• Өнөөдөр 2026-03-25

ТЭР ЖААХАН ОХИН Л...

2026-03-25,   60

          Нэг гартаа шувууны зураг бариад, нөгөө гар дээрээ болжмор суулгачихаад, ярилцаж буй энэ жаахан охин эмэгтэй хүн бүрийн дотор байдаг дүр байх аа. Тэр орчин ахуй, нисэлдэх шувууд ч бидний дотор бий шүү дээ. Үүнийг уншиж буй эмэгтэй таны доторх жаахан охин чинь ямар ид шидтэй, авьяас чадвартай, юунд дуртай вэ.

Миний дотор лав эмзэг, гомдомтгой атлаа мөрөөдөж ханадаггүй, хорвоог, хүмүүсийг гэгээн гэж итгэдэг, юм бүхэнд сониучхан зангаар ханддаг эелдэг охин байдаг юм.

       Хааяа би түүнд “Ийм сул дорой, гэнэн тэнэг байх даа яах вэ дээ” гэж уурлан ундууцаж, “Одоо жаахан том болоод өг, ухаантай бай” гэж хэлээд гомдоож орхидог юм. Гэвч тэр төд удалгүй л уйлж, дуулж, инээж, хөөрч, баярлан, гомдож, дураар аашилж, бодлогогүй ярьж, бодохгүйгээр ямар нэгэн үйлдэл хийж байдаг юм. Тэгээд байхаар нь нэг удаа би түүнийг бүр өөр дотроосоо байхгүй болгохоор шийдээд, “Том хүн чинь том хүн шиг л байх ёстой” гэж өөрөө өөртөө дүрэмдлээ. Тэр дүрэмд уйлахгүй, дуулахгүй, инээж баярлахгүй, хэнд ч гомдож тунихгүй, хэнэггүйтэж дураар аашлахгүй, бодож ярьна, үйлдэнэ, хариуцлагатай байна гээд л жагсааж гарав аа. Бодоод үздээ, хариуцлагатай байж болох ч инээж, уйлахгүй, гомдож, тунихгүй байна гээд. Ийм зүйл бичиж суугаагаараа, тэгээд мөрдөнө гэж итгэснээрээ би гэнэн “тэнэг” байхаас гадна хүнтөрөлхтөнд байдаг мэдрэмж гэх зүйлийг өөрийн дотроос үгүй хийнэ гэж бодож зүрхэлсэн байгаа юм.

       Тэгэхээр энэ бүхэн дотор минь байдаг хиргүй тунгалаг жаахан охиноос биш харин том байх гэж зүтгэсэн, том хүн л бүгдийг тэвчдэг, хүлцдэг, мөрөөдөхөө больдог гэж бодсон мунхаглалаас минь үүдэлтэй байгаа биз. Одоо би намайг үргэлж бүтээж, хөглөж, мөрөөдүүлж, гомдсон ч уучлуулж байдаг, гунисан ч эргээд сэргэхэд сургасан тэр жаахан охинд урьд урьдныхаасаа илүү талархаж, хүссэн бүхнийг нь биелүүлэхээр тэмүүлэх болсон. Дотор минь байдаг тэр охиныг л алдах юм бол, уйлж, дуулж, уйтгарлан гуниглаж, басхүү ганцаардаж, шүлэг уншъя, юм бичих гэж оролдоё гэж тэр л охин намайг шавдуулж, хөтөлж, дагуулахгүй л юм бол би гэгч би биш болно гэдгээ ойлгосон юм.

Тэгээд болоогүй тунгалаг тэнгэр, дулаахан өглөө, зөөлөн бороо, цэнхэр бүрийд тэр л намайг дурлуулж, зохиолын гүнд, театрт, намрын ойд аваачиж, тэмдэглэлийн дэвтэр, ном өрсөн ширээнд минь суулгадаг юм.

   Тийм ээ, миний дотор байгаа тэр жаахан охин яг л энэ зураг дээрх шиг. Ялгаа нь гэвэл тэр түүн шиг өнгийн бошинз өмсөж, цэцэгтэй гоёл л зүүгээгүй харагдана. Тэр жаахан охин л...


ТЭР ЖААХАН ОХИН Л...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188