• Өнөөдөр 2026-04-01

Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ

2026-04-01,   78

         Өсвөр насны хоёр хүү “Нарантуул” зах дээр ажиллаж байх үедээ санамсаргүйгээр таарч нөхөрлөж эхэлсэн гэдэг. Хожим СУИС гэх их айлд хамт суралцаж, салбартаа хамтдаа ажиллаж “ANBU” продакшныг үүсгэн байгуулсан. Өнөөдөр тэд дөрөв дэх бие даасан уран бүтээл болох “Манай байр Америк” киногоо үзэгчдэдээ хүргэж буй.   

 Харин бид энэ удаад жүжигчин Б.Буянтогтохыг урьж, уран бүтээлийнх нь талаар яриа дэлгэлээ.

ЗАЛУУ НАСНЫХАА ХАМГИЙН САЙХАН ТҮҮХИЙГ АНХААТАЙГАА БҮТЭЭЖ ЯВААДАА БАЯРЛАДАГ

 

-Шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэж буй сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн уран бүтээл юугаараа онцлог болов?

              -Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигч, үзэгч та бүхэнд “Инээдмийн баяр”-ын мэндийг дэвшүүлье. Инээд гэдэг хүний амьдралын хамгийн сайхан зүйлсийн нэг байдаг, та бүхэн минь үргэлж инээмсэглэж яваарай. “ANBU” энэ сайхан өдөр киногоо үзэгчдэдээ хүргэж байгаадаа баяртай байна. Нийгмийн бухимдлаас түр амсхийж, сэтгэлийн жаргал эдлээсэй гэж “МАНАЙ БАЙР АМЕРИК” киногоо бүтээлээ. Өдөржин завгүй явж ирээд манай киног гэр бүлээрээ үзээд инээж байгаагаар төсөөлж зохиолоо бичсэн.  

      Уран бүтээл заавал нийгмийн болохгүй байгаа бүхнийг хөндөх албагүй шүү дээ. Анхаа бид хоёрын асуудал хөндсөн уран бүтээл хийх нас ч болоогүй гэж боддог. Амьдралыг илүүтэй таньж мэдсэн хойноо хийх байх. Одоо бол бид хүүхэд насны гэнэн томоогүй нандин дурсамжуудыг нь эргэн сануулсан уран бүтээл хийхийг ч зорьж ажиллаж байгаа. Гэхдээ дандаа л инээдмийн кино хийгээд байхгүй. Бидэнд урт холын төлөвлөгөө, алсын хараа, зорилго бий.

-Уран бүтээлийн зай ойр байх тусам чанар чансаа муу байдаг гэх яриа бий. Энэ тал дээр та ямархуу бодолтой байдаг вэ?

              - Зарим хүмүүс “ANBU” продакшн ямар хурдан кино гаргаад байна аа гэж хэлж л байсан. Гэхдээ бид төлөвлөгөөнийхөө дагуу л явж байгаа. “Заа, Ийм санаа байна. Маргаашаас хийе” гээд л гарчихдаг зүйл байхгүй. Аливаа уран бүтээлийг хийхэд бэлтгэл ажил тэр тусмаа ширээний уншлага хамгийн чухал байдаг. Манай продакшны хувьд энэ жил гаргах уран бүтээлийнхээ төлөвлөгөө 2025 онд гаргасан. Төлөвлөгөө хэр эрт гарч, төдий чинээ бэлтгэлээ базааж чадна зураг авалтын үед хүндрэл гардаггүй.  Энэ удаагийн бүтээл дээр дөрвөн сарын хугацаанд бэлтгэл ажлаа хийж, сарын хугацаанд кино зурагт авалтаа хийсэн.

-Хувийн продакшн байгуулаад явахад хүндрэлтэй зүйлтэй нүүр тулах үе бий байх?

              -Тийм шүү. Манай зах зээл жижигхэн шүү дээ. Кино урлагийн дэмжих сан, Соёлын яам гэж бий. Гэхдээ бидэн шиг залуус тэндээс ямар нэг санхүүжилт харах нь дэмий зүйл байдаг. Яг л бор зүрхээрээ хичээж байна дээ гэдэг шиг явдаг шүү дээ. “SO MEDIA” платпормыг үүсгэн байгуулагч, зураглаач Г.Гүенбаатар ах маань бидэнд анх өөрсдийн кино хийх саналыг тавьж байлаа. Оюутан цагаасаа олон уран бүтээлд хамтдаа байж, ах нарынхаа кинонд сэтгэлээсээ ажиллаж байсны шан байх. Г.Гүенбаатар “За “SO MEDIA” өөрсдийн гэсэн кинотой болмоор байна. Ах нь санхүүжилтийг нь өгье. Та хоёр өөрсдөө мэдээд киногоо хий” гэсэн. Тэгж “ANBU” продакшны анхны уран бүтээл болох “Dolge ажиллагаа” кино бүтэж байсан.

-Анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргэх мөч хамгийн сайхан байсан байх даа?

              -Олон жил хүсэж, мөрөөдөж байсан зүйлдээ хүрэх ямар гэдгийг та бүхэн төсөөлөөд үзээрэй. Анхны уран бүтээл учраас догдлол, баяр дүүрэн байсан. Гэхдээ нөгөө талдаа гараагаа зөв тавихгүй цаашид биднийг үзэх, дэмжих хүн байхгүй.  Цахим сүлжээнд нийтэлдэг бичлэг шигээ хийж болохгүй. Орчин цагийн үзэгчид хэнийг үзэх үү, үзэхгүй байх уу гэдгээ маш сайн мэддэг шүү дээ. Тиймээс уран бүтээл бүрээ чанартай хийхийг зорьдог. Одоо манай дуучид хүртэл клипийг мэргэжлийн киноны түвшинд хийдэг болсон. Жишээлбэл реппер Thunder-ийн сүүлийн клипийг уран сайхны кино шиг ямар гоё хийж байгааг харж байгаа байх.

-Найзтайгаа хамтарч ажиллах ямар байдаг вэ?

              -Залуу насныхаа хамгийн сайхан түүхийг анхаатайгаа бүтээж яваадаа баярладаг. Хичээж байгаа хүний хажууд дэмждэг хүн байх сайхан гэдэг дээ. Анхаа надад яг тийм л хүн. “За андаа ийм юм хийе” гэхэд эргэлзээгүйгээр “Тэгье, хоёулаа чадна аа”  гэнэ. Утга нь өөрөө гоё л доо.

-Та хоёр Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн шавь нар байх аа. Өнөөдөрт хүрэхэд багшийн тань хувь нэмэр их шүү дээ. Багшийнхаа талаар яриа дэлгээч?

              -Би 2015 онд СУИС-ийг ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлага доор төгссөн. Багшийг хүмүүс бүтээсэн дүрүүдээс нь шалтгаалж “Ширүүн төрхтэй, ааштай” гэж ярьдаг. Угтаа их зөөлөн хайраар дүүрэн хүн шүү дээ. Гэхдээ мэргэжлийн хичээл дээр бол хатуу хандана. Хаана ч очоод “Би Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн шавь”гэж хэлэх сайхан байдаг.

              СУИС-ийн хажуудах “Долоон гахай” гэх хоолны газраас багш гульяш захиална. Өнөөх нь хоёр савтай ирнэ нэгийг нь дандаа надад өгдөг байлаа.  Ер нь би багшийнхаа хүүхэд шиг л эрхэлж ирсэн дээ. Ээжээсээ холдоод ахиад ээжтэй болсон юм шиг л оюутан насаа өнгөрөөсөн.

-Та дэггүй оюутан байсан уу?

              -Увс аймгийн Давст сумын хүүхэд л дээ. Миний хүүхэд гэгээлэг сайхан өнгөрсөн. Аав,ээж минь их хайраар өсгөж өндийлгөсөн. Тухайн үеийн хүүхдүүдийн адил “Гэртээ орвол буцаж гаргахгүй” гээд л гадаа тоглож өссөн. Гэрийнхэн орой ажлаасаа ирээд аль нэг айлаас олж авдаг. Хүний мөн чанар сайхан нийгэм нь төдийлөн аюулгүй сайхан байсан санагддаг. Хөршүүд нэгнийхээ хүүхдийг хараад, хооллоод л байж байдаг. Би чиний, чи миний хүүхдийг зүгээр харж өгч байна гэсэн үг шүү дээ.

              Оюутан насаа яг л “Нусан Баагаяа” кинон дээр гардаг шиг оюутны байранд өнгөрөөсөн. СУИС-ийнхан эхний курстээ ардын жүжигчин байдаг гэдэг дээ. Тэрэн шиг л их хөөрсөн амьтан байсан. Тухайн үед дуучин Н.Өнөдэлгэрийн “Анхны хайр” дуу эд од болж байлаа. Тэгээд л би чинь оюутны байрын коридороо

...Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь
Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь...
гээд л дуулаад охидынхоо хоолыг идээд явж байдаг байлаа.

