Нэгэн ярилцлагаас нь үүдэн энэ гарчгийг бичвэртээ оноосон юм. Бүдэгхэн гэдэг нь өдгөө тэр эрүүл мэндийн улмаас уран бүтээлдээ орж чадахгүй байгааг төлөөлүүлэн хэлж буй бөгөөд удахгүй эдгэрч уран бүтээлийн замаа үргэлжлүүлэн тодотгон будна гэдгийг нь онцолж буй юм.
Жүжигчин, найруулагч, кино зохиолч гэх гурван жигүүртэй түүгээрээ уран бүтээлийн замаа үнэхээр ч амжилттай зурж яваа уран бүтээлч бол жүжигчин Б.Болдбаатар. Цаашид ч тод гэгээнээр зурсаар байх чадварлаг нэгэн. Уран бүтээлчид нэгдэн түүний эмчилгээнд зориулсан хандивын тоглолтыг дөрөвдүгээр сарын 1-нд зохион байгуулах гэнэ. Хошин урлагийн тайзнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл дэлгэцийн олон сайхан дүрээр үзэгчидтэйгээ уулзсаар буй түүний тухай уншигч танд хүргэж байна.

Түүний гитар тоглоод, дуулж суудгийг нь андахгүй байх аа, үзэгчид. Найруулагч Д.Цогтын 28 ангит цуврал болох “Ус дээшээ урсдаг” киноны мөрдөгч Хангайн дүрийг бүтээж, киноныхоо дууг хүртэл дуулсан байдаг. Энэ нь түүний сурагч үеэс эхлэлтэй байна. Найзуудаа тойруулан суулгачихаад гитар тоглон, хайрын дуу аялж явсан үеийнхнийхээ гол "дүр" нь байж. Гитартай дуулдгаар нь ийн онцолж буй юм. Тиймдээ ч хожмоо урлагийн хүн болж, оролцон тоглосон киноныхоо дууг мөн л гитартай дуулж, үзэгчдийн сэтгэлийг дуугаараа ч, дүрээрээ ч хөглөн яваа нь энэ аж. Шударга, зоригтой Хангай мөрдөгчийг гитартай суугаад дуулахад нь үзэгчид энэ дүрийг улам хайрлах болсон биз ээ.
Нүдээрээ инээсэн, эерэг зөөлөн, дөлгөөн энэ уран бүтээлчтэй бид анх “Х-ТҮЦ” продакшны домогт “Сэргээш-1”-д “Учиртай гурван толгой”-н Юндэнг бүтээхэд нь танилцаж байсан билээ.
"Уулын нугад чамтайгаа
Уруул шиг навчаар үнсэлцээд
Намуун хос цэцэг болоод
Найганхан ургана гэж
Урд шөнө би зүүдэллээ..." гээд Юндэн, Нансалмаадаа дуулж өгдөг дөө. Энэ бол түүний уран бүтээлийн эхлэл.
-ХОЁР Ч УДАА МЭРГЭЖЛЭЭ ОРХИЖ БАЙЖЭЭ-

Урлагаас холдож, өөр зүйл хийхээр хоёр ч удаа тэр мэргэжлээ орхиж байсан гэдэг.
Эхнийх нь Оросын Бүх ард түмний кино урлагийн дээд сургуульд хоёр жил сураад, наймаа хийх гээд сургуулиа орхиж байсан гэдэг. Эхлээд зураглаачийн мэргэжилд, дараа нь жүжигчний ур чадварт суралцсан энэ хугацааныхаа мэдсэн, сурсныг тэр мэргэжлийнхээ том суурь болсон хэмээн бахархан ярьдаг юм билээ. Ингээд эх орондоо ирж, “Х-ТҮЦ” продакшнд орж, жүжигчнээрээ ажиллаж эхэлсэн ч мөн Солонгос руу ажил хийхээр явсан байна. Энэ бүхний эцэст тэр урлаг, мэргэжил нь л түүнд ямар чухлыг ухаарч, мэргэжлийнхээ үнэ цэнийг илүүтэй ойлгон, эргэн уран бүтээлдээ эргэн орсон байна.
Хэрэв урлагтаа эргэн ирээгүй байсан бол бид түүнийг “Помогите нам”, “Ус дээшээ урсдаг”, “Хүүгүй ломбард”, “Саятан болгох дамжаа”, “Дурлах санал”, “Өндгөн толгойт”, “Улаанцэцэг”, “Наран мандах нутаг” зэрэг киноны дүрээр харахгүй байх байж. Нэг тийм зөөлөн, түшигтэй, шударга, зөв дүрүүд түүнийх байдаг бөгөөд "Наран мандах нутаг", "Ус дээшээ урсдаг" киноны дүрийг нь онцолж байна.
-“НАРАН МАНДАХ НУТАГ”-ИЙН АХМАД БААТАР, “УС ДЭЭШЭЭ УРСДАГ”-ИЙН МӨРДӨГЧ ХАНГАЙ-

