• Өнөөдөр 2026-03-19

Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО

2026-03-19,   127

Хар тамхи, мансууруулах бодисын донтолт, түүний аюулын талаар өгүүлэх “No Drug: Ганц удаа гэж үгүй” олон ангит киноны гол дүр Б.Мөнхдэлгэртэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “No Drug: Ганц удаа гэж үгүй” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж эхэлсэн шүү дээ. Хүмүүсээс цагаа олсон сайн уран бүтээл гэсэн сэтгэгдэл их авч байна. Уран бүтээлчийн хувьд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Миний хувьд ч яг цагаа олсон маш хэрэгтэй зохиолтой уран бүтээл болсон санагдаж байгаа. Ийм сайн уран бүтээлд тоглох санал тавьсанд ч тун их талархаж байна. Хоёр сарын хугацаанд мансууруулах бодисын хэрэглээ ямар их байгааг мэдэж, ойлгоод үнэхээр их сэтгэлээр унасан. Энэ кино маань бүх хүний хүртээл болж үзсэн хүмүүст нэгийг ойлгуулж тунгаах боломж олгох байх гэж найдаж байна.

-Мөрдөгч, цагдаагийн дүрд ажиллах ямар байв. Өмнө нь гаргаж байгаагүй ширүүн, шийдэмгий төрхийг гаргах хэрэгтэй болсон байх?

                -Инээдмийн контент хийдэг учраас эхэндээ мөрдөгч эмэгтэйн дүрийг сайн гаргаж чадахгүй байсан. Гэхдээ зохиолын уншлага сайн хийсэн мөн цагдаагийн алба хаагчид биднийг хянаж, дор бүр нь зөвлөгөө өгч явсан учраас чадахаараа сайн гаргасан байх. Хэр сайн дүрээ гаргасныг маань үзэгчид шүүж, дүгнэх байх. Надад бол цагдаагийн дүр бүтээх үнэхээр гоё санагдсан мөн тэдний албаны хэцүүг нь харж, ойлгосон.

-Таны хувьд тэр бүр кино уран бүтээлд тоглоод байдаггүй шүү дээ. “No Drug: Ганц удаа гэж үгүй” кино уран бүтээлийн юу нь хамгийн сайхан санагдаж, дүрийн саналыг хүлээж авах болсон бэ?

                -Хар тамхи үнэхээр манай нийгмийн тулгамдсан асуудал болсон байна шүү дээ. Хөөрхөн дүү нараа мансууруулах бодист донтоод гар хөлөө тайруулж, царай алдаж байгааг нь харахыг хүсэхгүй байна. Тэр олон жүжигчин дундаас надад санал тавьсан учраас талархан хүлээж авч кинондоо тоглосон. Би чинь хүүтэй ээж хүн, тиймээс хүү минь дараа нь харж ээжээрээ бахархах, эерэг уран бүтээлүүдэд л тоглохыг хүсдэг. Миний хувьд тайзны болон дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглохыг хүсдэг, цөөн уран бүтээл бий. Гэхдээ би өөрөө кино хийхийг хүсдэг учраас тэр бүр кинонд тоглоод байдаггүй ээ.

-Хар тамхины эсрэг уран бүтээл шүү дээ. Кинонд тоглож байхдаа энэ бодисын хор хөнөөлийн талаар илүү их ойлголтой болов уу?

                -Би хар тамхи ямар олон төрөл, хэлбэр хэмжээтэй, хэрхэн хэрэглэдэг, ямар нөлөөтэйг судалж мэдсэн. Цагдаа нар маань ч сайн зөвлөж, тайлбарлаж өгсөн. Гадаад иргэдийн хар тамхи хэрэглэсэн байдлыг харуулсан бичлэгүүдийг ч интернэтээс хайж үзсэн. Тэр бүрийг үзэх бүртээ хар тамхинаас хол байх ёстойгоо л улам ухамсарласан. Хүнийг ямар аймар болдгийг нь харуулаад байхад яагаад хэрэглэх сэдэл төрөөд байдгийг нь ойлгоогүй ээ. “Ганц удаа гэж үгүй” гэдэг үг үнэхээр үнэн юм билээ. Хувь хүний хувьд хэзээ ч ойртож болохгүй зүйл гэдгийг л сайн ойлгож авлаа даа.

“АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ” ГЭЖ БОДМООР БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД Ч МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭДГИЙГ СОНСОХ ХАМГИЙН СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛСЭН ЗҮЙЛ БАЙЛАА

-Кино дээрх зарим үйл явдал бодит түүхээс сэдэвлэгдсэн гэсэн. Хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн сэдэв, хэсэг аль нь байсан бэ?

                -Охин нь байрныхаа ахад дурлаад тэр залуу нь охиныг нь хар тамхинд оруулчихдаг.Хэд хэдэн удаа гэртээ мансуурчхаад ирсэн охиноо ээж нь нэг удаа дагаж байгаа нөгөө залуучуудад баригдаад хүчээр хар тамхи хэрэглээд охинтойгоо хамт хэрэглэдэг болчихдог талаар гардаг анги байдаг юм. Тэр хэрэг жинхэнэ үйл явдлаас сэдэвлэгдснийг нь сонсчихоод сэтгэл хөндүүрлэсэн. Эх хүний сэтгэл зүй хүүхдээ хамгаалаад хүүхдээ ойлгоод , хамт хэрэглээд амьдрал нь там болж байгааг ойлгох үнэхээр хэцүү байсан.

