• Өнөөдөр 2026-03-20

Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ

2026-03-20,   62

Витраж болон мозайкаар бүтээл туурвидаг Г.Амарцэцэгтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Мозайк уран бүтээлчээр ажиллаад хэр удаж байгаа вэ?

                -Би 2017 оноос энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Энэ урлагийн гоё тансаг чамин хийцтэй, хийсэн бүтээл нь урт удаан настай байдаг нь хамгийн их таалагддаг даа.

-Шилэн урлал шүү дээ. Тэгэхээр тун эмзэг зүйлстэй харьцдаг байх. Амаргүй байх тусам таны чадварыг илүү сайжруулж байдаг уу?

                -Шилтэй харьцдаг болохоор жаахан хэцүү л дээ. Гэхдээ хийх тусам дадлагажаад байдаг учраас сонирхолтой шүү. Хийх тусам л чадварыг маань сайжруулж байдаг даа.

-Мозайк урлалын үнэ цэн нь юунд оршдог гэж боддог вэ. Хүмүүст ямар мэдрэмжийг өгдөг бол?

                -Мозайк урлал тансаг бөгөөд урт настай байдагт үнэ цэн нь оршдог юм болов уу гэж боддог. Мөн хүмүүст шилээр хийсэн байдал их таалагддаг юм билээ. “Шилээр уран зураг зурчхаж байгаа юм биш үү” гээд хүмүүс их гайхдаг.

- Мозайк эдлэл хийхэд тусгай шил, түүхий эд ашигладаг уу. Түүхий эд нь Монгол Улсад хэр олдоцтой байдаг вэ?

                -Тиймээ зориулалтын өнгөт шил ашигладаг манай улсад түүхий эд худалдаалдаггүй учраас захиалж, зорьж авдаг. Манайхан одоогоос л энэ урлагийн талаар арай илүү мэддэг болж, хөгжиж байгаа.

-Тус урлалыг хийхэд хамгийн их ажиллагаа шаарддаг нь ямар бүтээл байдаг вэ?

                -Ер мозайк болон витраж хоёр өөр техникээр хийгддэг витраж нь илүү нарын ажиллагаа шаарддаг.

-Хүмүүсээс хэр их захиалга ирдэг вэ. Хүмүүсийн төсөөлөлд байгаа загварыг өөрийн техниктэйгээ хослуулан бүтээгдэхүүн хийхэд хэцүү зүйл тохиолддог уу?

                -Уран зураг шиг айл болгоны хананд өлгөгддөг зүйл биш учраас байнгын захиалгатай бол байдаггүй ээ. Захиалагчийн хүсэл сонирхол дээр өөрийн бүтээлийн хэв маяг зэргийг шингээхийг хүсдэг тийм ч хэцүү санагддаггүй.

-Удаан хугацаанд мозайкаар бүтээл хийж байгаа юм билээ. Тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн нь ямар бүтээл байсан бэ?

                -Бүгд л үлддэг яагаад гэвэл надаас гарж байгаа энерги болон цаг хугацаа гээд олон зүйл шингээсэн хөдөлмөрөөр бүтээгддэг учраас яг л миний хүүхдүүд санагддаг. Эргээд бас бүтээлүүдээ яаж байгаа бол бүрэн бүтэн сайхан байж байгаа болов уу гээд л санаа тавина шүү дээ. Ялангуяа анхны том ажил маань сэтгэлд тод байдаг. Дарханы хуримын ордны мозайк дээр ажиллаж байсан юм. Саяхан “Надад ирээгүй хайр” киноны хуримын хэсэг дээр харагдаж байна лээ. Хийсэн бүтээлээ харах үнэхээр сайхан байсан. Төрийн ордонд оюутан байхдаа Ц.Нарангэрэл багшийн удирдлага доор Чулуугаар дөрвөн их хаадын хөрөг мокайк ажил хийж байсан юм. Заримдаа гишүүдийн маань ард харагддаг. Тэднийгээ анх хийсэн үе шиг гоё байгааг нь харах сайхан байдаг шүү.

-Уран бүтээлчид ямар ч хэцүү үе таарсан бүтээлээ хийсээр байдаг.  Гэхдээ хэчнээн дуртай байсан ч санхүүгийн асуудал тулгарвал хэцүү шүү дээ, тийм үеийг  хэрхэн давсан бэ?

                -Тиймээ дуртай учраас мөнгөгүй байсан ч хийгээд сууж байх сайхан байдаг. Одоо үед гэхдээ мэдээж санхүүгээ зохицуулах хэрэгтэй. Энэ үед гэр бүл маань их дэмждэг намайг ойлгодог хүмүүсээр хүрээлүүлсэндээ талархаж явдаг даа . Энэ хүртэлх хугацаанд үнэнчээр бүтээлээ хийгээд явахад нөхөр болон гэрийнхэн маань хамгийн их тус болж байгаа. Намайг үргэлж дэмжсээр ирсэн учраас ингээд уран бүтээлчийн хувиар ярилцлага өгөөд сууж байгаа байх. Уран бүтээлч хүмүүст хажуудах хүмүүсийн сэтгэл санааны дэмжлэг их хэрэг болдог юм шиг санагддаг.

-Бүтээлийнхээ өгүүлэмжийг бүрэн гаргахын тулд дагалдах хэрэгсэл, туслах бүтээгдэхүүнийг хийх үе бий юү?

                -Заримдаа захиалагчид маань их сонин сонин юм хүсдэг. Тэд нараас маань заримдаа гоё санаа гарна. Хүссэн зүйлийг нь хийхийн тулд нэмэлт юм хийх хэрэг гарна. Ер нь энэ урлаг байна хүмүүсийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалаад байнгын хөгжиж байдаг.

-Хийхийг хүсдэг, өөрийгөө соримоор байгаа бүтээл бий юү?

                -Байгаа, олон бий. Шилээр хийгддэг учраас сэтгэж л чадвал олон гоё зүйлийг хийж болдог урлаг шүү дээ. Жишээ нь, шилэн дээрээ хүний нүүрийг уран зураг шиг зурдаг техник байна, мөн гэрлийн авжур, аяга таваг ч хийж болдог. Гол чөлөөтэй сэтгэж, зөв техникээр ажиллах хэрэгтэй.

-Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байгаа вэ?

                -Цаашид энэ урлагаа эх орондоо таниулж, илү хөгжүүлэхийг мөрөөдөж байна. Витраж болон мозайкаар хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах зорилго бий. Монголд энэ төрлийн урлалаар үзэсгэлэн гарж байгаагүй юм.

 


Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188