• Өнөөдөр 2026-03-30

“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД

     Эргэлт.мн мэдээллийн сайтын анхдагч сэтгүүлчдийн нэг, “Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, яруу найрагч Г.Ган-Эрдэнийн “Цуудар” шүлгийн номыг уншигч танд хүргэж байна. Тэрбээр энэхүү номоо Эргэлтийнхээ зургаан жилийн ойд зориулан бүтээжээ.

             Номын эхний хуудсыг эргүүлэхэд,

-Амьдрал уу?

-Аан тийм, аль тэртээ жилүүдэд “Ардын эрх”-ийн хуучин байрны гурван давхарт аз жаргалтайгаар амьдарч билээ...

-Тэгээд үү?

-Түүнээс хойш амьд яваагаас амьдарсан удаагүй...гэх дулаан атлаа дурсамж, ухаарал тээсэн үгс, мөн зураач, яруу найрагч М.Амархүүгийн эл номын эзэн шүлэгчийн тухай болон мөртүүдэд нь зориулан бичсэн босго тотго үгс угтана.

      Эл эрхэм Г.Ган-Эрдэнэ шүлэгчийн тухай “...Хараацай өвс шүргэн нисэлдэх төдийд цацран үсчих шүүдрүүд нь үсгэнд хувилан, шүлгэнд хувирч байдаг говь тал нутгийн хүмүүн энэ шүлэгч залуу нэгэн цагт цэргийн алба хааж, “Бага болор цом” хэмээгдэх “Эх орны цэрэг” яруу найргийн наадамд магнайлж “Соёмбот цом” өргөж явсан нь саяхан мэт санагдана. Эл наадамд нэр хүнд бүхий найрагчид түрүүлж байснаас жагсаалын цэрэг холоос зорин ирж, “Тод магнай торгон жолоо” өргүүлнэ гэж тухайн үед хэн санах билээ. Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай цэргийн хүү түрүүлсэнд ихэд бэлгэшээн бэлгэ дэмбэрэлт ерөөлийн үгсийг түүнд зориулан сэтгэл харамгүй айлдаж байлаа...” хэмээн бичжээ.

 Тэгээд мөн төгсгөлд нь “Их найргийн уяан дээр эргэцэн буй жигүүрт хүлэгтэйгээ утга уянгын чанад алс руу дүүлэн давхи даа, дүү минь...” хэмээн урам хайрлаж, онгод хөгт нь ташуур нэмсэн байна. Ингээд түүний эл номоос онцлох шүлэгт уншигч таныг хандуулъя.

                           ***

Өөрөөсөө том тэрэг түрсэн жаалууд

Өвөлжин ус зөөдөг цагаан худаг бол

Харцанд нь өртөхөөр түүнийгээ хүлээдэг

Хайрын гэгээн сүм байсан...

 

                          ***

Мөс чанарын хэлтэрхий бүхнээ бусдын төлөө бариад

Мөдхөн түүгээр өөрийнхөө сэтгэлийг сийчүүлдэг

Мөн ч азгүй хүнээ дээ би

Үнэтэй сүрчигтээ дарагдаж үлдэлгүй

Үнэртэж л байгаасай хүн чанар минь...

 

                   ***

Тариурын зүү судас өвтгөх шиг

Танил мэдрэмжийг дурлал гэнэ

Харсаар байтал танайх нүүчихсэн

Хачин тэр өдрийг хагацал гэнэ...

                    ***

...Чи намайг над шиг танихад

    Би чамайг чам шиг санахгүй байхаас

     Хачин их айдаг даа...

                      ***

Давчуу өрөөндөө багтаж ядан ганцаардана

Дахиад л аадар бороо цутгаж байна

Данхтай цай бүлээцүүлж эрлийн хүнд аягалах сан

Даагдахгүй болтол нь гуталдаа  шалбааг дүүргэж гүйх сэн

Совинт зүүдээ манах зуурт адуу үүрсэхийг чагнах сан

Солонго хаана татахыг борооноос урьтаж таах сан

Сонин юм шүү энгийн бүхнийг санана гэдэг

Сонсож өссөн үлгэрээс эмээ минь амилаад ирээсэй...

 

                  ***

                     НУТГАА САНАХУЙ

Өвгөн уулсынх нь оргилд мацаж

Өеөдсөн сарыг түшиж амраамаар

Тарнийн хөг шиг зэрэглээт говьдоо

Таанын толгой бөхөлзөн байгаа

 

Хуучин салхиных нь эхэнд исгэрч

Хурын үүлсийг аргадан дуудмаар

Маанийн хөг шиг униарт говьдоо

Манхан элс нь алтран байгаа

 

Өлмийд тунарсан тэнгэрийн эхлэл шиг

Өнжмөл нуурнаа аялан дуулмаар

Бурхдын мэлмий шиг тунамал говьдоо

Буурал заг нь шугуйран байгаа

 

Туруу нимгэн дааганы үүрсээнд

Турлиах үргэсэн эмнэг талдаа

Харих нарны уялбар туяанд

Харганын шилбэ гялалзан байгаа

                                                   2024 он

                                   ***

“ӨНЧИН БОТГОНЫ ХЭЛСЭН ҮГ” –НЭЭС:

...Хөхсөн ботгонууд ангас ангас

   Хөөс сахрааж тонгос тонгос

   Ээжийтэй ботгонууд намс намс

   Ээжийгүй би чинь бөхөс бөхөс

   Цадсан ботгонууд тонгос тонгос

   Цаанатайг ширтэж ангас ангас

   Ээжийтэй ботгонууд намс намс

   Ээжийгүй би чинь навтас навтас

   Дээсэн дээсэн ногтыг ээ

   Хазаад ч болов таслах нь ээ

   Дэргэд үгүй ээжийгээ

  Хаанаа ч гэж жонжих вэ

  Газар чагталсан гадсыг ээ

 Булгалаад ч болов сугалах нь ээ

 Ганцаар өнчин би чинь

 Буйлан хааш тэших вэ...

                                        Сайншанд хот 2025 он.

                         ***

Бүүвэй, бүүвэй зөөлөн дөө

Бүрдэнийн элс шиг ижийгээ

Хормоор хормоор нурсаар л

Холдоно гэж боддоггүй дээ...


“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188