• Өнөөдөр 2026-04-01

"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...

       Одоо тэр үзэгчидтэй найруулагч С.Баттулгын уран бүтээл “Эрсдэлтэй төрөх тасаг” киноны Бадрал эмчийн дүрээр уулзаж байгаа. Бадрал эмч мэргэжилдээ чадварлаг боловч өөрийн буруугаас болж гэр бүлээ алдсан хэмээн бодож сэтгэлдээ шаналж явдаг нэгэн. Гэсэн ч амьдрал үргэлжилж шинэ учрал, ондоо нэгэн хайр түүн дээр ирнэ. Шуудхан сэтгэлээ нээж, амьдралдаа өөр эмэгтэйг хүлээн авах амаргүй ч түүнийг ганцаардсан, дүнсгэр байдлаас нь өндийлгөх ганц зүйл бол хайр, цаашид хэн нэгнийг хайрлаж амьдрах гэдгийг хэнээс ч илүү мэддэг. Энэ ч үүднээс  сэтгэлийг нь татаад буй Үжин эмчтэй харилцаа үүсгэж эхлээд буй.
Ийм нэг амьдралд эргэн боссон, бүгдийг даван туулсан, тэмцсэн, зүтгэсэн, тэмүүлсэн дүр бол дуучин, жүжигчин Б.Баяржавхлангийнх байдаг аа.
 
       “Хавтаст хэрэг”-ийн хөгжилтэй эерэг Мандах, “Амьдралын урт замд” киноны сайн ах, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн дээрэнгүй сэргийлэгч, “Зүрхэн зүг” киноны хорихын зэвүүн муухай дарга, “Эцсийн зогсоол-II”-ын цагдаа ах, “Учрал” киноны найзынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн гээд тоочоод байвал дуусашгүй. Цаашлаад, “Өнөөдөр”, “Учрал”, “Хиртээгүй сарнай”, “Дурсамж-2012”, “Сүүдрийн хот”, “Чамтай учирснаас хойш”, “Хайрын бэлэг”, "Хөх саран" зэрэг уран бүтээлийн гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн түүний зарим дүрийн тухай онцлон хүргэж байна.
 
“ХАВТАСТ ХЭРЭГ” КИНОНЫ МӨРДӨГЧ МАНДАХ
 
     Хөгжилтэй, эерэг Мандах мөрдөгч бол “Хавтаст хэрэг” киноны мөрдөн байцаах албаны тусгай багийн хамгийн чухал гишүүн. Түүний хайж, судалсан мэдээлэлгүйгээр хулгайч, хэрэгтнийг барих нь удаашралтай бөгөөд зарим тохиолдолд бүр мухардалд орох ч магадлалтай байдаг. Түүнээс гадна Мандах амттай кофе, хошин яриагаар багийнхнаа дайлна. Б.Баяржавхлан жүжигчний бүтээсэн энэ дүр үзэгчдийн хайрыг мэдээлэл цуглуулдаг шуурхай байдал, ажигч гярхай, сэргэлэн байдлаараа илүүтэй татсан бөгөөд мөрдөгч, цагдаа гэхээр л хөмсгөө зангидсан, эсвэл хүн зандарч, дээрэнгүй харилцсан хүмүүс байдаг гэх ойлголтыг эвдсэн, мэргэжилдээ чадварлаг, цаг наргүй ажилладаг ч бусад зүйлд анхаарлаа зориулж чаддаг, хөнгөн, хөгжилтэйгээр амьдардаг нэгнийг харуулсан. Үүгээрээ цагдаа, мөрдөгч болох гэж буй олон залууст урам зориг, хүсэл тэмүүлэл нэмсэн байх аа.
 
 
-“АМЬДРАЛЫН УРТ ЗАМД” КИНОНД САЙН АХЫН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН ТЭР “ЭЦСИЙН ЗОГСООЛ-II”-Т Ч АХАД ТОГЛОВ
 
      Амьдралын алив саад тотгор, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулаг гэж ах, эгч, дүүс болж төрдөг биз ээ, бид. Тэр дундаа айлын том, дүү нарын ах, эгч байна гэдэг том үүрэг хариуцлага. Зүйрлэвэл, үргэлж л дээвэр, туурга, шүхэр, малгай байх бөгөөд дүү нарынхаа аргадан хайрлах, хоргодон тэмүүлэх, уучлан тайтгарах нэгэн юм. “Амьдралын урт замд” киног үзээд, түүний бүтээсэн дүрээс үүнийг илүүтэй ойлгож, ахынхаа тухай бодол болсон. Ах гэдэг бүгдийг орлогч, зохицуулагч, мөнхүү ид шидийг бүтээж, мөрөөдлийг биелүүлэгч гэдгийг ахтай, эгчтэй хүмүүс л илүү ойлгож, толгой дохицгоох биз. Үнэхээр амьдралын энэ урт замд өмөөрөн хамгаалах ахтай байна гэдэг ямархан байдгийг С.Баттулга найруулагч “Амьдралын урт замд” киногоороо үзүүлж чадсан. Эгэл энгийн хүний амьдрал дотроос ямагт үнэн, мөн чанар, хайр тодорч гялалзаж байдгийг эл бүтээл элдэв маяггүйгээр харуулсан.
Jason ч дүрээ чадварлаг бүтээсэн. Харин сүүлд “Эцсийн зогсоол-II” дээр мөн ах, цагдаа. Дүүгээ болж, бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж, амьдралд алдах вий гэх ахын сэтгэлээр тэр аливаад хандсан. 
 
