• Өнөөдөр 2026-03-20

АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ

         Залууст “Ганцхан шалтгаан” дуугаараа урам зориг хайрлаж, ганцаардсан үед нь хань болж ирсэн уран бүтээлч бол реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал.  Харин одоо тэр түүхэн сэдэвт уран сайхны кино шиг клипүүдээрээ үзэгчдийн мэлмий, зүрхийг мялааж явна.            Саяхан гэхэд “Оройгүй сүм” романаас сэдэвлэсэн “Гэгээн” дуу нь юүтүб сувагт 9.6 сая хандалт аваад буй. Үүгээр ч зогсохгүй “Оройгүй сүм” роман номын дэлгүүрүүдээр борлуулалтаараа тэргүүлж байна. Мөн клипны нээлт хийсэн анхны тохиолдол болсон юм.  Ганцхан энэ жишээ л түүнийг хэр чансаа өндөр уран бүтээлч болохыг илтгэж байгаа нь, тэр...

 

            Thunder  “Backyard” тэмцээний ялагч болсноор “Тоонот” прокдашнд харьяалагдаж, олонд танигдаж  эхэлсэн. Тэр цагаас хойш тасралтгүй  уран бүтээлээ туурвиж, ”Бүгд о-гээс эхэлдэг”, “Дандаа даардаг охин”, “Ганцхан шалтгаан  зэрэг” хит дуунуудыг бүтээж, өөрийгөө урлаж, залууст үлгэр дуурайлал болсоор байгаа билээ.  Thunder Монгол Улсын Их Сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгссөн.   Харин нэг л өдөр  эзэмшсэн мэргэжлээ орхиж мөрөөдлөө дагасан гэдэг.  Энэ ч зөв шийдвэр байсныг тэр өнгөрсөн арван жилийн турш баталсаар байна.

МӨРӨӨДЛӨӨР ХҮҮХЭД НАС БАС РЭП ДЭМБЭЭ

            Рэп дэвжээгийн үеэр нуруун дээрээ дунд хуруу зураад явж байсан махлаг хүүг өнөөдрийн Thunder болно чинээ тухай үед хэн ч төсөөлөөгүй байх.  Айлын ганц хүү болоод ч тэр юм уу, би нэлээд зожиг, ганцаараа байхыг илүүд үздэг хүүхэд байсан. Бас нэлээд “шар”-тай бууж өгөх дургүй. Хорооллын эцсийн хойд хэсэг Улаанбаатарын хамгийн  харанхуй газрын нэг байхад тэнд өссөн. Тэр үед ах нар өргөн өмд өмсөж, томдсон малгайтай цамцтай гудамжаар хип хоп дуу  дуулдаг байлаа.  Тэрийг нь дуурайж явсаар нэг л мэдэхэд энэ урсгалд автсан байсан даа. Ер нь миний үеийн хүүхдүүд хип хоп хөгжмөөр хүмүүжсэн.

               Ганцаараа байх дуртай хүн чинь дуугаар “хань” хийж, хэт их сонсох тал байдаг. Тэр утгаараа миний хүүхэд насны хамгийн сайн найз дуу хөгжим байсан. Би багадаа шүлэг зохиодог байлаа.  Тэрийгээ “Авьяасаа ашиглаад, яагаад дуу хийж болохгүй гэж” бодоод, сурагч байхдаа анхны дуугаа хийж байлаа.

            Миний амьдралын хамгийн сайхан он цаг магадгүй “рэп дэмбээ”-д орж байсан тэр үе байх. Хичээлээ тараад л тийшээ гүйдэг байлаа. Одоо бодоход их амгалан ч байж. Зарим хүмүүс өмнөх бичлэгүүдээсээ ичээд, устгуулах гээд байдаг юм билээ. Би бол ичдэггүй, 17 настай хичээл зүтгэлтэй хүү байж дээ л  гэж хардаг.  

            Ахлах ангидаа сонирхож, Биеийн тамирын сургуульд багш, дасгалжуулагчаар сурч байлаа. Тэгээд гараа гэмтээгээд, жоохон зүрх “үхээд” МУИС-д элсэж байсан даа.  Хүссэн хүн болгон тамирчин болохгүй шүү дээ.

BACKYARD” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БОЛЖ “ТООНОТ” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧ БОЛСОН НЬ

            Их сургуулийн оюутны арга хэмжээнд анх дуулж байлаа.  Тэнд миний дууг мэдэж, намайг дуулахыг сонирхож байсан  хүн бараг байгаагүй.  Тэр үед их эвгүй санагдаж байсан ч дуугаа дуулж дуусгаад л буусан даа. Тухайн үед 50000 төгрөгөөр л дуулж байсан байх.

            Backyard бол миний амьдралын нэг шинэ эргэлтийн цэг байсан.  Тоонот бол миний хоёр дахь гэр бүл. Амьдрал, ажил гээд бүхий л цаг хугацаа хамт өнгөрөөж байна даа.  Бид хэд нэгнийхээ хөгжилтэй бичлэгийг хийж хошигнох дуртай. Бас ажиллах үедээ тултал гар нийлж чаддаг.

            “Хамгийн хайртай дуугаа хэл”  гэвэл би “Ганцхан шалтгаан” гэж хэлнэ.  Энэ дуу бүтэж эхлэх цагаасаа л надад олон сайхан мэдрэмжийг өгсөн. Маш хурдан хугацаанд бүтээгдэж,  хит болсон. Тэр чинээгээрээ олон хүнд урам зориг, амьдрах итгэл, тэмцэх хүч өгсөн нь дууны сэтгэгдлүүдээс харагдана. Заяа эдгэрээд над руу залгахад өмнө авч байгаагүй сайхан мэдрэмжийг мэдэрсэн. Ер нь дуу хөгжим хэрэггүй зүйл биш гэдгийг энэ дуу нотлох байх. 

            Тэр “Тоонот” продакшны урдаа барьдаг уран бүтээлчдийн нэг. Үүнийгээ ч баталж 2023 оны есдүгээр сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Нэг л өдөр“ хэмээх анхны бие даасан тоглолтоо үзэгч дүүрэн хийсэн.

ТЭНГРИ

            Харин өнгөрсөн жилээс “ТЭНГРИ” төслийг эхлүүлж “Jureem”,  “Dayga”, “Хээр морь”, “Монгол”, “Холын холоос” кино шиг клиптэй дуунуудыг цацсан.

Энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ахин гал гарсан тоглолтоо хүргэх гэж байна. Түүний үнэнч сонсогчид тоглолтыг нь хуруу даран хүлээж, тоглолтын тасалбар нь дуусаж байгаа гэнэ.

                        Энэ талаараа цахим хуудастаа “Шинэ үеийн залуустаа мартаж болохгүй түүхийг сэргээн сануулах,бид юу туулж энд ирсэнийг бага ч болов ойлгуулах,сэтгэл зүрхийг нь хөглөх, ээж ааваа болон бусдыг хайрлах сэдэл суулгах нь бидний цаад хүсэл билээ. Ийм том утга учиртайгаар энэ төсөл явж байгаа учир би болон манай багийн хамт олон минь шантрах эрхгүй билээ.

Сайлах муулах хоёрын дундуур санаснаа хийж яваад дуусна даа.

Бүтээгч бид урт насгүй ч

Бүтээлүүд маань урт удаан орших болтугай! Та бүхнийг хүндэтгэсэн: Тэнгри төслийн хамт олон” гэжээ.

 

 


АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188