• Өнөөдөр 2026-03-23

БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ

2026-03-23,   122

      Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдад 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олгосон асуудал анхаарлын төвд байна. Бид орон сууцны урьдчилгаа авсан Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын 21 албан хаагчийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулж байна.


       Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “Төрийн албаны тухай хуулийн 61.1.5-т төрийн албан хаагч орон байраар хангахад дэмжлэг үзүүлэх үүргийг төрөөс хүлээнэ гэж заасны дагуу ур чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах 21 боловсон хүчинд 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа, дэмжлэг үзүүлсэн. Урьдчилгаа авсан ажилтнууд хямд өртөгтэй орон сууцыг өөрсдөө санал болгож, танилцуулсны үндсэн дээр тэдгээр орон сууцыг богино хугацаанд ашиглалтад оруулахад дүүргийн зүгээс анхаарал тавьж ажилласан. Баянзүрх дүүргийн 37-р хооронд баригдсан “Мөнх Ариун Булаг” ХК-ий байранд манай ажилтнууд орсон байгаа. Байрны ашиглалтад орсон дүгнэлт бусад материалууд бүгд бий. Энэ байр 2024 оны есдүгээр сард ашиглалтад орж, нэг кв м-нь 1.880.000 төгрөгөөр авах боломжоор ажилтнуудаа хангасан” гэсэн байдаг.

 

Н.ЭНХМЭНД: ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЖАРГАЛСАЙХАН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН

-Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Энхмэнд

            Нацагдоржийн Энхмэнд 1995 онд төрсөн. Өмнө нь Үндэсний Аудитын газарт Аудитор, Нийслэлийн аудитын газар, Ахлах аудитороор ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар өнгөрсөн онд томилогдсон. Төрийн албанд найм дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрбээр хамгийн сүүлд буюу 2024 онд ХОМ мэдүүлэхдээ 229 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, авто зогсоолтой гэжээ. Мөн жилийн нийт орлого нь 85 сая төгрөг, дотоодын хадгаламжиндаа 673 мянган төгрөгтэй гэсэн байна.

Тэрбээр өнгөрсөн сард Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 30 сая төгрөгийг авсан. Энэ талаар нь түүнээс тодруулахад, “Баянзүрх дүүргийн Засаг дарга нэгдсэн мэдээллийг өгсөн байгаа. Тийм учраас би мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

О.УДВАЛГОМБО: БИ ХОМ МЭДҮҮЛДЭГГҮЙ

-Санхүү төрийн сангийн хэлтсийн Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн О.Удвалгомбо

            Мэргэжилтэн О.Удвалгомбо 1996 онд төрсөн. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Тэрбээр 2018 онд их сургуулиа төгссөн.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 30 сая төгрөгийн дэмжлэг авсан тухай холбогдож тодруулахад “Орон сууцны дэмжлэгтэй холбоотой мэдээллийг Хэвлэл мэдээллийн төв, Хууль эрх зүйн хэлтсээс тодруулаарай. Би ном журмынхаа дагуу уг дэмжлэгийг авсан. Мөн би хөрөнгө орлого мэдүүлдэггүй” гэсэн юм.

О.ХАНДСҮРЭН: БИ МЭДЭХГҮЙ

-Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Хандсүрэн

О.Хандсүрэн 2001 онд төрсөн. Гурван жилийн өмнө буюу 2023 онд их сургуулиа төгссөн. 30 сая төгрөгийн дэмжлэг авсан талаар нь тодруулах гэсэн болов ч “Их сургуулиа төгсөөд хоёр жил болж байгаа эсэх, орон сууцны дэмжлэгийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.  

М.ГАНЧИМЭГ: БИ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 6.2 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙГАА

-Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Ганчимэг

М.Ганчимэг 1978 онд төрсөн. Тэрбээр Баянзүрх дүүргийн ЗДТГ-т Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Орон сууцны дэмжлэг болох 30 сая төгрөг авсан тухайгаа хэлэхдээ:

-Би Баянзүрх дүүргийн ЗДТГ-т зургаан жил хоёр сар ажиллаж байгаа. Ном, журмын дагуу л орон сууцны дэмжлэг авсан” гэсэн юм.

