• Өнөөдөр 2026-04-02

Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА

2026-04-02,   50

Олон улсын Idol kids international fashion show-д амжилттай оролцож Best Costume, 2nd Runner-Up Model-оор шалгарсан Эрчимбаатарын Мөнхлэйтэй ярилцлаа. Тэрбээр Охидын мисс төвийн сурагч билээ.

-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Idol kids international fashion show-д амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -“Idol Kids International Fashion Show”-д оролцоно гэдэг надад маш том туршлага, дурсамж болж үлдлээ. Олон орны авьяаслаг хүүхдүүдтэй танилцаж, тайзан дээр өөрийгөө сорьж, их зүйл сурсан. Ийм том тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон нь миний хувьд хамгийн бахархалтай мөчүүдийн нэг байлаа.

-Өөрийгөө шилдэг мисс болж, титэм зүүнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

                -Тэнд надтай өрсөлдөж байгаа охидыг хараад өөртөө бага зэрэг итгэлгүй болсон. Гэхдээ өөрийгөө чадна гэж зоригжуулж, сайн оролцохыг хүссэн хэвээрээ л байсан.

-Өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байсан уу. Гадаадад очоод тэмцээнд ороход сонирхолтой зүйл байсан уу?

                -Өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байгаагүй. Харин Монгол Улсад зохион байгуулагдсан “Shining Star Kids Award” тэмцээний 13–16 насны ангилалд оролцож, 1st Runner-Up Model, буюу дэд байрын шагнал хүртэж байсан. Харин “Idol Kids International Fashion Show” нь миний анхны олон улсын тэмцээн байсан учраас маш их туршлага, шинэ ойлголт өгсөн. Өөр өөр орны оролцогчидтой танилцаж, тэдний соёл, тайзны бэлтгэл, өөрийгөө илэрхийлэх арга барилаас их зүйл сурсан нь хамгийн сонирхолтой, дурсамжтай хэсэг байлаа.

-Олон улсын тэмцээнд орно гэдгээ хэзээ мэдсэн бэ. Бэлтгэлээ яаж хийсэн бэ?

                -Нэгдүгээр сард өөрийгөө Idol kids international fashion show-д оролцох эрх авсан гэдгээ мэдээд өөртөө итгээгүй. Тэр өдрөөс хойшоо бэлтгэлээ хичээлийн дараа тасралтгүй хийж эхэлсэн. Би хоёр тэмцээнд оролцох байсан учраас хоёр тэмцээндээ урт хугацаагаар бэлдсэн.

-Эмэгтэй хүүхэд бүр гүнж шиг титэм зүүгээд, гоё даашинз өмсөөд алхахыг мөрөөддөг шүү дээ. Тайзан дээр даашинзтай, титэм зүүгээд алхах ямар байсан бэ?

                -Үнэхээр гайхалтай, мартагдашгүй мэдрэмж байсан. Би багаасаа л титэм зүүж, гоё даашинзтай тайзан дээр алхахыг мөрөөддөг байсан. Толины өмнө зогсоод өөрийгөө гүнж шиг л төсөөлдөг байлаа. Харин одоо тэр мөрөөдөл минь биелж, тайзан дээр бодитоор мэдэрч чадсан нь надад маш их урам, аз жаргал өгсөн. Энэ бол зөвхөн миний мөрөөдөл биелсэн төдийгүй намайг үргэлж дэмжиж, урам өгдөг хүмүүсийн минь хүсэл ч хамт биелсэн үйл явдал гэж бодож байгаа.

-Хэдэн настайдаа анх загварын тайзан дээр алхсан бэ. Тэр үед сандарсан уу?

                -Би 11 настайдаа загварын тайзан дээр анх удаа гарч үзсэн. Анхных байсан болохоор бэлтгэл дээрээ хүртэл маш их сандарч, айсан. Гэхдээ манай агентлагийн эгч нар надад маш их тусалж, урам өгч байсан.

-“Best Costume” шагнал хүртсэн шүү дээ. Хүмүүс чиний хувцсыг хараад юу гэж хэлсэн бэ. Чиний тэмцээний үеэр өмссөн хувцаснуудаас хамгийн гоё нь аль нь байв?

                -Миний үндэсний хувцсыг олон орны охидыг хараад надад маш их амжилт хүсэж, хамт зургаа даруулах гэж олон хүмүүс ирсэн. Би тэдэнтэй зургаа даруулах зуураа тэдэнд өөрийн өмссөн монгол хатны хувцсыг тайлбарлаж өгсөн. Миний хувьд хамгийн гоё хувцас маань үндэсний хувцас минь байсан. Өмсөөд алхахаар Монгол гоёлоороо омогшдог доо.

-Хүүхэлдэйн киноны гүнж нараас хэнд нь хамгийн дуртай вэ. Өөрийгөө аль гүнжтэй нь зүйрлэх вэ, яагаад ?

                -Миний хамгийн дуртай хүүхэлдэйн киноны дүр бол Rapunzel. Би өөрийгөө түүнтэй зүйрлэх дуртай, учир нь түүний урт, алтан шаргал үс нь миний үсийг санагдуулдаг. Мөн Рапунзел шиг эерэг, мөрөөдөмтгий, үргэлж гоё хүмүүсээр хүрээлүүлж байдаг зан чанар нь надад их таалагддаг.

-Чи мисс хүн ямар байх ёстой байдаг гэж бодож байна вэ?

                -Миний бодлоор мисс хүн зөвхөн гадаад төрхөөрөө бус, дотоод хүн чанар, хүмүүжил, харилцааны соёлоороо бусдад үлгэр жишээ байх ёстой. Тэр хүн өөртөө итгэлтэй, даруу төлөв, бусдыг хүндэлдэг, нийгэмд эерэг нөлөө үзүүлж чаддаг байх нь хамгийн чухал гэж боддог. Мисс гэдэг нь зүгээр нэг титмийн эзэн биш, харин хариуцлага, үлгэр дуурайлал юм гэж би ойлгодог.

-Чамд үлгэр дуурайлал авдаг мисс бий юү?

                -Надад үлгэр дуурайлал авдаг олон модел бий. Би ихэвчлэн Монголын топ моделиудаас урам зориг авч, тэдний хөдөлмөрч, мэргэжлийн хандлагаас суралцахыг хичээдэг. Ялангуяа Д.Одгэрэл эгчээс хамгийн их үлгэр дуурайлал авдаг. Түүний тайзан дээрх өөртөө итгэлтэй байдал, олон жил тогтвортой амжилттай ажиллаж байгаа нь надад их урам өгдөг. Мөн өөрийн агентлагийн эгч нараасаа өдөр тутамдаа маш их зүйл сурч, тэднээс үлгэрлэж хичээдэг.

-Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох ямар байдаг вэ?

                -Монгол Улсаа төлөөлж олон улсын тайзан дээр алхана гэдэг маш их хариуцлага бас нэр төрийн хэрэг байсан. Тайзан дээр гарах бүрдээ би зөвхөн өөрийгөө бус, эх орныхоо нэрийг авч явж байна гэж боддог байсан болохоор илүү хичээж, алдаа гаргахгүй байхыг зорьдог байлаа. Тэр мэдрэмж нь нэг талаар сандаргаж байсан ч нөгөө талаар надад их урам өгч, өөрөөрөө омогших мэдрэмжийг төрүүлсэн. Монголынхоо нэрийг дуудуулах мөчид үнэхээр мартагдашгүй, бахархалтай санагдсан.

-Чиний дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ. Ирээдүйд оролцохыг хүсдэг тэмцээн бий юү?

                -Миний дараагийн зорилго бол цаашид олон тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож, өөрийгөө улам хөгжүүлэн, олон шагналын эзэн болох юм. Үүний зэрэгцээ би илүү их хичээж, ирээдүйд Монголын хамгийн нэр хүндтэй загварын наадмуудын нэг болох “Гоёл” наадамд оролцохыг хүсэж, мөрөөддөг.

 

 


Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188