• Өнөөдөр 2026-03-26

“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА

2026-03-26,   147

      Шударга үнэний туйл, шүгэл үлээгч, шилэн гэх мэт ахадсан олон хоч зүүсэн “атаман”-тай болжээ, Ардын нам. Хүссэн хүнээ худалч, хулгайчаар нь цоллож, эгээ л энийг хорь, тэрийг шалга гэж хууль хяналтынханд тушаах нь холгүй байна. Атал тэр хүний өөрийнх нь хулгайг Ардын намынхны хэн нь ч ярьдаггүй ээ. “Ухлаа, уудаллаа” гэсэн улс төрийн “шантааж”-аас нь ухаангүй айцгаадаг бололтой юм. Тэр бол “Шилэн” хочит Б.Цогтгэрэл. 
 
Тэгвэл “Шударга”-ын дүртэй “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК руу ханарч гүйгээд, “УТБЗ” ХНН-т ужгирч шигдээд байдгийг намынхан нь байтугай, нийгмээрээ мэднэ. Сааль сайтай, сувайрдаггүй “үнээ”-нүүд гэдгийг нь мань хашир сайн мэдэх учир хувин барьж гүйгээд байдаг хэрэг л дээ. Тодруулбал, “Шилэн” хочит Б.Цогтгэрэл үеэл дүүгээрээ дамжуулан “Цемент шохой” ТӨХК-иас 5000 тонн цемент “хулгайлж”, Дарханд 12 давхар орон сууц барьж буй ажээ. 
 
        Товчхон түүх сөхвөл, “Шилэн” хочит Б.Цогтгэрэл 2020 оны хавар МАН-ын захиалгаар “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн мэдэлд байсан “Цемент шохой” ХХК-ийг төрд буцааж авах акцыг эхлүүлсэн хүмүүсийн нэг. Ард түмэндээ авч өгье гэж биш, алсдаа өөрт нь ашигтай гэж харсан учраас л тэр. Хоёр жилийн дараа, 2022 оны хавар Засгийн газар “Цемент шохой” ХХК-ийг төрийн мэдэлд авахаар шийдвэрлэж, “Цемент шохой” ТӨХК болгосон. Чухам энэ шийдвэрийг “Шилэн” хочит Б.Цогтгэрэл дан ганц өөрийнх нь гавьяа мэтээр өмчилж, өөрийнхөө хүмүүсийг “Цемент шохой” ТӨХК-д томилуулахаар улайрч, урваганаж эхэлсэн түүхтэй. 
 
Ингээд “Цемент шохой” ТӨХК-ийн анхны гүйцэтгэх захирлаар “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн хаяал “Оймс” хочит Л.Наранбаатарыг томилсон. Улмаар Б.Цогтгэрэл хаяал Л.Наранбаатараар дамжуулан өөрийн гар, хөлүүдийг “Цемент шохой” ТӨХК-д хальж асгартал нь чихсэн. Хэтэрхий олон шахааны хүмүүсийг нь “Цемент шохой” ТӨХК-д шингээж чадахаа больсон Л.Наранбаатар эцэстээ Б.Цогтгэрэлтэйгээ муудалцсан байдаг. 
 
        Дараа нь, 2024 оны хоёрдугаар сард “Шилэн” хочит Б.Цогтгэрэл өөрийн хайртай үеэл дүү Дамдинсүрэнгийн Баттүвшинг “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулсан. Тодруулбал, “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн нагац эгч Л.Оюундарийн бага хүү нь “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттүвшин юм.
 
Хамгийн ноцтой нь, 2025 оны хавраас эхлэн “Шилэн” хочит Б.Цогтгэрэл хайртай үеэл дүү, “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшингээр дамжуулан, өөрийн төрсөн дүү Б.Цогтсайханы найз М.Жаргалан-Энхийн “Би Ти Би констракшн” ХХК руу их хэмжээний цемент нийлүүлж эхэлсэн. Ингэхдээ “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин нь “Шилэн” хочит Б.Цогтгэрэлийн “даалгавар”-аар М.Жаргалан-Энхийн “Би Ти Би констракшн” ХХК-д нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн 5000 тонн цемент өгөхөөр тохиролцсон баримт бий. 
 
        Ингэж “Цемент шохой” ТӨХК-иас “үнэгүй” цементний урсгалтай болж авсан “Шилэн” хочит Б.Цогтгэрэл 2025 оны зургадугаар сараас эхлэн өнөөх “Би Ти Би констракшн” ХХК-иар Дархан-Уул аймгийн 10-р баг, 12-р хороолол, олны мэдэхээр “Дархан” зочид буудлын оролцоо 12 давхар, 110 айлын “BN apartment” гэх орон сууцны цогцолборыг барьж эхэлсэн. Барилга угсралтын ажлыг нь М.Жаргалан-Энх хариуцаж, харин сурталчилгаа, борлуулалтыг “Шилэн” хочит Б.Цогтгэрэл, түүний төрсөн дүү Б.Цогтсайхан нар хариуцаж буй ажээ. Жишээ нь, өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн “Шилэн” хочит Б.Цогтгэрэл өөрийн олон дагагчтай албан ёсны цахим хаягаар олон удаагийн давтамжтайгаар “BN apartment”-ийн сурталчилгааг түгээж эхэлсэн. Мөн “BN apartment”-ийг сурталчилж, захиалга авдаг Tsog BN гэх хаяг ч бий. 
 
 Өдгөө “BN apartment”-ийн барилга угсралтын ажил 60 хувьтай, 6-р давхрынх нь цутгалт хийгдээд байгаа боловч урьдчилсан захиалгаар зарж борлуулах ажлаа маш эрчимтэй явуулж буй. Зээлээр, бэлэн мөнгөөр, бүр болохгүй бол автомашин, хашаа байшин, газраа барьцаалаад энэ байрыг ав гэж сурталчилж байгаа. “Хулгай”-н цементээ хурдхан мөнгө болгож аваад, хэргээс мултрах гэсэн санаа нэвт ханхалж байгаа биз. 

“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188