• Өнөөдөр 2026-03-27

Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа

2026-03-27,   141

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт ажиллаж байгаа уурхайн нүүрс тээвэрлэлтийн шинээр тавьж буй замын ажлын явцтай танилцаад ирлээ. Энэ үеэр Шинэжинст сумын малчин Х.Тогтохтой уулзаж, нутаг орны иргэдийн өмнө тулгамдаад байгаа нүүрс тээврийн авто замын тоосжилт, уурхай дагасан иргэдийн амьдралын талаар ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Шинэжинст сумын хэддүгээр багийн малчин бэ?

    -Би Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3-р багийн малчин Хоролын Тогтох гэдэг хүн байна.

-Танай сумынхан “Секэр ресорсус Монголиа” компанийн уурхайн

 тээвэрлэлт хийхийг эсэргүүцээд байна уу?

      -Манай суманд “Секэр ресорсус Монголиа” компани нүүрсний уурхай нээн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компани анх сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэх гэж байсныг нутгийн иргэд бид эсэргүүцэж тэмцсэн юм. Энэ шороон зам дээр хүний амь нас хүртэл үрэгдсэн. Бид говийн дархан цаазат нутгаар шороон замаар тээвэрлэлт хийх нь зохимжгүй гэдэг асуудлыг тавьсан. Шороон замаар тээвэр хийх нь говийн байгаль экологи, ан амьтан, ургамал, малын бэлчээрийг үгүй хийх аюулыг бий болгоно. Тийм болохоор бид “Секэр ресорсус Монголиа” компанид мэдэгдэл хүргүүлсэн.

     Үүний үр дүнд одоо хатуу хучилттай зам тавихаар болоод байгаа юм. Гэтэл өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард шороон замаар тээвэрлэлт хийх гэж удаа дараа оролдсон. Түүнийг нь нутгийн иргэд эсэргүүцэж, таслан зогсоосон. Түүнээс хойш нутгийн иргэд болон “Секэр ресорсус Монголиа” компанийн хооронд олон удаагийн уулзалт, хурал, цуглаан хийгээд байгаа. Одоогоор 2026 оны гуравдугаар сараас хойш ямар нэгэн тээвэрлэлт хийгээгүй байдалтай байна.

-Танай Шинэжинст сумын иргэд хатуу хучилттай замын ажлыг бол эсэргүүцээгүй юм уу?

    -Тийм ээ, Шинэжинст сумын иргэд, “Секэр ресорсус Монголиа” компанийг хатуу хучилттай замаа чанартай тавиад, улсын комисс, мэргэжлийн байгууллагад нь хүлээлгэн өгсний дараа нүүрс тээвэрлэлтээ явуулж болно гэсэн шаардлага тавьж байгаа. Шинэжинст сумаас Шивээхүрэн боомт хүртэл 295 км зам тавигдах юм билээ. Энэ замын чанарт жаахан эргэлзээд байгаа, замын гүйцэтгэлийн ажлыг зэвсэгт хүчний 110-р анги хийж байгаа. “PI MGL LLC, Sain Consulting LLC” хяналт тавих ёстой юм билээ. Зарим газрын замын суурийн хар хөрсийг хуулахгүйгээр шууд далангийн шороог тавьж байна гээд зарим нэг хүн яриад байна лээ. Малчин бид замын стандартыг нь ямар мэдэх биш.  Чанартай удаан эдэлгээтэй зам тавьчихвал аль, аль талдаа хэрэгтэй л баймаар юм.

-“Секэр ресорсус Монголиа” компани яагаад шороон замаар тээвэрлэлт явуулах гэж зүтгээд байсан юм бол?

     -“Секэр ресорсус Монголиа” компани хатуу хучилттай зам тавих хөрөнгө, мөнгө байхгүй байна. Бид шороон замаар нүүрс зөөгөөд олсон мөнгөөрөө хатуу хучилттай зам тавина гэж зүтгэсэн.  Хуурай шороон замаар нүүрс тээвэрлэх юм бол тоосжилт дэгдэж, малын бэлчээрийн ургамлыг үгүй хийнэ. Үүнээс нь болоод говийн булаг, шанд ширгэж,  эзэмзэг эко систэм бүрэн алдагдана. Энэ бүхэн малчдыг амьдрах орчин, нөхцөлгүй болгох аюул учруулна гээд манай сумынхан зөвшөөрөөгүй.

     Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээсэн. Гурвантэс сумынхан уул, уурхайгаас болж малын бэлчээр, ус, ургамалгүй болж үргэлжилсэн ган гачигт нэрвэгдээд байгаа. Бид тэдний алдаанаас сургамж авч, аюул эрсдэлийг нь багасгахыг хичээж байна. Уг нь Шинэжинст суманд уурхай ухуулах сонирхол алга. Нэгэнт гаргасан УИХ, төр засгийн шийдвэрийг нь бид цугцлуулж чадахгүй юм байна лээ. Энэ сайхан эх орноо, энэ сайхан байгаль, дэлхий, ховор ан амьтан, говийн дархан цаазат газрын эмзэг эко систем, хүн ардыгаа хайрлах сэтгэл манай дарга нарт огт байдаггүй юм байна гэдгийг харлаа.

-Монгол Улсын Засгийн газраас шороон замаар тээвэрлэлт хийхийг нь зөвшөөрсөн байсан юм уу?

    -Тийм юм шиг л юм шиг санагдаад байгаа . Монгол Улсыг,  малчин, биднээс дор ухаантай хүмүүс удирддаж баймааргүй л юм даа.  Засгийн газар, аймаг, сумын дарга нар уламжлалт нүүдлийн  бэлчээрийн  мал аж ахуй гэдэг зүйлийг устгах төрийн бодлого явуулаад байна уу гэх хардлага төрөөд байна. Суурин фермерийн мал аж ахуй ашигтай, байгаль орчинд ээлтэй гээд сурталчиллаад байгаа. Суурин мал ахуйд дулаан байр сав, өвс, тэжээл, ажиллах хүн, хүч, машин, техник гээд олон асуудал урган гарна. Зардал чирэгдэл ихтэй. Фермерийн мал  аж, ахуй эрс тэс байгаль цаг уурт дасан зохицсон монгол малын удмын санг устаж үгүй хийх аюултай. Хот суурин газар л тэр гадаадын өндөр ашиг шим өгдөг мал нь зохимжтой байх.

    Өмнөговь аймгийн Гурвантэс суманд олон жилийн өмнөөс олон уурхай нээгдсэн. Одоо тэнд малгүй, малчингүй, ус, бэлчэргүй болж хувирсан. Гурвантэс сумын малгүй болсон иргэд манай Шинэжинст суманд ирээд малтай болсон. Тэдгээр малтай болсон айлуудыг дахин малгүй болгох төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа юм шиг санагдах юм. Баянхонгор аймгийн малчид үүнээс сургамж авахыг хичээж байна. Одоо шороон замаар нүүрс тээвэрлэх юм бол бид Гурвантэсийн алдааг давтах болно.

    Хатуу хучилттай замаа тавиад эрүүл, аюулгүй орчинд тээвэрлэлтээ хийвэл, аль аль талдаа ашиг тустай байх болов уу. Малчид амьдрах орчингүй болчихгүйн тулд улс, аймаг, сумын шат, шатны удирдах хүмүүст үзэл, бодлоо чадлынхаа хэрээр хүргэхийг хичээж байна.

-“Секэр ресорсус Монголиа” компанийн уурхайн зам дагуу  олон малчин өрх байгаа юу?

   -Нарийн тоог нь мэдэхгүй байна. Манай сумын урд зоо нурууг дагаад малтай 80 гаруй өрх бий. Мөн Өмнөговийн Гурвантэс сумын малчид бий. Тэдгээр айлуудын малын бэлчээр дундуур “Секэр ресорсус Монголиа” компанийн уурхайн зам дайрч өнгөрөх юм. Уурхайн тээвэрлэлтийн зам малтай айлуудын зуслангийн бүсээр дайрч өнгөрч байгаа.  “Секэр ресорсус Монголиа” компани уурхай  Шинэжинст сумын хажууд бүх багийн малчдын зуслангийн бүс нутагт байна. Одоо малчид хаана зусах нь эргэлзээтэй болсон. Уурхайн үйл ажиллагаа малчдын амьдралд их хүндээр тусаж байгаа шүү. Монгол Улс гадаадын улс орны зөвлөгөөг дагаад нүүдлийн мал аж ахуйгаа, малчин биднийг хумих бодлого явуулаад байх шиг санагдах юм.

-Танай нутаг өвс ургамал багатай харагдах юм. Говийн бүс болохоор ийм байна уу?

    -Тийм ээ, хангай газрын өвс, ургамалтай говийг яаж зүйрлэх вэ. Өвс, ургамал бага  ч гэсэн говийн ургамал шим тэжээл сайтай шүү. Манай Шинэжинст сум элсэрхэг хөрстэй, ургамал их тачирхан, таруу сийрэг ургадаг. Говийн эмзэг хөрсөнд ургадаг ургамал ургахаа байвал хэдэн жил ч ган гачиг нүүрлэхийг хэлж мэдэхгүй.  

 

 


 

 


Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188