-Тус уран бүтээлийн багийнхан хар тамхи хэрэглэж байсан хүмүүстэй ярилцаж, уулзаж үзсэн гэж байсан энэ үнэн үү. Тэднээс хамгийн их сонссон сэтгэл эмзэглүүлсэн үг, үйлдэл нь юу байсан бэ?

                -Тэр үед зураг авалттай байсан учраас очиж чадаагүй. Гэхдээ цагдаа нар маань биднийг мэдээллээр хангах үүрэгтэй байсан учраас тэднээс мансууруулах бодистой холбоотой олон бодит түүхийг сонссон. Сонсож байх үед хоолой зангирч өмнөөс нь харамсах үе олон байлаа. Сонсоод “Арай ч үгүй байлгүй дээ” гэж бодмоор насны хүүхдүүд ч мансууруулах бодис хэрэглэж байсан юм билээ. Орчин цагийн хүүхдүүдэд материалаг зүйл гэхээсээ илүү найз шиг нь дотно харилцах гэр бүл хэрэгтэйг ойлгосон. Хамгийн гол нь хүүхдээ буруутгахаас илүүтэй сайн сонсож илэн далангүй ярилцаасай гэж хүсэж байна.

-Уран бүтээлчийн хувьд “No Drug: Ганц удаа гэж үгүй” киногоороо үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бэ?

                -Өсөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд хар тамхины хэрэглээ, уруу татах явдал өсвөр насныхны дунд элбэг болоод байгаа шүү, хүүхдээ анхаарч хараарай, ярилцаарай. Хүүхдээ хайрлана гэдэг эд материалаар хангахыг хэлдэггүй юм шүү, хайраар өсгөөрэй гэдгийг хэлэхийг хүссэн уран бүтээл.

-Таныг хүмүүс богино хэмжээний контентуудаар нь мэднэ шүү дээ. Анх тэдгээр контентуудыг хийх санаа хаанаас төрсөн юм бэ?

                -Тийм ээ, намайг контентуудаар маань сайн мэдэх байх. Тухайн үедээ хүмүүсийн юу үзэж сонирхож байгааг харж байгаад л хошин контент хийж эхэлсэн.

-Контентуудаараа үзэгчдэд юу хүргэхийг зорьдог уу?

                -Хосын харилцаанд тулгардаг асуудлуудыг егөөдөж контентуудаа хийдэг. Миний хэлэх гэсэн санааг ойлгодог нэгэн баййхад шууд утгаар нь хүлээж аваад уурладаг хүмүүс ч бий. Уурлаж, олйгохгүй хүмүүс байсан ч би контентоо хийхээ болихгүй цаашид бүтээлээ илүү сайжруулж, нийгэмд эерэг энерги түгээх контент хийх болно. Хүмүүст эерэг бүхнийг түгээхийг л хамгийн их хүсдэг дээ.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ, юу нөлөөлөв?

                -Ер жүжигчин болно гэж бодоогүй ээ. Багаасаа балетанд дуртай, хичээллэдэг байсан ч зарим зүйлээс болоод тэнцээгүй. СУИС-д бүжигчинээр элсэх гэж байсан ч тэр үед Хөгжимт театрын жүжигчний анги найман жилийн дараа элсэлт авч байна гэсэн. Тэр ангид сурснаар бүжиглэж, дуулж, жүжиглэж сурах боломжтой гэдгийг нь сонсоод шалгалт өгч тэнцсэн. Ер нь урлаг гэдэг цаанаасаа л биднийг татаж байдаг сайхан зүйл шүү дээ.

-Өөрийнхөө тоглосон кино, контентыг үзэх ямар байдаг вэ?

                -Өөрийнхөө тоглосон киног нэг л удаа үзэж чадна, ичээд байдаг юм. Контентын хувьд өөрөө эвлүүлдэг учраас хэд хэдэн удаа үзэх шаардлагатай болно. Нэг хийсэн контентоло хэдэн сарын дараа дахиад үзхээр “Ямар хөөрхөн юм хийсэн юм бэ” гэж бодогдоод байдаг.

-Гэр бүл нь жүжигчин болно гэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ, дэмжсэн үү?

                -Анх хуульч, эмч болгоно гэж ярьдаг байсан юм. Гэхдээ яаж ч шахаад хүүхдээ дэмжихээс өөр аргагүй шүү дээ. Өөрийнхөө хүсэж, зорьсон замаар л хүн явдаг юм билээ. Хүсээгүй зүйлээ хийсэн үед хий дэмий ээж, аавынхаа мөнгийг үрээд дуусна. Тэгэхээр дүү нар маань өөрийн хүсэл мөрөөдлөө ээж аав нартайгаа ярих хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө зорьсон зорилго, мөрөөдөлдөө хүрэх хэрэгтэй. Би багаасаа л дуулж, бүжиглэх дуртай байсан болохоор гэрийнхэн маань намайг урлагийн талын хүн болно гэдгийг гадарлаж байсан байх. Би хүсэл мөрөөдлөө хэлсэн болохоор гэрийнхэн маань намайг бүх талаар нь дэмжихээр шийдсэн.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ. Ямар уран бүтээлч байхыг эрмэлздэг вэ?

                -Олон төлөвлөгөө бий. Кино, контент хийх төлөвлөгөө байгаа. Миний алсын хараа бол хүмүүст инээд, аз жаргал бэлэглэхийг л хичээдэг. Сөрөг нийгэм, хэцүүг нь харуулчихсан кино олон байгаа. Энэ бүхний дундаас хүмүүст аз жаргал бэлэглэхийг л хичээж байна.


Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188