Жүжигчин Б.Болдбаатарын бүтээсэн нэгэн дүр бол “Наран мандах нутаг” киноны цагдаагийн ахмад Баатар. Тэрбээр Сүхбаатар аймагт ажиллаж, амьдардаг, нутагтаа алдартай бизнесмен, уяач Пүрэвийн хүргэн бөгөөд малын хулгайн гол захиалагч мөртлөө өөрт нь тусалсан багын найзыгаа хамаг хэрэгт тохож, шоронд суулгадгаас үүдэн тус киноны үйл явдал өрнөдөг.
Баатар хэдийгээр ажилдаа гарамгай, гэр бүлдээ хайртай, хадамдаа ханьтай сайн хүргэн боловч бусдын амьдралыг сүйтгэснээрээ үзэгчдийн дургүйг багагүй хүргэдэг дүр.
Харин Баатараас тэс өөр дүр бол “Ус дээшээ урсдаг” киноны мөрдөгч Хангай. Тэр бол авлига, албан тушаалын наймаа, мөнгө угаалт, тендерийн наймаа зэрэг гэмт хэргүүдийн эсрэг багийнхантайгаа хамт тэмцэж, олон ч дарга нарын булхай луйврыг илчилж, илрүүлсэн шударга нэгэн. Тэрбээр энэ дүрийнхээ тухай “Энэ цувралын зохиолчид орчин үеийн Монгол комиссорын дүрийг зуржээ гэж ойлгосон. Гэвч миний бүтээсэн Хангай нэлээд уриалгахан, эелдэг, инээмсэглэсэн Хангай болчихож гэдгийг киногоо үзээд мэдсэн” гэжээ. Үнэхээр ч ажилдаа мэргэжлийн байхаас гадна зөөлөн, дөлгөөн зантай мөрдөгчийг тэр чадварлаг бүтээж чадсан. Үндсэндээ хоёр ч нэг салбарын мэргэжлийн хоёр өөр дүрээр тэр үзэгчдийн сэтгэлд ойр байдгийг онцлоход ийм байна.
Найруулагчийн чадварыг нь ч мөн бид “Найз”, “Зөв алдаа” зэрэг киногоор нь мэдэх билээ. Тэр дундаа дөрвөн залуугийн нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан “Найз” бол үзэгчдийн үзэх дуртай бүтээлийн нэг гарцаагүй мөн. Энэ киногоороо тэр амьдрал бол нөхөрлөл, хайр, эрүүл мэнд, хүсэл мөрөөдөл дээр тогтдог гэдгийг зохиолдоо бүрэн агуулж, киноны үйл явдал, дүрүүдээр дамжуулан сайтар илэрхийлсэн байдаг. Харин “Зөв алдаа” киногоор гэр бүлийн үнэ цэнийг хүмүүст мэдрүүлэхийг зорьжээ. Гэр бүл гэдэг элэг бүтэн байж л сая нэг гэр бүл болон оршин тогтнож, үнэ цэн бүрддэг гэдгийг тэр энэ бүтээлийнхээ найруулгаар харуулж чадсан.

Зохиолыг нь бичиж, найруулсан бүтээлүүд
Тайз, дэлгэц, зургийн талбай, камерын арын суудал... Ерөөс мэргэжлийнхээ бүх төрөлд хүч үзэн өөрийгөө сорьдог уран бүтээлчийн нэг бол тэр. Цөөнгүй бүтээлийн кино зохиол ч түүнийх. Өмнө дурдсан “Зөв алдаа” киноны зохиолыг Б.Болдбаатар жүжигчин өөрөө бичсэн. Түүний зохиолыг нь бичсэн киноноос онцлох уран бүтээл бол Б.Отгонзориг найруулагчийн найруулсан “The Woman”. Алтайн ууланд хадам ээж, охинтойгоо амьдардаг нэгэн эмэгтэйн аж байдал, зан чанар, хайр, хүлээлтийн тухай өгүүлсэн бүтээл. Ахуй байдлаас илүү эмэгтэй хүний ганцаардал, сэтгэл зүй, тэсвэр тэвчээр, юуг ч даван туулах тэнхээ чадлыг давхар харуулснаараа энэ бүтээл үзэгчдийн сэтгэлд ойртож, одоо ч үзэхэд таатай байдаг билээ.
Цаг хугацаа зовсон нэгнийг жаргал руу, өвдсөнийг эдгэрэл рүү, алдсаныг ухаарал руу, гуниж явааг нь баяр хөөр рүү хөтөлдөг гэдэгт итгэдэг. Энэ ч утгаар урлагт өөрийн авьяас билиг, чин сэтгэлээ зориулан яваа энэ эрхэм уран бүтээлчийг үзэгчдийн оюун, сэтгэлд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах сайхан бүтээл улам олныг хийлгэж, чадварлаг дүрүүдээр ч шагнах нь гарцаагүй биз ээ. Тэр өмөг түшигтэй, нуруулаг дүрүүдээрээ, утга учир, үнэ цэн эрсэн ховор найруулга, бүр уран бүтээлчдийн тэр хэмжээнд хөндөн бичээд байдаггүй кино зохиол, мөн дүр бүтээснээс ялгаагүй дүрд нь амьдардаг дуу оруулагчийн орон зайдаа ямагт үгүйлэгдэх нэгэн.
| БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА... |
|
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |