• Өнөөдөр 2026-03-31

У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН

2026-03-31,   44

Үзэгчдийн долоо хоног бүр шинэ ангийг нь хүлээж, шимтэн үзэж байгаа “Эрсдэлтэй төрөх тасаг” олон ангит киноны ганц эсрэг дүр гэгдэж буй мэдлэгтэй ч бардам, ширүүн ааштай дадлагын эмч Саруулын дүрд тоглосон залуу жүжигчин У.Намуунтуяатай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Эрсдэлтэй төрөх тасаг” олон ангит кино үзэгчдийн хүртээл болсоор байна. Уран бүтээлчийн хувьд сэтгэл дүүрэн өдрүүд өнгөрч байна уу?

                -Эрсдэлтэй төрөх тасаг кинонд тоглох болсондоо баяртай байсан. Анх киноныхоо ганц эсрэг дүр гэдгийг сонсоод жаахан байсан. өмнө нь төдийлөн олон уран бүтээлд тоглоогүй хэрнээ ийм эсрэг дүрээр гарч ирвэл яах билээ гэсэн бодол төрсөн. Хүмүүс Саруулын дүрийг их үзэн ядаж байгаа юм билээ.

-Хэдийгээр эмээсэн ч дүр дээрээ ажиллах болсон шалтгаан нь юу байв?

                -Саруулын дүрд тоглохдоо хэчнээн айж байсан хойшоо суух эрх байхгүй. Би хоёр хүүхэдтэй, сургуулиа төгсөөд, хүүхдүүдээ гараасаа гарахыг нь хүлээгээд уран бүтээлүүддээ сайн анхаарч чадаагүй. Одоо л яг мэргэжлээрээ идэвхтэй ажиллаж эхлэх гэж байгаа уран бүтээлч. Магадгүй цаашид Саруултай адилхан эсрэг дүрийн санал ирэх байх. Гэхдээ би эерэг дүрд ч өөрийгөө харуулж, сорьж үзмээр санагддаг.

-“Эрсдэлтэй төрөх тасаг” киноны Саруул эго өндөртэй, сурсан мэдсэн зүйл ихтэй, ширүүн ааштай дадлагын эмчийн дүр шүү дээ. Зан ааш нь танаас хэр өөр байсан бэ?

                -Саруул надаас тэс өөр хүн шүү. Хэдий ааш зан нь болдоггүй ч эмчийн хувьд мэдлэгтэй чадвартай охин шүү дээ. Тиймээс зураг авалтын үед гарсан дадлагадаа их анхаарал хандуулж олон зүйл сурахыг хичээсэн.  Кино багынхан бүгдээрээ Амгалан амаржих эмнэлэгт дадлагад гарч бодит төрөлтүүдийг харсан. Мөн зөвлөх эмч нарынхаа үгийг сайн сонсож, ажиллахыг хичээсэн.

ЭХ ҮР ХОЁРЫГ ЭСЭН МЭНД УУЛЗУУЛДАГ ЭМЧ НАРААРАА ХАМГИЙН ИХ БАХАРХСАН

-Хоёр хүүхэдтэй гэсэн шүү дээ. Өөрийг тань эх барьж байсан эмч нарын дүрд тоглох ямар байв. Бусад аав, ээж болж амжаагүй жүжигчдийн хажууд арай туршлагатай байсан байхдаа?

                -Хоёрдох хүүхэд дээрээ л эмч нараа сайн сонсож, зааврыг нь дагах ёстойгоо илүү сайн ойлгосон. Эмч нартайгаа ойлголцох л хамгийн зөв юм билээ. Дадлагын үеэр төрөх тасагт ороод төрж байгаа ээжүүдийг хараад хамт дүлээд байсан. Төрөх гээд өвдөж байгаа ээжүүдийг ойлгож, “Яг л ингэж өвдөж байгаадаа” гэж бодогдсон. Хүүхэд төрж байгааг харах болгонд дагаж уйлчих гээд байсан.

-Эмчийн дүрд тоглоод, эмч мэргэжлийн үнэ цэн, сайхан зүйлийг нь мэдэрсэн  үү?

                -Үнэхээр буянтай ажил юм байна гэдгийг дахин дахин ойлгосон. Тэр дундаа эх барих эмч нар эх үр хоёрыг эсэн мэнд уулзуулахын төлөө ямар их зүйл хийдгийг нь мэдэрч, бахархсан. Ийм хариуцлагатай ажил учраас л хүмүүс тэгж олон жил сурдаг юм байна гэдгийг мэдэрсэн.

-Кинон дээр гарсан зарим төрөлт бодит амьдралаас сэдэвлэгдсэн гэсэн. Тэр тохиолдлуудаас хамгийн эмзэглүүлсэн нь юу байсан бэ?

