• Өнөөдөр 2026-03-25

АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА

2026-03-25,   146

       Ардчилсан намын дуулиантай дотоод сонгуулийн дүн эцэслэгдэж, шувтрах шатандаа орлоо. 21 аймаг, есөн дүүргийн намын даргын нарын нэрс тодорч, 378 квотод нэр дэвшсэн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрс эхнээсээ зарлагдав. Одоо тэд намын Их хурлаараа баталгаажуулснаар ирэх жилин Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд УИХ-ын сонгуульд хэний фракцаас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ зурлах бүтцээ зурчихлаа гэсэн үг.


       Мэдээж Ардчилсан намын дотоод сонгууль эхэлсэн цагаасаа дуусах хүртлээ, хэл ам хэрүүл дуулианаар тасарсангүй. Мөнгө тараасан л гэнэ, царцаа нүүлгэсэн гэнэ, танихгүй гишүүд санал өгсөн гэнэ. Тэр байтугай МАН-ын гишүүд АН руу орсон гэнэ. Хэзээний фракцын зодоонтой сонгууль хийж, тайзан дээрээ зодоонтой байсан тэдний дотоод сонгууль энэ удаад илүү сүр дуулиантай болов. Сонгуулийн үеэр гишүүд нь лайвдаж, саналаа өгч чадсангүй хэмээн уйлж байх, нөгөө хэсэг нь “царцаа” болон нисэж ирээд саналынхаа хуудаснаас их санал авсан гэх явган яриа ч гарч амжлаа.

       Гол нь өнгөрсөн амралтын өдрүүдийн гол дуулиан болсон Ардчилсан намын дотоод сонгуулийг МАН-ын томчуудын мэдээлэл нам дарж орхив. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар мэдэгдэж, 1.3 сая ам.долларын дуулиан дэгдээснээр АН-ын дотоод сонгууль улс төрийн халуун сэдэвт дарагдаж, сүрийг бадруулж асан Ардчилсан намынхан хэл чимээгүй аймаг, дүүргийн дарга нараа тодруулчихлаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын дунд шатны сонгуулиас Хөвсгөл аймгийн дотоод сонгуулийг дахин явуулахаас бусад нь намын дарга аа төвөггүйхэн сонгож орхив.

       Шинээр сонгогдсон дунд шатны дарга нарын олонх нь УИХ-ын гишүүд байгаа нь олны дунд дахиад л хэрүүл алим тарих нь. Өөрөөр хэлбэл, өнөөдөр УИХ 42 суудалтай Ардчилсан намынхан МАН-ын даргаар УИХ-ыг удирдахуулахгүй гээд УИХ-ын дарга Н.Учралыг бойктолж, чуулганы хуралдаандаа оролцохгүй байгаа. Гэтэл тэд үнэн чанар дээрээ УИХ-ын гишүүдийнх нь намынхаа дунд шатны намын удирдлага гэх давхар дээлийг өмсчихлөө. МАН-ынхан барьцуул барьцахаар л асуудлыг тэд улаан цайм өөрсдөө бэлдэж өгсөн нь тэр. Тодруулбал, 21 аймаг есөн дүүргийн 30 дунд шатны намын удирдлагаас найм нь УИХ-ын гишүүн буюу “давхар дээл”-тэй болчихлоо.

       Тухайлбал, Архангай аймгийн Ардчилсан намын даргаар УИХ-ын П.Мөнхтулга сонгогдсон. Түүний хувьд 2024 оны сонгуулиар Хангайн бүсээс УИХ-д нэр дэвшиж, гишүүн болсон. Улс төрд орж ирсэн замнал нь аав Ө.Пүрэвбаатартай нь холбоотой. Өөрөөр хэлбэл, түүний аав Ө.Пүрэвбаатар Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Ардчилалын анхдагчдын нэг. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыг дөхнүүлсэн. Тиймдээ ч Ардчилсан намын “Алтан гадас” фракцын өв залгамжлагч гэдэг нь улс төрийн угшилаас нь уншигдаж байгаа биз.

       УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ирэх дөрвөн жилд Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг удирдах даргаар сонгогдлоо. Улс төрийн угшил нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой салшгүй холбоогоор холбогддог ч өнгөрсөн сонгуулиар Төвийн бүсэд нэр дэвшиж, Х.Баттулгын МоАХ фракцынхныг түшиж, УИХ-д гарч ирсэн. Өдгөө АН-ын “Морьтон” фракцын гол төлөөлөл гэгдэж байгаа ч, Ардчилсан намын шинэ дарга О.Цогтгэрэлийн ойрын хүн болсон гэх яриа АН-ынхан дунд гарч эхэлсэн нь ор үндэсгүй цуурхал ч биш байж мэднэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намар Ардчилсан намын даргын сунгааныг зохион байгуулахад Дотоод сонгуулийн хорооны гол хүн нт болж, О.Цогтгэрэлийг намын даргын сунгаанд ялалт байгуулахад чамгүй үүрэгтэй оролцсон гэх нь ч бий.

        Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хувьд  АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нэг Монгол” фракцынх. 2020 оны сонгуулийн дараа АН хоёр тамга, хоёр даргатай болох үед УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Н.Ганибал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг түшиж, улс төрд удаан тэсэж үлдсэн. 2024 оны сонгуульд Ж.Батсуурь журмын нөхдөө МАН-ын томчуудтай өрсөлдүүлээд өөрөө жагсаалтад багтснаар УИХ-ын гишүүн болсон зайтай нэгэн. Тиймдээ ч Л.Гантөмөрийн үед хамтарсан Засгийн газарт сайдын суудлаас хормойдож, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яаманд төрийн томилгоог баруун солгойгүй хийж байлаа. Ийн давхар дээлтэй сайдын суудалд зүтгэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөлөл байсан гэх нь ч бий.

     Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн П.Батчимэг сонгогдсон. “АПУ”-гийн гэх тодотголтой П.Батчимэгийн хувьд УИХ-ын сонгуульд Өвөрхангайгаас нэр дэвшээлд өвдөж шороодож, Дорнодод мөн унаж байлаа. Эцэст нь, 2024 онд АН-ын жагсаалтад багтаж, гишүүн болсон. Тэгвэл нэмээд ирэх сонгуулиар Өвөрхангай аймгийн АН-ыг удирдаж, орох нь тодорхой боллоо. АН-ын дотоод сонгуулийн гол будилаан нийслэлд өрнөж, нийслэлийн дүүргүүдээс чамгүй олон УИХ-ын гишүүд намын дунд шатны дарга болж дэвшиж гарч ирлээ.

     Түүнээс хамгийн их анхаарал татсан нь Баянгол дүүргийн АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар байв. Түүний хувьд Баруун бүс буюу УИХ-ын сонгуулийн III тойргоос УИХ-д сонгогдсон. Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажилласан гэхээс өөрөөр төрд ажилласан туршлага багатай, нэмээд өнгөрсөн найман жил Баянгол дүүрэгт ноёрхлоо тогтоож ирсэн С.Эрдэнийн бүлэглэлийнхнийг давж, Баянгол дүүргийн намын дарга болсон гэдэг нь олны анхаарлыг татаж, шуугиулж байна, үнэндээ. Тэр тусмаа хамгийн их “царцаа” нүүлгэсэн гэх дуулианы гол бай болоод байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар намын даргаар О.Цогтгэрэлийг болгоход хамгийн их хөлсөөө туслуулж гүйсэн шагналаа хүртсэн гэхэд хилсдэхгүй биз. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулах акц зохион байгуулж, гардаж хийсэн ганц төлөөлөгч нь О.Амгаланбаатар. Тиймдээ ч намын даргаасаа бэлгээ авч БГД-ийн АН-ын даргыг “царцаа”-даж байгаад авсан гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл ч биш болов уу.

Түүний араас олны анхаарлыг татсан нь УИХ-ын гишүүн А.Ганбаатар Баянзүрх дүүргийн АН-ын даргаар сонгогдсонд байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн АН-ыг Х.Баттулгын МоАХ фракцынхан буюу Ц.Батцогт хоёр сонгууль дараалж, удирдаж, өдгөө Нийслэлийн АН-ын даргаар болтлоо томорсон. Мөн л энэ удаагийн АН-ын дотоод сонгуулийн үеэр хамгийн их хор найруулсан дуулиантай дүүргээр Баянзүрх дүүрэг нэрлэгдэж байна. УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн АН-ын даргаар сонгогдсон А.Ганбаатарын хувьд ажилласан намтраараа  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой салшгүй сэжмээр холбогддог.

            Нийслэлийн Төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүрэг хуучнаа салж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн АН-ын ахиад л Х.Болормаа дөрвөн жил удирдах нь тодорхой боллоо. УИХ-ын гишүүн Х.Болормаагийн хувьд 2024 оны сонгуулиар МАН-ынхантай санал “наймалцаж” гэх дуулианд нэр холбогдсон удаатай.

    Түүнчлэн Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү сонгогдлоо. Уг гарал улс төрийн замналаараа Хотын дарга асан Э.Бат-Үүлийн улс төрд бойжуулсан улстөрч мөнөөс мөн. Гэвч сүүлийн үед Э.Бат-Үүл даргаасаа харилцаагаа тасалж, Х.Баттулгын фракцынхантай сүжрэх болсон. Цаашлаад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газарт сайд болж дэвшснээсээ хойш МАН-ын “БЭТ” болтлоо төрөл арилжсан гэх нь ч бий.

      УИХ-ын гишүүн Б.Түвшин Хан-Уул дүүргийн АН-ыг удирдахаар боллоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай өрсөлдөж, ялалт байгуулсанаар тус дүүргийн АН-ын дарга болсон. Тэдний хувьд аль аль нь MCS-ын гаралтай гишүүд. АН-ын дотоод сонгуулиас Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Сангийн сайд С.Баярцогт сонгогдсон нь олны анхаарал татлаа. Ийн АН доторх MCS-ын бүлэглэлийнх ч ганзага хоосонгүй хэдэн суудалтай байна.

       Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Дорнод, Баян-Өлгий, Төв аймаг, Сонгинохайрхан гэхчлэн дунд шатны намын даргаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэх тодотголтой улстөрчид ялалт байгуулсан байна. Үндсэндээ Үндэсний бодлогын хороодын гишүүдийн олонх нь МоАХ-ын угшилтай улстөрчид байна. Ингээд харвал АН-ын дотоод сонгуулиар Х.Баттулгынхан хүчээ зузаатгаж, О.Цогтгэрэл царцаа нүүлгээд ч арай дутуудлаа даа.

 

 


АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-25 08:00:51
    Монголоор бичээч: Дөхнүүлсэн биш Төвхнүүлсэн байлгүй дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188