• Өнөөдөр 2026-03-23

Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

2026-03-23,   81

Газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй ч сонирхлынхоо дагуу 12 дах жилдээ гоо засалчаар ажиллаж байгаа Л.Маралмаатай ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөсөн OMC Hairworld холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. OMC Hairworld холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийн эзэн болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Өмнө нь Монголд болдог тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ шүүгчээр нь ажиллаж байсан. 2024 онд Алтан гар холбоонд гишүүнээр элсэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Анхны жил өөрийнхөө оролцох боломжтой гурван төрөлд тун амжилттай оролцож, тус бүрээс нь медаль хүртэж байлаа. Зураглалтай нүүр будалт хүрэл медаль багаараа алтан медаль, Creative makeup төрлөөрөө дөрөвдүгээр байрт шалгарсан. Амжилтуудаасаа урам авч илүү олон тэмцээнд оролцохыг хүсэх болсон. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор бэлдэж байхдаа OMC Hairworld холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох санал ирж, Creative makeup төрөлд оролцон хүрэл медаль хүртлээ. Миний хувьд богино хугацаанд хүнээс илүү их техник, ур чадвар шаарддаг Creative makeup хийх дуртай. Нүүр будалт гэдэг хүний гоо үзэсгэлэнг тодотгодог, хүмүүсийн хамгийн жаргалтай мөчид нь хамт байж тэднийг улам гэрэлтүүлдэг учраас ажилдаа үнэхээр их хайртай.

-Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний онцлог юу байсан бэ?

                -OMC Hairworld холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь 80 жилийн түүхтэй. Бидний хувьд гоо сайхны олимп л гэсэн үг. 50 гаруй орны 3000 гаруй оролцогчтой тэмцээн гэдэг утгаараа чансаа өндөр, нэр хүндтэй тэмцээн. Олон орны чадварлаг хүмүүстэй өрсөлдөж, чадвараас нь суралцаж гуравдах жилдээ медаль хүртсэндээ баяртай байна.

-Тэмцээндээ хэр удаан бэлдсэн бэ. Шагнал хүртсэн нүүр будалтынхаа санааг хэрхэн олсон бэ?

                -Тэмцээнд оролцох шийдвэр гаргаснаасаа хойш тасралтгүй бэлдэж эхэлсэн. Санаагаа бодит болгохын тулд бэлдэх зүйл тун олон. Төсөөллийг маань бодит болгох материалуудаа сайн бэлдэхийг хичээдэг. Бид ганцхан нүүр будалт хийдэггүй. Будалтаа амилуулахын тулд хувцас, үс засалт гээд бүх зүйлд нь анхаардаг. Өнгөрсөн жил толгойн гоёл хийх сургалтад суусан юм. Тиймээс нүүр будалтдаа зориулаад толгойн гоёлоо өөрөө хийсэн. Цаашлаад хуримын дэлгүүрээс даашинз аваад илүү сайжруулж, гар урлалаар илүү хөөрхөн болгодог. Ингээд харахаар маш их хичээл зүтгэл шаардсан тэмцээн болдог гэсэн үг.

ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ МӨЧИД НЬ ХАМТ БАЙЖ ТЭДНИЙГ УЛАМ ГЭРЭЛТҮҮЛДЭГ АЖИЛДАА ХАЙРТАЙ

-Нүүр будалтаараа юу илэрхийлэхийг хүссэн бол?

                -Эмэгтэй хүний зөөлөн ааш, өхөөрдөм хөөрхөн хэрнээ цаанаасаа л ундарч байдаг эрхэмсэг зан төрхийг харуулахыг хичээсэн. Нүүрний будалтад өнцөг байхгүй дандаа долгион хээ ашигласан.

-Таны хувьд make-up artist-аар ажиллаад хэр удаж байгаа вэ?

                -Make up artist-аар ажиллаад 12 жил болжээ. Сити их сургуулийн нүүр будалтын багшаар долоон жил ажилласан. Өөрийн студийг нээж, нүүр будахаас гадна сургалт бусад үйл ажиллагаа зохион байгуулаад найман жил болж байна.

-Өмнө нь гоо засалчийн тэмцээнд оролцож байв уу. Амжилтуудаасаа хуваалцвал?

                -Өмнө нь OMC Hairworld холбооны тэмцээнд цахимаар оролцож байсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил шүүсэн.

-Яагаад гоо сайхны чиглэлээр ажиллахаар болсон бэ. Таны сонирхлыг татсан зүй нь юу байв?

                -Жирэмсний амралт авсан байх үедээ энэ чиглэлийг сонирхож, сурч эхэлсэн. 12 жилийн өмнө учраас нүүр будалт, энэ чиглэлийн соёл төдийлөн сайн хөгжөөгүй байсан үе л дээ. Жаахан зургийн авьяастай, гарын уртай л байснаас бусдаас нүүр будалт, гоо сайхны талаар огт мэдлэггүй байсан.

-Нүүрийг нь будаж өгсөн хүн сэтгэл хангалуун байхыг харах үед өөрт ямар мэдрэмж төрдөг вэ. Хүний өөртөө итгэх итгэлийг илүү нэмж байна гэсэн үг шүү дээ?

                -Өөрөөсөө маш гоё энерги цацруулаад л гардаг даа. Нүүр будалт дууссаны дараа толинд өөрийгөө хаж байгаа харц, өөртөө итгэх итгэл нь огт өөр болчихдог. Будалтаа хийж байх үедээ үйлчлүүлэгчтэйгээ найз шиг л ярилцдаг. Заримдаа сэтгэл зүйч шиг л ажилладаг даа. Нүүрээ гоё будахад баяр, тэмдэглэлт үйл явдал огт хамаагүй. Хүн өдөр бүр л хөөрхөн, үзэсгэлэнтэй харагдах хэрэгтэй. Студи маань нээгдсэн цагаасаа л шөнө, үүрээр ажиллаж эхэлсэн. Баяр ёслолын өмнө цаг огт хамаагүй үйлчлүүлэгчдэдээ л хөөрхөн болгох үүрэгтэй. Үйл ажиллагаа маань эхэлсэн цагаасаа хойш огт тасалдалгүйгээр явж ирсэн.

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?

                -Үйлчлүүлэгчдэдээ тухтай, тавтай орчныг бүрдүүлэх үүднээс саяхан нүүж, Century business apartment-д орсон, үйлчлүүлэгчид тохиромжтой төв байрлалыг сонгосон юм. 2026 аравдугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно, би гурав дах жилдээ оролцох гэж байна. Тус тэмцээндээ өмнөх бүх туршлага, ур чадвараа харуулж хариуцлагатай оролцохыг зорьж байна. Цаашлаад сургалтын төвдөө багшлахаар төлөвлөж байгаа.

 


Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188