                -Дауны синдромтой төрсөн хүүхдээ авахгүй гээд голж байгаа анги хамгийн хүнд туссан. Би өөрөө эх хүн болохоор тэгж санагдсан юм болов уу. Бидэнд үр хүүхэд болоод ирж байгаа хүүхдийг авахаас татгалзаж байгаа нь хэцүү санагдсан л даа. Эрсдэлтэй төрөх тасгийн талаар гарч байгаа учраас зарим төрөлт хүмүүст хүндээр тусаж байгаа юм билээ. Гэхдээ 20 гаруй төрөлт нь бодит үйл явдлаас сэдэвлэгдсэн, хүмүүст сэрэмжлүүлэг болох үүднээс хүмүүст харуулж байгаа хэрэг.

-Уран бүтээлчид нь Саруулын дүрээр хүмүүст юу харуулж, ойлгуулахыг хүссэн бол?

                -Киноны хувьд хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна амьдадаа бие биеэ хайрлаарай гэж хэлэхийг хүссэн юм шиг санагдсан. Өнөөдөр юу ч болсон маргааш юу болохыг бид мэдэхгүй шүү дээ. Тэр бүрийг хүмүүсийн дэмжлэг, сайхан сэтгэлээр даваад гараарай гэж хэлэх гэсэн санаа байх. Саруул бол эмч хүний хувьд байж боломжгүй дүр. Мэдлэг чадвартай, зоригтой эмэгтэй ч хүний ёс, хүн чанар гэж байдаггүй. Өвчтөнийг зүгээр л өвчтэй хүн гэж хардаг, түүнийг өрөвдөж хайрлахыг мэддэггүй. Саруулын дүрээр ийм хүн, ийм ёс зүйгүй эмч байж болохгүй шүү гэдгийг л харуулахыг зорьсон байх.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

                -Наймдугаар ангиасаа өөрийгөө нээж, чөлөөтэй болж эхэлсэн юм. Тэр үеэс жүжигчин болж болох юм байна гэсэн бодол төрсөн. Төрсөн ах минь СУИС-ийг жүжигчнээр төгссөн хүн байдаг юм. Ах ирээд СУИС-ийн оюутнуудын хийдэг гайхалтай ажлууд, ордог хичээлүүд, анги хамт олон, багш нарынх нь дулаан уур амьсгалын талаар дандаа ярьдаг байсан юм. Тэндээс нь энэ мэргэжлийн сайхныг мэдэрч, жүжигчин болохоор шийдсэн.

-Ахынхаа талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?

                -Ахыг маань У.Эрдэнэбаяр гэдэг, 2013 онд СУИС-ийг төгссөн. Төгсөхөөсөө өмнө сургуульдаа тайзны хөдөлгөөний багшаар ажилладаг байсан. Одоо Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын ерөнхий найруулагчаар ажилладаг. Мөн Орфей театрын тайзны хөдөлгөөний найруулагч, жүжигчнээр ажиллаж байгаа. Ахаараа үнэхээр их бахархдаг даа.

-Та анхны уран бүтээл, дүрийнхээ талаар ярихгүй юу?

                -Оюутан байхдаа “Love story” кинонд анх тоглож байсан. Дараа нь “Орлон тоглогч” олон ангит киноны Хорлоогийн дүрд, “Тусгал”, “Траума” кинонд мөрдөгч эмэгтэйн дүрд ажилласан.

-Эдгээр дүрүүдээс ажиллахад хамгийн сонирхолтой байсан дүр нь аль нь вэ?

                -Саруулын дүр эхлээд эмч болж, хувцсыг нь өмсөж, хэсэгхэн ч гэсэн бахархмаар мэргэжлээр ажиллаж үзсэн. Дараа нь дүрээ сайн гаргах тал их ажилласан.

-Танд ажиллахыг хүсдэг дүр бий юү?

                -Одоогоор хоёр кинонд ажиллах санал ирсэн байгаа. Миний хувьд түүхэн уран бүтээлд тоглож үзэхийг хүсдэг. Эерэг дүрд тоглохыг хүсэж байна, хүмүүст ганцхан эсрэг дүрд тоглодог уран бүтээл гэж үлдмээргүй байна.

-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?

                -Хүний хандлага үнэхээр чухал, миний баримталдаг зарим л даа. Хүнтэй найрсаг, хүн шиг харьцах хэрэгтэй. Уран бүтээлүүдэд ажиллахдаа жүжигчин, арын алба гэж ялгалгүй, хүн гэдгээр нь харж, харьцахыг хичээдэг. Хэсэгхэн таагүй зүйл тохиолдчихсон, бухимдсан нэгэнд хатуурхалгүй, харин ч зөөлөн байхыг, ойлгохыг хичээдэг. Зав хүмүүжилтэй, хандлагатай уран бүтээлч байхыг л хичээнэ.

 


У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188