• Өнөөдөр 2026-03-24

ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА

2026-03-24,   1179

           Хөвсгөл далайд автомашинтайгаа живсэн хоёр хүнийг цогцсыг гаргажээ. Мөн тус нутгийн залуус нэгдэж, хоёр ч машиныг далайн гүнээс гаргасан байна. Бид автомашинаа далайд живүүлж, гаргасан Ханх сумын иргэн Т.Батсуурьтай ярилцлаа.

-Хөвсгөл далайгаас машинаа гаргаад авчээ. Та хэзээ машинаа живүүлсэн бэ?

        -Далайд машинаа живүүлээд сар гаруй болжээ. Хоёрдугаар сарын 13-нд Ханхаас Мөрөн руу давхиж явтал мөс цөмрөөд, осол болсон. Ханхын төвөөс 18 км-ийн зайд Долоон уул гэдэг газарт машинаа оруулчихсан юм. Тэр хавьд хар, цагаан хил байнга гардаг гэдгийг мэднэ. Гэхдээ тэр өдөр цасан шуургатай, үзэгдэх орчин бага байсан. Жолоочийн арын дугуй мөсөнд цөмөрч, машин явах аргагүй болохоор нь би машинаасаа буусан. Тэгээд ард, урд талаас ирж байсан машин, хүмүүстэй хамтарч, олсоор уяж, бэхэлсэн ч яаж ч чадалгүй живүүлчихсэн. Өөрөө амьд гарсан нь их юм гээд л явж байлаа.

        Хөвсгөл нуурт машинаа живүүлснээсээ хойш албаныхан, онцгой байдлын аврагчид хандаж, тусламж хүссэн. Өвлийн хүйтэн байсан учраас хараахан боломжтой хариу авч чадаагүй. Бас зардал, мөнгөний хувьд ч асар өндөр байсан. Машинаараа амьдралаа залгуулдаг би машинаасаа үнэтэй зардал гаргах боломжгүй шүү дээ. Тэгээд эцэст нь нутгийн залуучуудтай нэгдэж, өөрийнхөө болон өрөөлийн машиныг гаргаад ирлээ.

 

-Таны машинаас гадна өөр машин нуураас гаргасан юм билээ. Энэ тухай ярихгүй юу?

       -Маш харамсалтай зүйл болсон байсан. Хоёрдугаар сарын 18-нд буюу шинийн нэгэнд Ханхаас Ренчинлхүмбэ сум руу гэр бүлийн долоон хүн зорчиж явсан юм билээ. Ө гэх залуу гэр бүлийнхнээ аваад, нутаг руугаа золголт хийх гээд явж байсан гэсэн. Гэтэл хар хил гараад, машин нь нуурт живчихсэн. Азаар эхнэр, нөхөр хоёр гурван хүүхэдтэйгээ хамт амьд үлдсэн ч 80 настай аавыгаа, хоёрдугаар ангийнхаа хүүтэй хамт алдчихсан. Тэгээд аймаг, улсын онцгойгоос хүмүүс ирээд, шарилтай машиныг гаргах гэж үзсэн. Хэд хэдэн удаа хэмжилт хийж, шумбалт хийсэн ч болоогүй юм шиг байна лээ. Хүн эд хөрөнгөө нуурт живүүлчихээд байхад л ямар хэцүү билээ дээ. Хоёрын хоёр алдчихсан хүмүүс чинь нэг өдрийн өмнө ч гэсэн гаргаж авахыг бодно. Тэгээд ямартай ч олны буяанд гаргаж авч чадлаа. Тэр залуугийн машин 158 метрийн гүнд, хайрган дээр байсан юм билээ. Шарилуудын хувьд цохигдож, гэмтсэн зүйлгүй, урагшаа харсан сандлын урд түрүүгээ харсан байдалтай байсан. Өнөөдөр /өчигдөр/ ажил явдал нь болж, талийгаачдаа хөдөөлүүлсэн байх.

