• Өнөөдөр 2026-04-01

ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ

2026-04-01,   173

         Үе үеийн Ерөнхий сайдууд Хөдөө аж ахуйн яамыг уяачдаар удирдуулж ирсэн. Н.Алтанхуягийн үед Ламын гэгээний 370 жилийн ой, “Их хурд”-ын түрүү “Даншиг хүрэн”-гийн эзэн Х.Баттулга, Сү.Батболдын үед АХ-ын 89 жилийн ойн төрийн найдмын айраг “Цахиур халзан”-гийн эзэн Т.Бадамжунай, Ж.Эрдэнэбатын үед Манлай уяач П.Сэргэлэн, У.Хүрэлсүхийн үед Манлай уяач З.Мэндсайхан, Л.Оюун-Эрдэнийн үед Аймгийн алдарт уяач Х.Болорчулуун тус тус Хөдөө аж ахуйн сайд байлаа. Энэ жишгээр, өнгөрсөн онд Г.Занданшатар Засгийн газартаа Хөдөө аж ахуйн дэд сайдаар Манлай уяач Б.Нямжавыг залсан байдаг. Тэгвэл төрийн наадмын түрүү азарга “Богд хээр”-ийн эзэн, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч гэдгээс бусдаар төдийлөн танигдаагүй Б.Нямжав гэгч нь жинхэнэ будилааны эзэн байсан тухай мэдээлэл сүүлийн хэдэн өдөр сошиалд шуурч байна. 
 
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийхдээ “ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдэл 5.0 тэрбум төгрөгийг Я.Содбаатар даргын дотнын найз Б.Нямжав гэх нөхөр рүү шилжүүлсэн. Ингээд Б.Нямжав нь 5.0 тэрбум төгрөгийг цааш нь тараалт хийсэн баримт байна. Энэ мөнгөнөөс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Арцатын аманд орон сууц, Ланд-300 автомашин авч унасан. Энэ баримтыг АТГ-т шалгуулахаар өгч байна” гэж ярьсан. 
 
Харин хоёр хоногийн өмнө Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Нямжавын найз, “Баасансүрэнгийн Нямжав” сангийнх нь тэргүүн асан Н.Уламбаяр “Манай найз Б.Нямжав шүүхийн шийдвэрийн дагуу төрөөс нийт 7.9 тэрбум төгрөг авах ёстой байсан. Гэтэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Энэ мөнгийг чинь гаргаж өгөхгүй” гэж манай найз Б.Нямжавыг дарамталсан. Арга буюу Б.Нямжав Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн гурван давхарт байрлах өөрийнхөө оффисын өрөөнд Б.Энхбаярын жолоочид том цүнхтэй мөнгө өгсөн. Тэр үед би хажууд нь байсан. Гурав хоногийн дараа Б.Энхбаяр манай найз Б.Нямжав руу 100 сая төгрөг дутуу байна гэж залгасан” гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, Н.Уламбаяр гэгч нь Б.Нямжавыг Б.Энхбаярт том цүнх дүүрэн асар их хэмжээний авлига өгснийг гэрчилж ярьсан. 
        Гэтэл өчигдөр Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Нямжав “Би 2012 онд МАН-ын эзэмшилд байсан Лениний музейн барилгыг 15 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан Ингээд би Лениний музейн барилгыг худалдааны төв болгохоор төлөвлөж, асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж тохижуулсан. Гэтэл Лениний музейн барилгыг төрийн өмчид авах шийдвэр гарсан. Ингээд би Лениний музейн барилгыг тохижуулсан хөрөнгө оруулалт буюу хохирлоо төрөөс нэхэмжилж шүүхэд хандсан. Шүүхийн маргаан 11 жил үргэлжилсний эцэст гурван шатны шүүхээс надад 7.9 тэрбум төгрөг олгох шийдвэр гарсан. Энэ дагуу л ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын тушаалаар мөнгөө авсан. Би ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт ямар ч мөнгө өгөөгүй. Манай найз Н.Уламбаяр дарамтанд орж ийм зүйл ярьсан байх” гэж ярьсан. Өөрөөр бол, Б.Нямжав “Хэн нэгэн нь манай найз Н.Уламбаярыг дарамталж, намайг Б.Энхбаярт авлига өгсөн мэтээр яриулсан” гээд үгүйсгэчихлээ. 
 
        Ямартай ч, Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Нямжав нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын тушаалаар 2023 онд 5.0 тэрбум, 2024 онд 2.0  тэрбум төгрөг тус тус авсан нь үнэн. Харин Л.Оюун-Эрдэнийн ярьсанчлан 2023 онд авсан 5.0 тэрбум төгрөгөө Б.Энхбаяр болон нэр бүхий албан тушаалтнуудад тараасан эсэх, цаашлаад Н.Уламбаярын ярьсанчлан, энэхүү 7.0 тэрбум төгрөгийг гаргуулж авахын тулд Б.Энхбаярт авлига өгсөн эсэх асуудлыг АТГ-ынхан шалгахаар болж байна. 
 