Б.АНХИЛ: МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ

-Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Б.Анхил

Батжаргалын Анхил 2000 онд төрсөн, 26 настай. Саяхнаас Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Тэрбээр орон сууцны урьдчилгаа болгож 30 сая төгрөг авсан тухайгаа тайлбарлахаас татгалзаж, “Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Н.ГАНЦЭЦЭГ: ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТЭЭ МЭДҮҮЛСЭН ОРОН СУУЦ МИНИЙХ БИШ

-Нийтийн хоол, аялал, жуулчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Ганцэцэг

            Н.Ганцэцэг 1987 онд төрсөн. Тэрбээр 2021 оны зургадугаар сараас Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийтийн хоол, аялал, жуулчлал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнгээр ажилласан. Тэрбээр ХОМ-тээ 90 сая төгрөгөөр үнэлэгдэх нэн орон сууцтай, 30 сая төгрөгийн 20 тооны үхэртэй, эзэмших эрхийн газартай, 30 сая төгрөгийн хадгаламжтай гэсэн байна.

Тэрбээр орон сууцны дэмжлэг авсан тухайгаа хэлэхдээ “Би Баянзүрх дүүргийн ЗДТГ-т таван жил ажиллаж байгаа. Ном журмынхаа дагуу орон сууцны дэмжлэг авсан. Урьдчилгаа төлбөр миний дансанд орсон. Би Э.Бат-Амгалан сайдын дүүгийн компаниас орон сууц аваагүй. Өөр компаниас байр авч байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн орон сууц минийх биш” гэсэн юм.

М.ЭРДЭНЭЦЭЦЭГ: НОМ ЖУРМЫНХАА ДАГУУ ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ АВСАН

-Худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэцэцэг

            Мөнхжаргалын Эрдэнэцэцэг 1997 онд төрсөн. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.

Тэрбээр “Ном журмынхаа дагуу орон сууцны дэмжлэг авсан. Би өөр ямар ч асуултанд хариулахгүй” гэлээ.

Б.БАТЧИМЭГ: БИ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ

-Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Б.Батчимэг

Батжаргалын Батчимэг 2001 онд төрсөн. Хоёр жилийн өмнө их сургуулиа төгссөн. Тэрбээр орон сууцны дэмжлэг авсан тухайгаа тайлбарлахаас татгалзаж, “Мэдээлэл өгөхгүй” гэв.

Ж.ХҮРЭЛТОГОО: УЛСАД 30 ЖИЛ АЖИЛЛААД, АНХ УДАА 30 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ АВЛАА

-Архивын хэлтсийн дарга Ж.Хүрэлтогоо

Жамъяаншаравын Хүрэлтогоо 1973 онд төрсөн. Баянзүрх дүүрэгт 24 дэх жилдээ ажиллаж байгаа. Одоогийн байдлаар тэрбээр Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Архивын хэлтсийн даргаар ажилладаг.

Орон сууцны дэмжлэг авсан тухай холбогдож тодруулахад “Би улсад 30 жил ажиллаж байна. Төрийн албанд 27 жил зүтгэлээ, үүнийх нь 24 жилд нь Баянзүрх дүүргийн ЗДТГ-т ажилласан байна. Анх удаагаа орон сууцны дэмжлэгийн 30 сая төгрөг авч үзлээ. Би өрх толгойлсон эмэгтэй байгаа юм. Өөрийнхөө хөлс хүчээр авсан орон сууцаа ганц хүүгээ тусдаа гарахад нь шилжүүлж өгсөн. Ийм учраас хөрөнгө орлогын мэдүүлэгт орон сууцтай гэж харагдаж байгаа байх. Хүү маань 2025 онд гэр бүл зохиож, тусдаа гарсан. 2023, 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр хүмүүс буруу ойлгож байх шиг байна” гэв.

Б.МЭНДБАЯР: ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ ӨГСӨН ТАЛААР ЯРИМААРГҮЙ БАЙНА

-Архивч-зааварлагч, арга зүйч Д.Мэндбаяр

Д.Мэндбаяр 1977 онд төрсөн. Тэрбээр “Би энэ талаар яримааргүй байна. Эмнэлэгт хэвтэж байгаа учраас мэдээлэл өгөхгүй. Өөрсдөө учраа олоорой” гэв.

Б.НАМУУНХЭРЛЭН: БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Хороо хариуцсан мэргэжилтэн Б.Намуунхэрлэн

            Б.Намуунхэрлэн 2000 онд төрсөн. Тэрбээр Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хороо хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.

            Тэрбээр орон сууцны урьдчилгаа авсан тухайгаа тайлбарлахаас татгалзаж, “Байгууллагаас мэдээлэл аваарай. Би мэдэхгүй” гэсэн юм.

Мөн үүнээс гадна,

Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Батдөлгөөн

Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан Б.Отгонжаргал

Тооцооны нягтлан бодогч Б.Аюуш

Хүнсний ногооны үйлдвэрлэл, малын тэжээл хангамж хариуцсан мэргэжилтэн Т.Энхжаргал

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ган-Очир нар орон сууцны урьдчилгаа болгож 30 сая төгрөг авчээ.

 

 


БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188