-Та "Нусан Багааяа-2" кинонд суга таягтай гардаг шүү дээ. Тухайн үед жинхэнээсээ бэртсэн гэж сонссон. Одоо бүрэн эдгэрсэн үү?

              - Гадаадад явж байгаад осолд ороод хөлдөө хүнд бэртэл авсан. Эхэндээ тэргэнцэр дээр суудаг байсан.  Яг зураг авалтын үеэр таягтайгаа л байсан даа. Кино багийнхан маань “Эрүүл мэндээ бод, эмчилгээндээ явах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Юуны тулд энэ мэргэжлийг сонгож ажиллаж байгаа билээ. Ямар хөлөөрөө үг хэлэх биш гээд л зураг авалтдаа орж байсан даа.  Хоёр удаа хагалгаанд орсон. Нэг бодлын би өөрийгөө бодохгүй байгаа тэнэг байх. Нөгөө талдаа би гэр бүлээ авч явах ёстой аав хүн. Бас хамт олныхоо, найзынхаа эртнээс төлөвлөсөн ажлыг "нурааж" болохгүй шүү дээ. Одоо гам барих заалттай байгаа гэхдээ ажиллаад л явж байна даа.

-Найруулагч Б.Тамир та хоёрыг төрөл гэж сонссон юм. Үнэн үү?

              -Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа эгч бид хоёр үеэлүүд л дээ. Бага байхад манай гэрийн жаазан Б.Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч хоёр зураг өлгөөтэй байдаг байлаа. Кинонуудыг дагаж үзээд л өөрийгөө жүжигчин болсон мэтээр төсөөлдөг. Ээжийнхээ өсгийт, даашинзыг нь өмсөөд орныхоо  даавууг унжуулаад тайз руу гарч буй мэтээр өөрийгөө зарладаг. Өөрөө зарлаад, дуулаад, жүжиглээд л бүхнийг хийдэг. Зэргэлдээ айлууддаа очиж бичил тогтолтоо хийдэг байлаа. Гэхдээ тухайн үед жаахан хүүхэд байсан төрөл гэдгээ мэддэггүй байсан.

-Урлагийн сургуульд орсон хойноо мэдсэн юм уу?

              -Өсвөр насандаа л мэдсэн байх. Тэднийх хотод манайх Увсдаа болохоор бага байхад төдийлөн тааралдаж байгаагүй байх. Нэг сонирхолтой түүхээс хуваалцъя. Би СУИС-д орохын тулд төгсөх жилдээ хотод шилжиж ирж байлаа. Тэгээд С.Сарантуяа эгчээр шалгалтынхаа үзүүлбэрүүдийг шалгуулах гээд холбогдсон. Тэгсэн “За миний дүү орой манайд ир” гэлээ. Орой нь очсон чинь “За Тамираа ахдаа үзүүл” гээд өрөө рүү нь дагаад оров оо. Тамираа ах “За ахын дүү ямар хичээлдээ дургүй вэ” гэсэн би “Математик” гэсэн. Тэгсэн “Урлагийн хүн болно гэдэг чиний хэцүү гэж боддог математикаас чинь хэд дахин хэцүү гэж ойлгоорой, бодоорой” гээд гараад явчихсан. Дараа нь С.Сарантуяа эгч, Б.Бат-Өлзий ах хоёрт нөгөө үзүүлбэрээ үзүүллээ. Би бол дотроо алаад байгаа юм. Дуусаад харсан чинь ах, эгч хоёр унтчихсан байсан. Арга ч үгүй байх шөнө хүртэл ажиллаж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгээд өглөө нь С.Сарантуяа эгч “За миний дүү шалгалтаа сайн өгөөрэй. Хүмүүс урлагийн хамаатан байгаа юу гэвэл байхгүй гэж хэлээрэй” гээд ажилдаа явсан. Б.Бат-Өлзий ахаар сургуулийнхаа гадаа хүргүүлэх замдаа би чинь дотроо “Би авьяасгүй болоод тэгсэн юм болов уу. Эсвэл намайг хөдөөний хүүхэд гээд надаас ичсэн юм уу” гээд л түмэн юм бодож байгаа юм. Тэгээд хожим “37-р Точка” киноны үеэр хэлсэн. Тэгсэн С.Сарантуяа эгч “Чи ёстой сонин ертөнцтэй хүүхэд ээ.  Тэгж бодож л байдаг. Би бол чамайг хүмүүс миний дүү гээд илүү үзэж, дутуу үнэлэхвий л гэж тэгсэн юм” гэж билээ.

-Зураг авалтынхаа үеэр цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.


Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188