-Таны машин хэдэн метрийн гүнд байсан юм билээ. Ажиллагааг хэрхэн зохион байгуулсан тухай ярихгүй юу?   

       -Миний машин 176 метрийн гүнд байсан. Усны эрч, мөс зэргээсээ шалтгаалаад бид 180 метрийн гүнээс гаргаж авлаа гэж бодож байна. Онцгойнхны хэлсэн зардал мөнгийг дийлэхгүй учраас хувиараа судалж үзсэн. Тэгээд найздаа, хуурай дүүдээ хэлтэл гадаадад байгаа монголчуудаас өндөр даралттай усны камер сураглаж эхэлсэн. Эцэст нь бид хятадаас 200 метрийн гүнд тэсвэртэй камер захиалж авахаар болсон. Захиалсан камераа 10 гаруй хоног хүлээж, Ханх, Ренчинлхүмбэ сумын залуустай бэлтгэл ажил хангасан. Тэгээд л ажиллагааг эхлүүлсэн дээ.

-Эхлээд хоёр хүнтэй живсэн машиныг гаргасан юм уу?

       -Тэгсэн, гуравдугаар сарын 12-нд камер ирээд, 13-наас машинаа гаргах ажиллагааг эхлүүлсэн. Хоёр хүнтэй машиныг түрүүлж гаргахаар болж, бид гурав хоног үзлээ. Камерыг Отгонхүү гэдэг залуу удирдаж, Ханх, Ренчинлхүмбэ сумын 25, 26 залуу тус боллоо.

-Хоёр машин гаргаж авсан юм байна. Зардал мөнгөний тухайд?

        -Бид камер, тросс авсан. Надаас гурван сая гаруй төгрөг гарсан байх. Хүнээ алдчихсан залуугаас би 900 мянган төгрөг авсан. Нийтдээ дөрвөн сая төгрөгт л аврах ажиллагааг хийлээ. Гуравдугаар сарын 13-наас 20-ны 16:00 цаг хүртэл ажилласан. Энэ хугацаанд нутгийнхан тус болж, хоол унд зөөсөн. Дахиад нэг машин гаргахаар ярилцаж байгаа. Би машины эзэнд миний авсан камер, троссыг ашиглаж болно гэж хэлсэн. Хүний эд хөрөнгөнөөс гадна байгаль дэлхийгээ цэвэрлэж байгаа хэрэг шүү дээ. 13 жилийн өмнө живүүлсэн юм билээ. Онцгойгийнхон хэмжилт хийгээд 58 метрийн гүнд байна гэсэн юм билээ.

-Та бүхэн өмнө нь далайгаас машин гаргаж байсан юм уу?

        -Ренчинлхүмбэ сумын залуус өмнө нь ГАЗ-66 гэдэг машин татаж гаргаж байсан юм билээ. Тэдний өмнө хэрэглэж байсан дэгээ төмөр, тээрмийг ашигласан. Камераа ус руугаа оруулаад, машиныхаа байр байдлыг харсан учраас бушуухан л гаргахыг бодож байлаа. Эхлээд машин байгаа хэсгийн мөсийг цөмөлж, татаж гаргах тээрмээ байрлуулсан. Тэгээд тороосныхоо үзүүрт дэгээ төмөр байрлуулаад, машиныхаа зүгт явуулсан. Миний машин байсан далайн ёроол нь лаг шавар ихтэй, их гэрлээ давтал шаварт зоогдсон байсан. Азаар машиныхаа урд хэсэгт чирэгч олс хийсэн байсан учраас тэндээ дэгээ төмрөө хийгээд, татаж гаргалаа. Мэргэжлийн хүмүүс байхгүй учраас шумбах ямар ч боломж байгаагүй. Зөвхөн камераараа л хянаж байсан.

-Танд нэмж хэлэх юм байгаа юу?

         -Нутгийн залууст болон ажиллагаанд оролцсон бүх хүнд баярлалаа. Та бүгдийн үйлс дэлгэрч явах болтугай гэж ерөөе.

 


ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188