• Өнөөдөр 2026-04-02

Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН

2026-04-02,   257

       “Монголын улс төрийг  гацаанаас гаргахаар өргөдлөө өглөө” хэмээн Ерөнхий сайд асан Г.Занданшатар яг зургаа хоногийн өмнө өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, огцорч байлаа.


         Үнэндээ өөрийн хүсэлтээр өгсөн юм шиг боловч үнэн хэрэг дээрээ улс төрөө дийлэхгүй, шахаанд орсондоо огцорсон нь тэр. Ийн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулснаар улс төр гацаанаасаа гарч, түгжээгээ тайлах юм шигээр аашилж байсан МАН-ынхан улам бүр хямралд орууллаа, Монголын төрийг.

         Өнөөдөр дэлхийн геополитикийн асуудлаас шалтгаалж, дэлхийн зах зээлд нефтийн үнэ тэнгэрт хадаж, Монгол Улс ч шатахууны хязгаарлалтад орох нөхцөл байдалд тулчихсан. Нэмээд Г.Занданшатарын Засгийн газар огцрохоос өмнө шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдчихээд байгаа. Шатахууны үнийн өсөлттэй холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах нь тодорхой болсон. Цаашлаад  хаврын тариалалт эхлэхцаг үед шатахууны хязгаарлалт орох эрсдэлтэй нөхцөл байдалд Монголын төр хөл толгойгүй бужигнаж, Төрийн ордонд заамдалцаж, хэрэлдэж, зодолдож, байгаа бодит үнэнтэй нүүр тулж байна, ард түмэн.  Бүүр Засгийн газраа ч бүрдүүлж чадахгүй, ацан шалаанд орчихоод тал талд нэгнээ "боож" унагаад, бойктонд оруулчихсан.

         Үнэндээ хаврын чуулганы эхэлснээс хойш “Ардчилсан намынхан төрийг ажлыг гацаалаа” хэмээн шалтаглаж байсан МАН-ынхны үнэн төрх илчлэгдэж байна.  Өөрөөр хэлбэл, “МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга байх ёсгүй” гэдэг АН-ын шаардлагаас болж,  Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө  өргөдлөө өгсөн юм шиг харагдавч бодит байдал дээрээ МАН-ынхан өөрсдөө улс төрийн талцал, “зодоон”-оо дийлэхгүй өнөөдрийн байдалд хүргэсэн нь энэ.

         Г.Занданшатарын Засгийн газар огцроод ердөө хоёрхон хоногийн дараа УИХ-ын дарга байсан Н.Учрал ногоон гэрлээр Ерөнхий сайдын суудалд очиж, Төрийн ордны баруун жигүүрээс зүүн жигүүрт  хэдийнээ тохижиж амжаад байна. Харамсалтай нь, төр гацаанаасаа гараагүй хэвээр байна. МАН-ын бага хурлаас эхлээд Удирдах зөвлөл, Бүлгийн дэмжлэг, УИХ-ын чуулганы хуралдааныг төвөггүй давсан хэрнээ, Засгийн газрын бүтцээ зурж, томилгоогоо хийгээгүй нь ийн төрийн ажлыг гацааж орхилоо.

     Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан эрх мэдлийн бялуу хуваалтаа хийж чадахгүй,  Засгийн газар сайдгүй, УИХ даргагүй, Монголын төр хөл толгойгүй бужигнаж байна. Энэ хугацаанд МАН-ын гишүүдээс мөн ч олон хүн сайдын нэрд яригдлаа. Тэр тусмаа МАН-ын хууччуул нь зайгаа тавьж өгөхгүй гээд залуус нь сайдын суудал руу чичирч томчууд нь УИХ-ын даргын суудал руу хошуурцгаагаад учраа олохгүй мөн ч дураараа дургиж байна.

        МАН-ынхан аль халуун намраар 38, 30-ын бүлэглэл болж хуваагдсан. Ингээд Н.Учралын Засгийн газарт хэнийх нь бүлэглэл хүчтэй байр суурийг эзлэх вэ гэдэг дээрээ эд үзэлцээд, тохироонд хүрч чадаагүй л таван өдөр болсон нь энэ. Ёстой л сахил хүртээд шал доров гэгч болов.

     Өнгөрсөн шөнө МАН-ынхан Тусгаар тогтнолын ордондоо “нойргүй” хоноцгоосон сурагтай. Тэд төрийн ажлыг гацаанаас нь гаргаж, Н.Учралын Засгийн газрын томилгоог хоёр талаасаа хийх гээд барсангүй. Тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэнэ. Хамгийн адармаантай нь Н.Учрал сайд нарын томилгоог эн тэнцүү хийгээд тохирч болох ч, УИХ-ын даргын суудалд барьцаалагдчихаад намын гишүүд нь Засгийн газраа бүрдүүлж өгөхгүй байгаад учир байгаа юм гэх. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талаас УИХ-ын даргад С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ нарыг зүтгүүлж байгаа бол эсрэг талаас Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нарыг зүтгүүлж байгаа. Ийн УИХ-ын дараагийн дарга хэн байх вэ гэдгийг өнөөдөр МАН-ынхан Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна.

       Нөгөө талаараа Ерөнхий сайд Н.Учрал хууччуулаасаа салж чадахгүй, Засгийн газрын бүтцээ бүрдүүлнэ. Тэр тусмаа Г.Занданшатарын сайд нараас нэлээд хэд нь улирч байгаа гэх нь бий. Энэ талаар өчигдөр Ерөнхий сайд хэвлэлийнхэнд “Зарим сайд нарыг улируулан ажиллуулна. Тиймээс сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Олон улсад гэрээ хэлэлцээрийн шатанд яваа олон сайд бий. Гаднынхан манай улс төрийн нөхцөл байдлыг ойлгохгүй шүү дээ. Бүтэц бүрэлдэхүүний асуудал бол Төсвийн тодотгол дагаж орж ирнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Учрал урт настай Засгийн газар бүрдүүлэхийн тулд өөртөө дайсан бэлдэхгүй гэж хэрэндээ хичээж байгаа нь харагдаж байна. Эцэст нь, Г.Занданшатарыг огцруулаад улс төрийн гацаанаас гарна гэсэн чадсангүй дээ МАН-ынхан.

 


Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188