тэмцэлдээндээ анхаарлаа хандуулсаар байна.

     Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь аваад огцорчихлоо. Үүнээс хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч байлаа. Угтаа Монгол Улсын Засгийн газар хэдхэн сарын настай л болчихжээ.  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээллийнхээ үеэр шатахууны үнийг ойролцоогоор 300 төгрөг орчмоор эхний үед нэмнэ. Ойрхи Дорнодын асуудлаас хамаарч дахин хэлэлцээд ямар хэмжээгээр нэмэх талаар хэлэлцэнэ. Мөн хомсдол үүсэхээс сэргийлнэ гэж байсан. Гэтэл энэ асуудал, арга хэмжээ шинэ сайд томилогдтол асуултын тэмдэг хэвээр үлдэх нь…

    Шатахууны хомсдол, үнийн өсөлт бүхий л салбарт болон иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ.  Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, инфляц савлаж эхлэх нь цаг хугацааны асуудал болчихлоо. Түүнчлэн энэ хаврын тариалалт товлосон хугацаандаа хийгдэж чадахгүй. Ирэх жил ургац хураана, дотоодын хэрэгцээгээ хангана гэж саналтгүй боллоо. Мөн шатахууны хомсдол үүсэхэд уул уурхайн салбар тэг зогсолт хийнэ. Манай улс шиг өргөн уудам газар нутагтай улсад төдий чинээ шатахуун зарцуулалт өндөр байдаг.  Хэрэв бид  дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ хангаж чадахгүй болбол эдийн засагт хүндрэл үүснэ. Манай улс руу бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийдэг орнууд үнээ нэмсэн тохиолдолд бидэнд хийж чадах зүйл тийм их байхгүй.

          Шатахуун, эрчим хүч тасалдахад Орос “ах”  нараасаа гуйгаад болгочихдог байсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд  ОХУ-ын нефтийн экспортын хүчин чадал доголдсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлээд буй. ОХУ-аас шууд хамааралтай манай улсад аюул хаяанд ирчихлээ л гэсэн үг. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч нь болох нь тодорхой боллоо. Хэрэв улс төр нь тогтвортой, нэгдмэл байр суурьтай, алсын хараатай байсан бол бид сандралдах зүйлгүй байх байв.

          Асуудал хэзээ үүсэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ бэлэн байдалд байх ёстой.  Монголд анх удаа шатахууны үнэ өсөж, тасалдаж байгаа асуудал огт биш. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн өвөл шатахууны хомсдолд орж, иргэд нь шатахуун түгээх станцын гадна хонон өнжин оочирлож байсныг бүгд санаж байгаа байх.  Удаа дараа ийм асуудал гарсаар байтал тухайн үед нь намжаагаад орхидог.  Улс төр нь тогтвортой, бодлоготой байсан бол хоёрдогч улсаас шатахуун экспортлох, нөөцийн саваа хэр хэмжээнд хэрхэн бэлдэх гээд шийдлүүдээ гаргачихсан байх байлаа даа. Нэг үгээр бол шархадсан газар нь лент наагаад л орхичихсон.

           Ойрхи Дорнодын мөргөлдөөн урт хугацаанд үргэлжлэх, дэлхий нийтийн эдийн засагт хүндрэл гарах магадлалтайг олон улс судлаачид ярьж буй.  Үүнээс шалтгаалан  дэлхийн улс орнууд валютын ханшаа өсгөх, тээврийн зардлаа нэмэх нь тодорхой болоод байна.  Харин манайх шиг жижигхэн зах зээлтэй, үйлдвэрлэгч бус оронд энэ нь томоохон цохилт болж эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэдийн амьдрал доройтох нь.

ЭДИЙН ЗАСАГЧ Л.ОЮУН: УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ ХУРЦААР ЯРИГДАНА

    Бид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэх талаар эдийн засагч Л.Оюунаас тодрууллаа.

           Тэрбээр “Нефтийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч гол бүс нутагт мөргөлдөөн үүссэнээр үнийн өсөлт эрчимтэй явагдах нь тодорхой. Бүхий л бараа бүтээгдэхүүний суурь үнэ шатахуунтай шууд хамааралтай. Үүнээс үүдэн инфляц нэмэгдэнэ. Шууд утгаараа бол хүмүүсийн худалдан авах чадварт сөрөг нөлөө гарч амьжиргаа доройтно. Шатахууны үнийн нэмэгдэл хэр байхаас хамаарч импортлогч компаниуд үнээ нэмнэ. Тэд мэдээж ашгаа бодож тооцоолж үнийн нэмэгдлээ гаргана шүү дээ. Тийм учраас тэднээс нааштай шийдвэр хүлээгээд хэрэггүй байх.  Төр хувийн компиануудаас гуйхааргүй хэмжээнд зохицуулалтай болох ёстой. Дэлхийн зарим оронд Засгийн газар нь өөрөө нөөцөө бүрдүүлдэг жишиг бий.

      Одоо хаврын тариалалт эхэлж байгаа үед бүр ч ноцтой. Түүнчлэн төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт уналт үүснэ. Ингэснээр ирэх оны төсөв яах уу гээд хүндрэлийг тоочоод барахгүй. Цаашлаад улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал хурцаар яригдана.  

  Одоо үнэ өсөх нь ойлгомжтой болсон учраас орлогоо өсгөх хэрэгтэй байна. Ингэснээр иргэдийн амьдралд ирэх дарамтыг саармагжуулах боломжтой. Үүнд шинээр томилогдох Засгийн газар үүнд томоохон бодлого гаргаасай гэж хүсэж байгаа. Энэ удаагийн нөхцөл байдал бидэнд томоохон ухаарал болж өгөх байх. Дотооддоо шатахуун үйлдвэрлэх түүхий эд нь байхад үйлдвэрлэх арга зам хайгаагүй. Нөөцийн асуудалд бэлэн байгаагүй алдаагаа ухаарах байх.  Засгийн газар ажлаа хийх боломж гарахгүй байна. Өнөөдөр авч байгаа арга хэмжээний үр дүн тодорхой хугацааны дараа гардаг. Гэтэл манай Засгийн газар жил ч болохгүй солигдоод байна. Тэгэхээр яаж үр дүнтэй ажиллаж чадах вэ.  Сайн тал манай эдийн засаг сэргэхдээ хурдан байдаг.  Тооцоолол, судалгаатай бодлого гаргаад явбал манай эдийн засаг сэргэхэд болохгүй юм байхгүй. Бид чинь баялагтай улс шүү дээ. Үүнийг өөрийн эх орон гэж бодож хайрладаг, тэмцдэг хүмүүс л зөвөөр ашиглах хэрэгтэй” гэлээ.

       Харин бидний хувьд эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохын тулд Н.Учралын Засгийн газар хэрхэн ажиллах, түргэн хугацаанд арга хэмжээ авч чадах уу гэдгийг харах л үлдлээ…

 


Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188