Намрын сүүл сарын цас орж, шуурсан зэврүүн нэг л өглөө М.Сэлэнгэбаатар дасгалжуулагч ажилдаа очлоо. Гэтэл хамаг штанг, туухайг нь гудамжинд гаргаад шидчихсэн байлаа. Нэг гэр бүлийн эр, эм хоёр салж, хэрэлдэн, эд хөрөнгөө хуваасан мэт хүндийн өргөлтийн хамаг тоног, төхөөрөмж, эд хөрөнгийг нь “Дархан Юнайтэд Арена"-гийн буланд хог аятай, овоолоод хаячихсан байв. Монгол Улсын олимпын “Топ-4” төрлийн нэг болох хүндийн өргөлтийн спорт ийнхүү гудамжинд хөөгдөн гарч буй гурав дахь үйл явдал энэ байлаа.
Тухайн үйл явдал олны сонорт хүрсний дараа Дархан-Уул аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал энэ үйл явдалд анхаарал хандуулсан билээ. Тэрбээр “ Дархан-Уул аймаг хүүхдийн спортыг гудамжинд гаргах дээрээ тулаагүй. Үүнийг улс төржүүлэх ямарч шаардлага байхгүй шүү. "Дархан Юнайтэд Арена"-д заал, танхим байхгүй бол хуучин Биеийн тамир, спортын газрын байрны зоорийн давхарт өрөө гарган засварлаж нэг сарын хугацаанд багтаан хүндийг өргөлтийн холбооны тамирчдыг оруулж, бэлтгэл хийх боломжийг нь хангаж өг” хэмээн Дархан-Уул аймгийн БТСГ-ын даргад үүрэг даалгавар өгсөн байдаг.

Тухайн үед Засаг дарга Б.Азжаргал “Монголын олимпын төрлийн спортын “Топ-4”-ийн нэгэнд зүй ёсоор ордог хүндийн өргөлтийн спорт нь Дарханы БТСГ-ын албан ёсны төрөл биш. Тийм болохоор хүндийн өргөлтийн дасгалжуулагч М.Сэлэнгэбаатар нь БТСГ-аас цалинждаггүй, өөрийн хувийн сонирхлын дагуу хүндийн өргөлтийн секц, дугуйлан ажиллуулж байгаа болохоор заал, танхимаар хангах үүргийг БТСГ хүлээх ёсгүй. Тус байгууллагад хүндийн өргөлтийн спортын асуудал ямарч хамааралгүй зүйл. Гэхдээ бид үүнд анхаарал хандуулна” хэмээн мэдэгдэж байв.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өөрөө спортоор хичээллэж явсан хүн болохоор тэр үеэс хойш хүндийн өргөлтийн спортыг дэмжиж, анхааралдаа авчээ. Тэрбээр хэлсэн амандаа хүрч хүндийн өргөлтийн тамирчдыг бэлтгэлийн заал, танхимтай, дасгалжуулагчтай болгосон байдаг. Гэхдээ М.Сэлэнгэбаатар багш биш. Харин одоо 2026 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дархан хотод зохион байгуулах гэж байна. Тус УАШТ 2026 оны дөрөвдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Дархан хотын БТСГ-ын Спортын төв ордонд болох юм. Энэ удаагийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, БТСГ, Монголын хүндийн өргөлтийн холбоо хамтран, Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулахаар болжээ.
.jpg)
Дархан хотын хүндийн өргөлтийн дасгалжуулагч “Зөөлөн тэсрэх бөмбөг” болсон Мажигжавын Сэлэнгэбаатар гэж хэн бэ. Дархан хотын БТСГ-ын хуучин дарга “М.Сэлэнгэбаатар маш аюултай хүн. Тэр зөөлөн юм шиг хэрнээ байгууллагын удирдлагыг байнга шүүмжилдэг. Хамт олны дунд ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, хамт олныг хагарган бутаргаж чадах тэсрэх бөмбөг шиг аюул хөнөөл тарьж мэдэх этгээд” гэж байгууллагын хурал дээрээ ярьж байжээ.
Тийм ээ, М.Сэлэнгэбаатар багш маш зөөлөн, үг дуу цөөнтэй, барагтай бол дуугарахгүй, их ичэмхий, бүрэг даруухан, чимээгүй л инээмсэглэсэн, их тайван амгалан нэгэн. Харин өөрийн үзэл бодол, хүндийн өргөлтийн спортын хөгжлийн зорилгын төлөө хэнээс айхгүйгээр зоригтойгоор тэмцэж чаддаг. Нэг гэм нь тэрбээр хааяа нэг гашуун ундаа зооглох гээд байдаг сул талтай. Тэр сул талыг нь эсрэг намаас нь томилогдсон дарга нар овжиноор ашиглан түүний ажил, амьдралаар тоглосоор ирсэн билээ. М.Сэлэнгэбаатар багш Дархан хотын ардчиллын анхдагч гишүүдийн нэг боловч албан тушаал, ашиг хонжоог хэзээ ч хайж яваагүй. Жинхэнэ үнэнч ардчилсан үзэл, санаатай хүн. Ардчиллын төлөө амь насаа зориулан “Зулын гал” болохоос ч сийхгүй нэгэн билээ.
.jpg)
Би түүнтэй 2008 онд уулзахдаа “Тантай цуг ардчиллын төлөө тэмцэж явсан найз, нөхөд чинь бүгд л албан тушаал, эрх мэдэлд хүрчихсэн, ажил төрөл, хувийн бизнестэй сайхан амьдарч явна. Та яагаад тэдэнтэй адил дарга болж болдоггүй юм бэ” гэж асуусан юм. Харин М.Сэлэнгэбаатар багш “Хувьсгалт нийгмийн өөрчлөлтийг ухаантнууд санаачилж, зоригтнууд хийж, бялдууч, долдой нар ашиг хүртдэг” юм шүү дээ. Ах нь “Ардчилсан нийгмийн суурийг Дарханд бий болгох үйлсэд өөрийн чадах зүйл, хийх ёстой үүргийг л гүйцэтгэсэн. Харин хүндийн өргөлтийн спортыг Дархан хотод хөгжүүлэх нь миний гол зорилго” гэж байлаа.
Мажигжавын Сэлэнгэбаатар багш Дархан хотын Деревенгийн унаган хүүхэд билээ. Түүний аав Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Дархан хотын Гурил тэжээлийн үйлдвэрийн ууган ажилтан, цахилгаанчин, туслах аж ахуйн адуучнаар ажиллаж явсан Мажигжав. Харин ээж Дэмбэрэл нь тус үйлдвэрийн мөн л анхдагчийн нэгэн билээ. М.Сэлэнгэбаатар багш есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын хоёр дахь хүүхэд юм. Том ах Батлаа хэмээх Батдэлгэр нь багадаа чөлөөт бөхийн спортоор дажгүй сайн барилдаж явсан. Харин одоо Дархан-Уул аймгийн “Алдарт , манлай уяач” цолтой. Адуучин аавынхаа үргэлжлэл болон алдар хүндийг нь өндөрт өргөж яваа.

М.Сэлэнгэбаатар ах 1970-аад оны үед Деренвенгийн атамануудын голомт болсон Долдугаар дэлгүүрийн Цэнгэлдэхийн гудамж болон “Зургадугаар дэлгүүрийн Нарийн гудамжинд өссөн хүүхэд. Жаахан халтирвал буруу зам руу халтирч мэдэх атамануудын дунд, аюулын ирмэг дээр өндийж өссөн. Спорт түүнд ёс суртахуун, хүмүүжил олгосон болоод тэр муу бусармаг зүйлээс зай барьж чадсан байх. Ер нь 1970-аад оны атаманууд гэх болдоггүй нөхдүүд хаа очиж, спортоор хичээллэдэг амжилт гаргасан шилдэг тамирчдыг ихэд хүндэтгэдэг байсан. Тэгээд ч М.Сэлэнгэбаатар багшийн суурь хүмүүжил, төрөлх зан чанар нь дөлгөөн, тайван хүн болохоор сул дорой, хүч, бяраар дутуу хэн нэгнийг өмгөөлж, хамгаалахаас биш, дээрэлхэж, дээрэнгүй хандаж яваагүй.
Нэг удаа түүний ээж Дэмбэрэл эгч “Сэлэнгээ минь чи ерөөсөө гэрийн бараа харахгүй юм. Энэ гэрт чи юу ч хийхгүй, дүү нараа өсгөж, хүмүүжүүлэх үйлсэд тус нэмэр болохгүй байна шүү. Наад хүнд хар төмрөөрөө насан туршийнхаа хоолыг олж идэж чадах юм уу” гэж загнаж байсан юм. Харин Сэлэнгэбаатар багш ээжийнхээ өмнөөс өрвөлзөн, маргалдаагүй. Ээжээ “Би бэлтгэлд явахын өмнө ус, нүүрс аваад, түлээ хагалаад бэлдчихнэ. Гэр орон цэвэрлэх, хоол унд хийх ажилд Тунгаа, Буяаа, Бор гурвыг танд тусал гээд хэлчихье” гэж хэлээд гэрийн ажлаа хурдан хугацаанд амжуулчихаад бэлтэлдээ явж байсан билээ.
