• Өнөөдөр 2026-03-23

ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА

2026-03-23,   144

     Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээн “Тбилис-2026 Гранд слам” өчигдөр өндөрлөв. Тус “Их дуулга” тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Гүрж Улсын Тбилис хотод боллоо. Энэ удаагийн “Их дуулга”-д дэлхийн 51 орны эрэгтэй 238, эмэгтэй 154, нийт 392 тамирчин өрсөлдсөн юм.

   Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Б.Сүхбат, залуу тамирчин Н.Мэндсайхан, 66 кг-д ДАШТ-й хүрэл медальт, ОУХМ К.Ёолк, залуу тамирчин Ө.Жанцандорж, 73 кг-д олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар нар барилдсан. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өсвөрийн тамирчин А.Мишээл, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга, М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, -78 кг-д залуу тамирчин Ж.Урангоо нар хүч сорин өрсөлдсөн ч тун тааруухан барилдлаа.

   Шигшээ багийн ихэнх тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд гол анхаарлаа хандуулаад энэ удаагийн Тбилисийн “Гранд слам”-д залуу тамирчид өрсөлдсөн бололтой. Гадны улсын залуу тамирчид энэ удаагийн “Их дуулга”-аас медаль хүртэж байхад манай шилдэг залуу тамирчид “Ганзага хоосон”, гараа санжигнуулаад ирэхээр боллоо.

    Залуу тамирчдын ур чадвар уг нь сайн байгаа. Өсвөр үе болон залуучуудын ангиллын тамирчидтай ажиллаж байгаа МУГТ Х.Цагаанбаатар, Казахстан Улсын гавьяат тамирчин, ОУХМ Г.Отгонцэцэг, МУГД Ш.Цэвэлмаа, Г.Бат-Эрдэнэ, Д.Алтансүх, Б.Баасандорж, Д.Батсайхан, Д.Балжинням, Ч.Марал-Эрдэнэ гээд багш нар байна. Тэдний шавь нар дэлхийн бусад орны тамирчдаас дутах зүйл огт байхгүй байгаа. Тийм учраас өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртэж байгаа. Харин тэдний бэлтгэн гаргаж ирсэн тамирчдын ур чадварыг цааш нь хөгжүүлэх үүрэг хүлээсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч л болохгүй байна уу.

    Бэлтгэлжилт, судалгаа, барилдааны тактик дээр алдаад байгаа юм болов уу. Бид жүдочдодоо амжилт гаргахаар нь “Тэнгэрт тултал нь магтаад”, амжилт нь уруудахаар “Газар доор ортол” нь муулаад баймааргүй байна. Тэдний амжилт гаргахгүй байгаа учир шалтгааныг нь олох нь зөв болов уу. Мэдээж хэн ч харсан Шигшээ багийн ахлах дасгалжуулагчтай холбож, тамирчдын амжилтыг үзүүлэлтийг дүгнэх ёстой. Сая МУГТ Л.Энхрийлэн Тбилисийн “Их дуулга”-д урд нь ялж байсан Хорватын Ива Оберанд ялагдлаа. Хорватын дасгалжуулагч Л.Энхрийлэнгийн барилдааныг сайн судалсан байна. Ива Оберан алдаан дээр дүгнэлт хийн, сайн ажиллаж чаджээ. Магадгүй Л.Энхрийлэнд амралт, сэргэлт авах нь чухал ч байж магадгүй юм. Түүний гарын бэртэл, ямар байгааг мэдэхгүй.

    Харин дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатарын хувьд сайн барилдлаа. Хүнд хагалгааны дараа дэвжээндээ эргэн ирж байгаа түүнийг шүүмжлэх ямарч  шаардлага байхгүй. Бэлтгэлжилт дутуу, дэвжээнд дасах хугацаа хэрэгтэй байх. Гэхдээ дэлхийн өндөр түвшиний тамирчин энэ бүхнийг хоромхон хугацаанд нөхөх болов уу. Тэрбээр Болгарын тамирчны жийж давуулах мэхийг сайн мэдрээгүй байх. Яг үнэндээ ипон үнэлгээний мэх байгаагүй. Вазари үнэлгээ байх шиг харагдсан. Шүүгчид цэвэр ялалт заачихсан. К.Ёолкийн хувьд жин өгсөж барилдсан гэхэд сайн л барилдлаа. Удахгүй жиндээ дасаад ирэхээр амжилт гаргах байх. Харин ОУХМ Б.Сүхбат, залуу тамирчин Н.Мэндсайхан нар санасан хэмжээнд барилдсангүй.

     Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийг “Орос Эрка” хэмээх У.Эрдэнэбаатар багш удирдаад чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тамирчдын амжилт өсөх нь битгий хэл улам л уруудаад байх шиг санагдах юм. МУГТ Л.Энхрийлэн, МУГТ Б.Ганхайч, ОУХМ Б.Гончигсүрэн, ОУХМ А.Адъяасүрэн, ОУХМ О.Уранбаяр нар л бусад жингийнхээ тамирчдыг амжилтыг үүрч, нүүр тахалж яваа. Тэд л тэмцээнд орохгүй бол бусад нь амжилт гаргадаггүй боллоо.

    Одоо яах ёстой вэ, олимпын наадам ойртсон байна. Хоёр жилийн дараа олимпын наадам болно. Энэ байдлаараа яваад байвал олимпоос ямарч медаль хүртэхгүй. Манай жүдочид эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, -100 кг-ын жинд гол амжилтаа гаргадаг байсан. Гэтэл одоо 81, 90, -100 кг-ын жинд дэлхийд өрсөлдөх хэмжээний тамирчингүй болчихлоо. Эмэгтэйчүүдийн 48, 57, 63, +78 кг-ын жинд гол найдвар хүлээлгэж байгаа. 

    Харин 52 кг-ын жинд ОУХМ М.Нандин-Эрдэнийг эс тооцвол өөр өрсөлдөөн өрнүүлэх тамирчин алга. Эмэгтэйчүүдийн 70, -78 кг-ын жингийн тамирчдын  ур чадвар дэлхий түвшингөөс хол хоцорсон хэвээр л байна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг өөрчлөх үү. Дараагийн дасгалжуулагч нь хоёр жилийн дотор шигшээ багийн тамирчдыг өөр түвшинд хүргэж чадах уу. Бид юу дээр алдаад байна вэ.

 

 

 


 

 


ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188