Тэгвэл бүхэл бүтэн Монгол Улсын ХЗДХ-ийн сайдад МАН-ын төв байран дахь оффистоо том цүнх дүүрэн авлига өгсөн хэрэгт нэр холбогдоод буй Б.Нямжав гэгч нь МАН-ынхантай ямар холбоотой явж ирснийг танилцуулъя. 
 
Б.Нямжав ба Я.Содбаатар
 
        Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Нямжав, МАН-ын генсек Я.Содбаатар хоёр 2004 онд МАН-ын дэргэдэх МАСЗХ буюу одоогийн СДМЗХ-нд танилцаж, тэр цагаас хойш 24 дэх жилдээ нөхөрлөж яваа. Хэн, хэн нь хурдан морины хоббитой. Тухайлбал, Б.Нямжав, Я.Содбаатар хоёр “Хүй мандал” галд харьяалагддаг, хоёулаа Тод манлай уяач Т.Ихбаяраар морьдоо уяулдаг. Мөн Я.Содбаатар, Б.Нямжав хоёр 2018 онд төрийн наадмын анхны айргаа авцгааж байлаа. Улс төрийн тухайд, 2024 оны УИХ-ын сонгуульд Төв бүсийн тойрогт нэр дэвших гэж зүтгээд бүтэлгүйтсэн. Ингээд 2024 оны сонгуулийн дараа Я.Содбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болмогцоо Б.Нямжавыг Зөвлөхөөрөө томилж, улмаар өнгөрсөн онд Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилуулсан байдаг. 
Б.Нямжав ба М.Энхболд
 
       Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Нямжав Төв аймгийн Баян сумын уугуул. Тиймдээ ч Б.Нямжав Төв аймгийнхаа ах нарыг тулж, түшиж өндийсөн нэгэн. Тухайлбал, Б.Нямжав 2007 онд МУИС-ийг Эрх зүйчээр төгсмөгцөө ЗГХЭГ-ын Хуулийн хэлтэст Шинжээчээр ажилд орсон. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар Төв аймгаас УИХ-д зургаа сонгогдсон Н.Энхболд ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Б.Нямжав нутгийн ах Н.Энхболдоор татуулан ЗГХЭГ-т анх ажилд орж байв. 
Цаашилбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Төв аймгийн Баян сумын уугуул буюу Б.Нямжавын сумынх нь ах М.Энхболд нэр дэвшсэн. Тэр сонгуулиар Б.Нямжав сумын ах М.Энхболдыгоо санхүүжүүлэх гэж халаасаа сэгсэрч, тэр байтугай арилжааны банкиудаас 10 тэрбум төгрөгийн зээл хүртэл авч байсныг нь МАН-ынхан ярьцгаадаг. Тиймдээ ч Төв аймгийнхныг бөхтэй, морьтой, төртэй нь 10 гаруй жил эрхшээсэн М.Энхболд өөрийн “залгамжлагч”-аар Б.Нямжавыг тодруулсан. Ингэхдээ М.Энхболд морь, бөхөөр дамжуулж өөрийгөө сонгогчдод сурталчлах “тактик”-аа Б.Нямжавт харамгүй зааж өгсөн. Жишээ нь, ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан М.Энхболд Б.Нямжавыг ММСУХ-ны Дэд ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болтол нь дэвшүүлсэн. Мөн М.Энхболд Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүнээр нь 10 гаруй ажил ажиллахдаа Б.Нямжавыг дэд тэргүүнээр ажилуулж байсан. Улмаар 2021 оны долдугаар сард М.Энхболд “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүний халаагаа хадаг сүүтэйгээр Б.Нямжавт хүлээлгэн өгч байлаа. Ийнхүү М.Энхболд Б.Нямжавыг морь, бөхөөр дамжуулан Төв аймгийнхандаа сурталчилан таниулж байгаад 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр зүтгүүлсэн ч бүтэлгүйтсэн байдаг. 
Б.Нямжав ба Б.Энхбаяр
 
      Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Нямжав “ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг огт танихгүй, амьдралдаа уулзаж үзээгүй, өнгөрсөн арванхоёрдугаар сард дэд сайдаар томилогдоод Засгийн газрын хуралдаан дээр л Б.Энхбаярыг харсан” гэж ярьсан. 
 
Тэгвэл Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Нямжав 2012 оны есдүгээр сард МАН-ын эзэмшлийн Лениний музейн барилгыг бүхэлд нь 15 жилийн хугацаатай түрээслэхээр МАН-тай гэрээ байгуулсан. Тухайн үед МАН-ын даргаар Ө.Энхтүвшин, Хуулийн зөвлөхөөр нь одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажиллаж байсан. Логикоор бол, МАН-ын дарга Ө.Энхтүвшин намынхаа эзэмшлийн барилгыг Б.Нямжавт 15 жилийн хугацаатай түрээслэх гэрээ хийхдээ Хуулийн зөвлөх Б.Энхбаяраасаа зөвлөгөө авахгүй гэж үү. 
 

ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-01 08:26:59
    Зочин : МАН-ыг татан буулгахгүйгээр хулгайч авилгачдын тогтолцооноос салахгүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188