• Өнөөдөр 2026-03-24

БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ

2026-03-24,   139

        Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын “Бодь интернэшнл” ХХК-аас 1.3 сая ам.долларын авлига авсан гэх асуудлыг АТГ-т шалгуулахаар өглөө. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь”-той дотносуулсан хүн нь ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ гэж мэдэгдсэн. 
 
Түүнчлэн, Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг 20-иод жилийн өмнөөс “Бодь”-д хэрхэн “үйлчилж” ирсэн илтгэх хэд хэдэн баримт ярьсан. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ “Д.Мөнх-Эрдэнэ нь Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тус банканд хамт ажиллаж байсан Лхамсүрэнгийн Отгонбаяртай хамтарч “Солонго энд мөнх партнерс” ХХК болон “Легал линк си би эй” ХНН-аар дамжуулан “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн 1.3 тэрбум ам.долларын гэрээний хуулийн зөвлөхөөр нь ажилласан. Ингээд Д.Мөнх-Эрдэнэ “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интэрнэшнл” ХХК-аас нийт үнийн дүнгээр 11 тэрбум төгрөгийг Зөвлөх үйлчилгээ” нэрээр авсан” гэж ярьсан. 
 
        Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн дээрх яриаг өгүүлбэр бүрээр нь баримттай тулгаж үзлээ. 
 
1. Л.Оюун-Эрдэнэ “Д.Мөнх-Эрдэнэ нь Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тус банканд хамт ажиллаж байсан Лхамсүрэнгийн Отгонбаяртай хамтарч...” гэж ярьсан. 
 
       Энд дурдагдаж буй Лхамсүрэнгийн Отгонбаяр нь 2003-2008 онд Голомт банкны Хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Харин ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ 2004-2007 онд Голомт банкны Хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өөрөөр бол, Л.Отгонбаяр, Д.Мөнх-Эрдэнэ хоёр Голомт банканд гурван жил хуулийн зөвлөхөөр хамт ажилласан гэсэн үг. 
 
Хэвлэлийн архив шүүж үзвэл, 2014 онд Л.Отгонбаяр хуулийн фирмээ сурталчилсан ярилцлагадаа “Монголын компаниуд 2000 оны эхнээс л хуулийн зөвлөхтэй болж эхэлсэн. Анх Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажилд ороход ганцаараа байсан. Дараа нь нэг залуутай болж, Бодь, Голомтын тэр олон компаниудын хуулийн ажлыг хоёулхнаа хэдэн ажил хариуцаж ажилласан. Ёстой бүх төрлийн хуулийн ажил, гэрээ, журмуудыг боловсруулдаг байлаа” гэж ярьжээ. Тэгэхээр Л.Отгонбаяр, Д.Мөнх-Эрдэнэ хоёр гурван жилийн хугацаанд Голомт банк, “Бодь интэрнэшнл” ХХК-ийн хуулийн бүх асуудлуудыг хоёулхнаа хариуцаж байсан гэсэн үг. 
 
2. Л.Оюун-Эрдэнэ “Д.Мөнх-Эрдэнэ нь Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тус банканд хамт ажиллаж байсан Лхамсүрэнгийн Отгонбаяртай хамтарч “Солонго энд мөнх партнерс” ХХК болон “Легал линк си би эй” ХНН-аар дамжуулан “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интэрнэшнл” ХХК-ийн 1.3 тэрбум ам.долларын гэрээний хуулийн зөвлөхөөр нь ажилласан” гэж ярьсан. 
 
Нэр дурдагдсан хоёр компанийн тухайд: 
 
       “Солонго энд мөнх партнерс” ХХК-ийг 2013 онд ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн ээж Ц.Байгалмаа, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж асан Ш.Солонго хоёр хамтран байгуулсан. Харин Д.Мөнх-Эрдэнэ “Солонго энд мөнх партнерс” ХХК-ийг байгуулагдсан өдрөөс нь Гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Улмаар 2023 оны наймдугаар сарын 8-нд татан буулгасан байна. 
 
Харин “Легал линк си би эй” ХХК-ийг 2020 оноос дээр дурдсан Голомт банкны хуулийн зөвлөх асан Лхамсүрэнгийн Отгонбаяр эзэмшдэг. 
 
Зөвлөх үйлчилгээний тухайд: 
 
      “Легал линк си би эй” ХНН нь  2022 оны наймдугаар сарын 30-нд “Тавантолгой төмөр зам” ХХК-тай 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй “Богдхан төмөр зам”-ын төсөлд Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байна. Гэрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг төлөөлж Н.Удаанжаргал, “Легал линк си би эй” ХНН-ийг төлөөлж Л.Отгонбаяр нар гарын үсэг зуржээ. 
 
Энэхүү гэрээгээр Л.Отгонбаярын “Легал линк си би эй” ХНН  нь “Богдхан төмөр зам”-ын гүйцэтгэгч нартай хэлэлцээр хийх, гэрээний төслийг боловсруулах ажлыг хариуцахаар болсон. Ингээд “Легал линк си би эй” ХНН нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Богдхан төмөр зам” төслийн гүүр, тунеллын ажлын гүйцэтгэгч “Бодь интэрнэшнл” ХХК-тай байгуулсан 734 сая ам.долларын гэрээ, “Богдхан төмөр зам” төслийн дээд, доод бүтцийн гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан 660 сая ам.долларын гэрээнд тус тус Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, гэрээний төслийг нь боловсруулах ажлыг хариуцжээ. 
 
3. Л.Оюун-Эрдэнэ “Д.Мөнх-Эрдэнэ “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интэрнэшнл” ХХК-аас нийт үнийн дүнгээр 11 тэрбум төгрөгийг Зөвлөх үйлчилгээ нэрээр авсан” гэж ярьсан. 
 
     Дээрх 2022 оны наймдугаар сарын 30-нд Л.Отгонбаярын “Легал линк си би эй” ХНН-ийн “Тавантолгой төмөр зам” ХХК-тай байгуулсан “Богдхан төмөр зам”-ын төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ нь 11.1 тэрбум төгрөгийн дүнтэй байсан. 
Нэгтгэвэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярианаас, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нь Л.Отгонбаяртай Голомт банканд хуулийн зөвлөхөөр хамт ажиллаж байсан, Л.Отгонбаяр нь “Легал линк си би эй” ХНН-ээрээ 1.4 тэрбум ам.долларын "Богдхан төмөр зам"-ын төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн, хөлсөндөө 11.1 тэрбум төгрөг авах гэрээ байгуулсан зэрэг мэдээллүүд нь баримттай таарч байна. Харин ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Легал линк си би эй” ХНН-д хувь эзэмшдэг эсэх, 1.4 тэрбум ам.долларын төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажилд Д.Мөнх-Эрдэнэ биечлэн оролцсон эсэх, 11.1 тэрбум төгрөгөөс Д.Мөнх-Эрдэнэ хувь хүртсэн эсэх асуудлуудыг АТГ шалгаж тогтоох биз ээ. 
 

БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188