 
“ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ”-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧ, “ЗҮРХЭН ЗҮГ” КИНОНЫ ХОРИХЫН ДАРГА
 
         “Хувьсал” продакшны зохиол, найруулга, жүжигчдийн чадвар сайн уран бүтээлийн нэг бол “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”. Хүний эрх, эрх чөлөө, хүсэл тэмүүллийг хаан боогдуулахад, хүн гэгч нийгмийнх атал, нийгмээс нь тусгаарлаж, холтгох нь ямар байдгийг зүрх хөндүүрлэтэл үзүүлж чадсан энэ киноны дээрэнгүй сэргийлэгч бол бүтээлийнхээ гол санааг тодруулж гаргах гэсэн дүр юм уу гэж үзэгчийн хувьд тунгаасан. Өөрөөр хэлбэл, гэмтэнг гэмтэн, хулгайчийг хулгайч гэдгийг тодотгодог нь шоронгийн харгалзагч, хорихын дарга. Тэд хүйтэн хөндий, хахир хатуу харилцаа, дургүй хүрэм зэвүүцэм өнгө аястай, хамгийн муухай харц, үгс, хүний санаанд оромгүй сэтгэлгээ, байнгын захиран тушаасан байдлын цуглуулга мэт л араншинтай хүмүүс байдгийг тэр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны сэргийлэгч, “Зүрхэн зүг”–ийн  хорихын даргын дүрээрээ илэрхийлэн гаргаж чадсан. 
    Jason ерөөс зөөлөн, хөгжилтэй наргианч дүрээрээ үзэгчдийг татаж, эерэг дүр нь илүү зохих юм байна гэж итгүүлдэг атлаа ширүүн харц, түрэмгий нэгэнд ч айдас төрөн, зугатмаар болтол хувирдгаараа чадварлаг.
 

-“УЧРАЛ” КИНОНД НАЙЗЫНХАА ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ҮНЭНЧ НӨХРИЙН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН-

     Дүр болгон үйлдэл, үгээрээ үзэгчдэд гарцаагүй нэгэн зурвасыг илгээж байдаг. Үзэгчдийн үзэх дуртай, хэн бүхнийг догдлуулсан нэгэн кино бол “Учрал”. “Амьдрал бол зогсох аргагүй, зогсоож болохгүй цаг хугацаа” гэх үгэн дор үйл явдал нь өрнөдөг энэ бүтээлд Б.Баяржавхлан найзынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй үнэнч нөхрийн дүрийг бүтээсэн. Хүний амьдралд үнэнч, чин итгэлт найз байна гэдэг хэчнээн сайхан байдаг гэж санана. Үүнийг түүний бүтээсэн найзын дүр харуулсан байдаг.
 

 

 

-JASON ДУУЛНА, ДҮРЭЭ Ч БҮТЭЭНЭ-

         Хэдийгээр бид энэ удаад түүний оролцон тоглосон уран бүтээл, онцлох дүрийн тухай голлон бичиж буй боловч орчин цагийн рок поп урлагийн нэгэн тод өнгө болсон уран бүтээлчийн дуу хуурын тухай бичихгүй өнгөрч болохгүй. Урлагийн хүн болохыг тэр багаасаа мөрөөдөж, дуулж, бүжиглэх дуртай байж. Гэхдээ жүжигчин, дуучин гээд чухам аль нь болохыг яг таг шийдэж чадахгүй явж байгаад долдугаар ангидаа кинонд тоглосноор жүжигчин болох хүсэлтэй болжээ. Тэгээд л арван жилээ төгсөөд, Кино урлагийн дээд сургуульд орж, суралцсанаар, өдгөө олон сайхан дүрийн эзэн болсон нь энэ аж. Харин сонирхлоороо дуулж, мэргэжилтэйгээ хослуулан яваа нь энэ байна. “Only Top”, “SS” ,“Mic avenue” гээд олон ч хамтлагт байж. Дараа нь найзуудтайгаа хамтран "Тоонот" студийг эхлүүлжээ. Jason-ны дуунууд гэгээлэг, хайр түгээсэн, хөнгөн хэмнэлтэй байдгийг дууг нь сонсдог хэн бүхэн андахгүй. Тэрбээр "Би хөгжим хийхдээ дууныхаа насжилтыг харж, бодож хийдэг. Миний дуу гараад олон хүнд хүрэхгүй байж болно. Би хөгжим хийхдээ аль болох “сүнстэй”, тухайн үедээ л олон хүнд хүрээд дуусах биш, хэр урт наслахыг нь бодож хэдэн жилийн дараа сонссон ч хүнд хүрдэг тийм л дуу хийхийг хичээдэг" гэж ярьсан байдаг. Энэ бодол, сэтгэл нь хийж буй уран бүтээлүүдэд нь шингэж, хит дуунууд төрдөг биз ээ.
 
        Мөн түүний өөрчлөлт, уран бүтээлийнх нь өсөлтийг, түүний зүрх сэтгэлийн гүнд юу нуугдаж байдгийг, хэрхэн өөрийгөө дайчилж шахдагийг нь бид "Яг түүн шиг" шоунаас илүү тодоор харсан билээ. Түүний дотор урлагт улам их дүрэлзэн асах хүсэл тэмүүлэл ямагт буцалж, тэр хүслээрээ дүрээ бүтээж, уран бүтээлээ хүргэдэг юм билээ.
   Дуулна, дүрээ ч бүтээнэ. Үзэгчид ч хайрын дуунуудыг нь сонсож, бүтээсэн дүрүүдийг нь шимтэн үзсээр. 

"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188