• Өнөөдөр 2026-03-30

Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ

        Монголчууд нөөцийн маханд дараалж, шатахууны хязгаарлалтад орохтой зэрэгцээд МАН-ынхан Ерөнхий сайдаа огцруулж, шинэ Ерөнхий сайдаа тодрууллаа, өнгөрсөн амралтын өдрүүдэд. Ардын намын арслантай тамганы эзэн Засгийн газраа удирдах дүрмийн дагуу жил хүрэхгүй хугацаад МАН-ынхан Засгийн газраа сольж байна.


      Анх тэд “Ардчилсан намынхан төрийн ажлыг гацааж, чуулганы хуралдааныг бойкотлосон. Энэ гацааг өөрсдөө тайлъя” гээд Удирдах зөвлөлөө хуралдуулж, Ерөнхий сайд орой нь огцрох өргөдлөө өөрөө өгчихсөнөө мэдэгдсэн. Удалгүй Байнгын хороо, чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцүүлсэн юм. Хачирхалтай нь, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга Н.Учралыг удирдвал АН-ынхан чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн ажил хаялтаа үргэлжлүүлсэн. Гэтэл саяхныг хүртэл АН-ынхангүй ирц бүрдэхгүй байсан УИХ-ын чуулганы ирцийг МАН дангаараа шахуу бүрдүүлж, Засгийн газраа огцрууллаа.

      Ийн өчигдөр  шинэ Ерөнхий сайдад УИХ-ын дарга Н.Учралыг дэмжих эсэх асуудлыг МАН-ынхан Тусгаар тогтнолын ордондоо хэлэлцэж шийдвэрлэлээ. Улмаар УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлын гишүүдийн 99.7 хувь нь дэмжсэн байна. Ийн МАН-ын дарга Н.Учралыг энэ долоо хоногт УИХ-ын даргаас огцруулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдад томилох нь тодорхой боллоо.

ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙДААС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТ

     Ерөнхий сайд бүтэц, бүрэлдүүнээ тодорхойлж, танхимаа өөрөө бүрдүүлэх эрх зүйн зохицуулалттай. Харин эдийн засаг хамгийн эмзэг байгаа энэ цаг үед МАН-ын дарга Н.Учрал ямар шийдвэр гаргаж, танхимдаа хэнийг ажиллуулах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Намын Бага хурал дээрээ намынхаа дотоод эв нэгдлийг хангаж ажиллана хэмээн ам гарсан. Тиймээс Засгийн газартаа хоёр талд гарсан фракцын төлөөллөөсөө багтаах гэж үзэх нь тодорхой. Цаашлаад хамтарсан Засгийн газар байгуулах уу гэдэг нь улс  төрийн гол сэдэв болоод байна.

        Хамгийн гол нь Н.Учрал Монгол Улсын гурилын уутыг гөвж, дуусгах уу, дүүргэж дэвэргэх үү гэдэг нь чухал байна. Өнөөдөр гадаад нөхцөл байдал тун амаргүй байна. Хойд хөршөөс геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж, шатахууны хязгаарлалт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Үндсэндээ одоогоор манайд 45 хоногийн шатахууны нөөц бий гэх албаны мэдээлэл бий. Гэвч сарын дараагаас шатахууны хязгаарлалт орж мэдэх эрсдэлтэй цаг үед ирсэн байна. Цаашлаад өргөн хэрэглээний АИ 92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн. Хаврын тариалалт эхлэх, ханш нээх гол бүтээн байгуулалтын ажил эхэлдэг цаг хугацаанд шатахууны үнэ нэмэгдэж, хязгаарлалтад орж байгаа нь яавч сайны дохио биш. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, инфляц өсөх нь тодорхой болчихлоо.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАЛГАМЖ БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ҮҮ, Н.УЧРАЛ ДАРГА АА

          Ийм л эгзэгтэй цаг үед Засгийн газар, танхимын бүтэцээ тооцоололтой бүрдүүлж, эдийн засгаа аврах нь юу юунаас илүү чухал байна. Тэр тусмаа Засгийн газрын залгамж чанар манайд юу юунаас илүү үгүйлэгдэж байна. Үнэндээ өмнөх Засгийн газарт Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ.

       Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна.

       Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ” хэмээн амалж байлаа.

     Харин Ерөнхий сайд асан Г.Занданшатар “Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл” хэмээн тодотгож, монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд, иргэдийн эрх ашгийг шийдлийнхээ голд тавьсан, ард түмний Засгийн газар байна гэдгээ амласан. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүнийг бэлтгэхийн тулд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт цогц реформыг эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Баялагтаа эзэн Монгол” үзэл санааг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой зааж өгсөн гэдгийг сануулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амласан. Тодруулбал, 2024 оны гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг Баялгийн санд төвлөрсөн нь эхлэл төдий бөгөөд үүнийг нэмэгдүүлж, менежментийг оновчтой болгож, ард түмэнд өгөөжтэй байлгах нь бодлогын гол зорилго хэмээн онцолсон.

        Дэлхийн геополитикийн тогтворгүй байдал, тарифын дайны нөхцөлд Монгол Улсад бодлогын тогтвортой байдал, залгамж чанар нэн чухал. Нэг Засгийн газар гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэх ёсгүй, ялангуяа Засгийн газрын 14 мега төсөл нь улс төрийн мөчлөгөөс ангид, урт хугацаанд хэрэгжих учир эрх зүйн болон институцийн баталгаатайгаар тогтвортой хэрэгжих ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.  Өөрөөр хэлбэл, ямар ч байсан монголчуудын хүсээд байгаа, яс махандаа тултал үгүйлж, мэдэрч буй үйлдвэрлэлжилтийг эхлүүлнэ гэж тэд хоёр Засгийн газар дамнан амлаж байлаа. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл  гараанаасаа гарсан төсөл тун ховор, цаасан дээр үлдсэн мөрөөдлийн төлөвлөгөө болсон нь ч их байна.

          Тиймээс Ерөнхий сайдад горилж буй МАН-ын дарга Н.Учрал амлалтуудаа ажил хэрэг болох, эдийн засгийн их хямралыг хурдан хугацаанд, зөв менежментээр даван туулах нь юу юунаас илүү чухал байгааг дахин сануулъя. Эцэст нь, МАН-д Н.Учралын цаг гүйж эхэллээ.

 


Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188