• Өнөөдөр 2026-04-06

“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО

       Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбын олон ч бүтээлд бид шимтэж, тэр дундаа хайрын тухай өгүүлэх сонирхолтой зохиолуудынх нь “амт”-нд орж, өдгөө ч давтан үздэг билээ. Сүүлд гэхэд тэр “Хурд” хамтлагийн “Бүсгүй”-н зохиолыг бие дааж, “Татар” хамтлагийн “Татар” киноны зохиолыг хамтран бичсэн байна. Иймдээ ч “Мөнгөн мод-2025” наадмын шилдэг кино зохиолчоор шалгарчээ. Түүний зохиолыг нь бичиж, найруулагчаар ажилласан бүтээлүүдийнх нь тухай уншигч танд хүргэж байна.

 
ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ”
 
      Түүний зохиолыг нь бичсэн бүтээлийн ихэнх нь гэгээн учрал, гэрэлт хайрын тухай өгүүлэх бөгөөд энэ бүхэн Туулайхүү, Бүжин хоёр болон тэдний найзуудын ийм нэгэн дурлалаар эхэлж, залуусын гэгээн мөнхүү ээдрээтэй хайр дурлалаар үргэлжилнэ. Хүний амьдралыг гэр бүл, найзууд, сургууль гээд олон хүчин зүйлс бүрдүүлдгийн дотор тэтгэн тэнхрүүлж, босгон өргөх, хүч тамир сэлбэгч нь хайр дурлал билээ. Үүнийг тэр “Ийм нэгэн дурлал” зохиолоороо дамжуулан гаргаж, С.Баттулга найруулагч дэлгэцнээ амилуулсан байдаг. Энэхүү бүтээл хоёр цуврал бөгөөд эхний ангийг 2006 онд үзэгчдийн хүртээл болгож байсан бол түүнээс хоёр жилийн дараа “Ийм нэгэн дурлал-2” киног хийж байсан байна. Хайр дурлалын тухай түүний бүтээлийн эхлэл энэ.
 
“АМЬДРАЛЫН АМТ”
 
        Тэр Б.Чингүүн найруулагчтай хоршиж, түүний найруулсан “Амьдралын амт” киноны зохиолыг бичжээ. Р.Чойням найрагчийн шүлэгт “Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон амттай” гэх мөрт бий. Үнэхээр ч хүмүүс өөрт оногдсон хувь тавилангаасаа үүдэн өөр өөрийн өнгө, амтыг мэдэрч амьдардаг гэдгийг “Амьдралын амт” киноны гурван залуугийн дүрээр харуулдаг. Нөгөө талаар тэд оршин буй хот суурин, төрөхөд нь л байсан баян чинээлэг ахуйгаас шалтгаалан амьдралын жинхэнэ амт юунд оршдогийг мэдэхгүй явснаа хөдөө очиж ойлгодог. Үндсэндээ А.Миегомбо зохиолч тэдний дүр, үйл явдлаар дамжуулж залууст амьдралын мөн чанар, үнэнийг таниулахыг зорьсон. Тэдгээрийг таних мөчид хүн амьдрал хэчнээн амттайг, ямархан утга учиртайг таниж буй юм. Энэ бол кино зохиолч, уран бүтээлч түүний сэдэв, хэлэх гэсэн санааны нэгэн онцлог. Тэр амьдралын бодит үнэнийг хүмүүст хүргэх зорилготойгоор зохиолоо бичдэг гэсэн. Энэ зорилгын нэгэн биелэл бол “Амьдралын амт” кино.
 
“МИНИЙ ХӨРШ ЧӨТГӨР”, “УРАГШАА ЗАЛУУСАА”, “МИНИЙ ХАЙР”
 
      Үзэх бүрд догдлол хайр мэдрүүлж, хөгжилтэй үйл явдлаар хөнгөн инээд бэлэглэдэг киноны нэг бол “Миний хөрш чөтгөр”. Ганцаараа эрх чөлөөтэй амьдрах дуртай Сайхнаа бүсгүй ажил албандаа бол чадварлаг нэгэн. Тэрбээр шинэ байранд нүүн ирдэг ч үдэш бүр хөрш залуугийнд нь өрнөх шоу цэнгээн, дуу шууг үл тэвчиж байснаар түүнтэй зөрчилдөж эхэлдэг. Бүр тэрхүү хөрш залуу нь ажил дээр нь даргаар томилогдон ирснээр үйл явдал өрнөнө. Жүжигчин Т.Бархүү, Г.Нарансолонго нарын хоршил ч тун сайхан зохицож, одоо ч хэн бүхэн энэ киног нэхэн үзэх дуртай байдаг. Хайрын, учралын шинэ түүхийг бичихдээ тэр ямагт адал явдал, багахан үл ойлголцол, зөрчил хослуулан нэмдэг байна. Үүний нэгэн жишээ болсон бүтээл бол “Урагшаа, залуусаа”.  Ажил амьдралын амт, хайр сэтгэлийн учир холбогдол сүлэгдэн нэгдэж дүрүүдийн үйл явдлаар илэрчээ. Хосуудын ийнхүү зөрчил, гэхдээ мөн чанартаа бие биенээ ойлгон хайрлах хамгаас чухал гэдгийг мэддэн өөр нэгэн бүтээл нь “Миний хайр”. Энэ гурван бүтээлд ижил тал бий ч хайрын ийм бүтээлүүддээ тэр өөр өөр санааг шигтгэн дамжуулж, хүнд ойроор бүтээдгээрээ илүү сонирхолтой болдог байна.
 
-ХАЙР-
 
     Мөн бүсгүйчүүдийг “ХАЙРЫН ЭРЭЛД” ч гаргана. Түүний бичсэн эмэгтэй хүн, тэдний хайр сэтгэлийн тухай өгүүлэх кино зохиол дотроос нас насны дөрвөн бүсгүйн учрал хайр, амьдралын өнгийг дэлгэсэн “Хайрын эрэлд” олон ангит кинонд үзэгчид дуртай. Нэг нь зуун хувь гэр бүлээ гэж байхад, нөгөө нь зөвхөн ажил мэргэжлээ, харин өөр нь дан өөрийгөө гэхчлэн хүний амьдрал ондоо. Тэр дундаа эмэгтэй хүний амьдрал. Гэхдээ ямар ч байлаа гэсэн хайр бол тэдний амьдралд мөнхөд оршин тогтнох зүйл. Үүнийг эл бүтээл бидэнд хэлж байдаг. Үүнтэй агаар нэг цуврал бол "Single Ladies”. Мөн л хөгжилтэй атлаа өгүүлэх санааны хувьд өргөн. Эмэгтэй хүнд хань ижил ямар чухлыг, ямархан байр суурийг эзэлдгийг, хайр сэтгэл гэдэг амархан ирдэг зүйл биш учир яарах хэрэггүйг эндээс бид ойлгож болохоор. Хайр ихэнхдээ хүчээр авах, хайж явах, олж уулзахаас илүүтэй өөрөө цаг нь болохоор хүрээд ирдгийг ч харуулдаг.
 
ЗӨВ, БУРУУ, ҮНЭНИЙ ТУХАЙ
 
      Зөвхөн хайр сэтгэл, учралын тухай хөнддөггүй хорт зуршил, түүний амьдралд учрах хор хөнөөл, буруу муу байдлын тухай ч бүтээлээрээ шүүмжилсэн. Тухайлбал, түүний зохиолыг нь бичсэн “Дэв” кино залуусын архины зохисгүй хэрэглээ, хөнгөн зугаа амьдрал, үүнээс болж хэрхэн буруудаж, хүсэл мөрөөдөл, хамгийн чухал гэсэн үнэ цэнтэй бүхнээ алдаж буйг харуулдаг. Мөн амьдралд юу зөв, буруу, үнэн тухай түүний зохиолыг нь бичсэн өөр нэгэн бүтээл бол “Мөрдөгч” олон ангит кино. Мөрдөгчийн ажлаар дамжуулан худал хуурмаг, булхай луйвар, гэмт хэргүүдийг илрүүлж, зохих шийтгэлийг нь өгч, нийгмийг “цэвэрлэж”,  ямар ч улсад хууль дүрэм бийг хатуу сануулна. Үүний зэрэгцээ хүний амьдрал ч өрнөн буй.
 
      Энэ мэтээр цаашлаад “Сайн, муу хэрцгий”, “Тэрбумын хэрэг”,  “Саятан болгох дамжаа”, “Ээжүүдийн өдөр өнжүүлэх” гэхчлэн кино зохиолч, найруулагч А.Миеэгомбын бүтээлүүд хөвөрнө. Өөрөө зохиолыг нь бичээд найруулсан нь ч бийг үзэгчид андахгүй. Тун товчоор багцлан харвал тэр хайрыг ч, амьдралын үнэн бодит байдлыг ч хөгжилтэйгээр, зөөлнөөр, гэхдээ үнэн зөвөөр нь сэтгэлд буулгаж чаддаг уран бүтээлч аж. Олон сайхан киног нь өнөөдөр ч давтан үзэж, олон ч уран бүтээлч түүний киногоор үзэгчдэд илүүтэй танил болж, дүрээрээ хүмүүст хамаагүй ойртон очиж чаджээ гэдгийг ч онцолмоор байна. Одоо түүний сүүлд кино зохиолыг нь бичсэн хоёр бүтээлийг онцлоод бичвэрээ төгсгөж байна.
 
БҮСГҮЙ”, “ТАТАР”
 
     Сүүлийн жилүүдэд Монголын домог болсон хамтлагууд өөрсдийн түүхээр кино хийж, анх байгуулагдснаас өдгөө хүртэл ямар замыг туулж амжилтанд хүрсэн түүхээ дэлгэцнээ мөнхлөн үлдээх ажлыг түлхүү өрнүүлж байна. Энэ ч хүрээнд “Хурд” хамтлагийн “Бүсгүй” киноны зохиолыг тэр бичжээ.
 
"…Буйдхан өртөөний дуу хуурт дуртай “жаахан” хөвгүүд хэрхэн өсөн томорч, тухайн үед хүмүүс рок гэж урсгалыг ойлгох нь бүү хэл нэрийг нь ч дуулаагүй байсан үед рок металл чиглэлээр уран бүтээл хийдэг хамтлаг болохын төлөө хичээж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юунд ч үл бүдрэн тэмцэж, Монголын домогт “Хурд” хамтлаг болсон түүх өрнөнө. Энэ том түүхийн хажуугаар үзэгчид Чинбат, Мөнхгэрэл хоёрын санаандгүй учрал, хайр дурлалын нандин гэгээн агшин хормуудад саатна. “Хурд” тайзнаа гарах төдийд л дотно танил дурлалын дуунууд эгшиглэж, тэд дуундаа эмэгтэйчүүдийг хайрлан эрхлүүлж, уяраан, уужруулж, аргадан тайтгаруулдаг. Хэчнээн эмэгтэй энэ хамтлагийн дууг сонсож, үймрэн, үгүйлсэн сэтгэл, хүлээн хүндэтгэсэн итгэлтэйгээ үлдсэн бол. Хэтдээ дандаа хань болдог ч байж мэдэх юм. “Бүсгүй” киноны туршид эрхгүй ингэж бодогдож, даган дуулж суулаа… “БҮСГҮЙ ХҮН БҮХНИЙ ХӨГ АЯЛГУУ” тэмдэглэлийн хэсгээс…
 
Харин мөн түүхээ кино  болгосон хамтлаг бол “Татар”. А.Миеэгомбо уран бүтээлчийн зохиолоор бүтсэн “Татар” кино тэдний бага нас, хүсэл мөрөөдөл, нэгдлийг түлхүү харуулсан. Ерээд оны сүүлчээр анхлан байгуулагдаж, 2000 оны эхээр эрчээ авч, хүмүүсийн сонсох дуртай хамтлаг болсон “Татар”-ынхан өдгөө хэдийнэ 20 гаруй жил уран бүтээлээ хийж, ийнхүү өөрсдийн амьдрал, уран бүтээлийн бодит түүхийг кино болгон үзэгчиддээ хүргэжээ.

     "…Зах дээр ундаа, бараа зарж, халаасны хулгайч, гудамжны хулгиануудтай зодолдох сахилгагүй хөвгүүдийг борог ахуй, бодол хөврүүлсэн олон асуудлаас нь чөлөөлж, зүрх сэтгэлийг нь соронздон татсан зүйл бол хип хоп хөгжим. Эхлээд зүгээр л сонсох дуртай байж байгаад дараа нь түүн шиг хөгжим бүтээвэл болох юм шиг мэдрэмж бодол, сэтгэлд нь бууж, үг холбож, түүнийгээ аялах гэж оролдсоор өөрсдийн үзэл бодол, хөг аялгуу шингэсэн дууг тайзнаас хүргэх болсон нь тун товчоор “Татар”-ын эхлэл…" ,”Бусдын хайрыг хүндэл” тэмдэглэлээс…

“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188