Тэр хүүхэд байх үеэсээ хүндийн өргөлтийн спорттой хувь заяагаа холбосон. 1980-ад оны дунд үед Улсын циркийн хүч тамирын үзүүлбэрийн жүжигчин болох хүсэлтийг М.Сэлэнгэбаатар багшид тавьсан юм. Гэтэл тэрбээр “Надад циркчин болох сонирхол байхгүй ээ. Би хүндийн өргөлтийн спортын төрөлд л дуртай” гээд 2-3 удаа бэлтэл, сургуулилалтад нь очиж байгаад татгалзаж байсан билээ. М.Сэлэнгэбаатар багш цэрэгт яваад “Алдар” спорт хороонд тамирчнаар үлдэлгүйгээр Дархан хотдоо буцаж ирсэн. Тэр үед Дархан хотын хүндийн өргөлтийн албан ёсны дасгалжуулагч нь Цамбахорлоо багш байсан. Гэвч Цамбохорлоо багш М.Сэлэнгэбаатар багшид хамаг ажлаа үүрүүлдэг байв. М.Сэлэнгэбаатар багш, Цамбахорлоо багшийнхаа өгсөн үүрэг даалгаварыг нэр төртэй гүйцэтгэж, өөрийн бэлтгэлээс илүүтэйгээр баг, тамирчдын бэлтгэлд хамаг анхаарал, цаг заваа зориулдаг байсан юм.
Залуучуудын УАШТ-ий олон удаагийн аварга түүнд өшөө илүү амжилт гаргах боломж байлаа. Гэсэн хэдий ч тэр өөрийн бэлтгэл хийх цагийн ихэнхийг багийн тамирчдын бэлтгэлд зориулсан юм. Тэгээд л тэр “Од” болон гялалзах залуу, халуун насны амьдралынхаа 1985-1995 оны хоорондох цаг хугацааг Дархан хотын хүндийн өргөлтийн тамирчдын төлөө зориулсан. М.Сэлэнгэбаатар багш Дархан хотод төдийгүй, Монгол Улсад хүндийн өргөлт, олон улсын таеквондо-гийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь оруулсан юм. Тэрбээр Монгол Улсын анхны олон улсын таеквондо-гийн цомын тэмцээнийг 1995 онд Дархан хотод зохион байгуулах үйлсэд маш том хувь нэмэр оруулсан эрхэм билээ. Тэрбээр өсвөр үеийн тамирчидтай хамгийн үр дүнтэй, өгөөжтэй ажиллаж байгаа дасгалжуулагч яах аргагүй мөн. Дасгалжуулагч болгон шилдэг тамирчныг төрүүлэн гаргаж чаддаггүй. Харин спортын төлөө зүрх сэтгэлтэй хүнийг олно гэдэг “Өвсөн дотроос зүү хайхтай” адил.

Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр багш нэг ярилцлагадаа “Монголд М.Сэлэнгэбаатар ах шиг сэтгэлтэй, зүтгэлтэй дасгалжуулагч олон байвал Монголын хүндийн өргөлтийн ирээдүй үед санаа зовох зүйлгүй болно. Дарханы БТСГ-ын дарга нар зөвхөн өөрийн хувийн тааламжгүй харилцаанаас шалтгаалж, тэр хүнийг ажлаас нь халчихсан. Үүнээс нь үүдэж Дарханы тамирчдын эрх ашиг хохирсон. Сэтгэл зүйн хувьд тамирчдад ямар их дарамт, учирч байгааг спортын салбарыг удирдаж байгаа дарга нар мэдэх л ёстой.
Сэлэнгээ ах ажлаасаа халагдсан хэрнээ өөрийн машинаа зарж бүх тамирчныхаа зардлыг даагаад улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж байсан. Ажлаасаа хөөгдөж, спортоос хөндийрсөн ч тэр хүний хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэх гэсэн сэтгэл зүрх нь хэвээрээ байсан нь гайхалтай. Уг нь сэтгүүлч та нар надаас биш, тэр далд, нууц байдаг хүнээс яриа авбал сайн байгаа юм. Эгэл баатар болсон, спортод элэгтэй тийм хүмүүсээс яриа авах хэрэгтэй. Сэлэнгээ ах олон жил Дархан хотын хүндийн өргөлтийн спортыг авч яваа. Миний мэдэхийн шавь нараас нь 5-6 ОУХМ цолтон төрсөн шүү. Улсын шигшээ багт олон тамирчныг бэлтгэж өгсөн. Энэ бүхэн тэр хүний ажлын үр дүн мөнөөс мөн. Ийм мундаг дасгалжуулагчийн ажлыг үнэлэхгүй, гудамжинд гаргаад хаячихсан” гэж байлаа.
Харин өнөөдөр М.Сэлэнгэбаатар багш өөрийн хүссэн мөрөөдөлдөө хүрэхэд ойртсон бололтой. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хүндийн өргөлтийн спортын тамирчдын бэлтгэл хийх, заал танхим, орчныг бүрдүүлэн, туршлага багатай ч гэсэн залуу дасгалжуулагчидтай болгож өгсөн байна. Улмаар өсвөр үе залуучуудын УАШТ-ийг Дархан хотод зохион байгуулах гэж байгаа нь сайн цагийн урин салхи сэвэлзээд эхэлсэн гэдгийг нотлох биз ээ. Одоо харин хүндийн өргөлтийн спортыг Дархан-Уул аймгийн БТСГ-ын албан ёсны ахлах дасгалжуулагчаар М.Сэлэнгэбаатар багшийг эргүүлэн ажиллуулах юм бол жинхэнэ спортод оруулсан том хөрөнгө оруулалт болно доо.
| ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ |
|
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |