-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар ажил төрөл эрхэлдэг хүн бэ. Гурвантэс сумд байгаа уурхайнуудын үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байдаг юм уу?
-Намайг Т.Дүүмаам гэдэг. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4-р багийн иргэн. Хувийн бизнес эрхэлдэг хүн байна. Энэ нутагтаа олон жил ажиллаж, хөдөлмөрлөн амьдарч байна даа. Манай сумын одоо байгаа бодит байдал үнэхээр хэцүү, хүнд байгаа. Төр засаг улс, орны эдийн засгийн хөгжил гээд л нэг их сүржин юм яриад байхаас биш. Бодит амьдрал дээр тухайн орон нутгийн хөгжил цэцэглэлт, иргэдийн амьдралыг огт анхаарахгүй байгаад үнэхээр гайхдаг.
Өнөөдөр манай улс төсвийнхөө 50-иас дээш хувийг уул уурхайгаас бүрдүүлж байна гэж ярьдаг ярьдаг мөртлөө. Малчид, иргэдийнхээ эрүүл орчинд, тайван амьдрах, нөхцөл боломжийг үгүй хийсэн. Уул уурхайн үйл ажиллагаа иргэдийн амьдрал, амь насанд заналхийлсэн байдалтай яваад л байна. Зөвхөн манай Гурвантэс суманд зургаан уурхай ажиллаж байгаа. Яг одоо Гурвантэс сумын стратегийн чухал орд газарт “МАК”, “Эс Жи Эс”, “Хүрэн толгой коал майнинг”, “Өсөх зоос” зэрэг компаниуд, үүнд дээр тээвэрлэлтийн компаниуд гээд цадиг, замбараагүй олон байгууллага бий.
-Нүүрсний тээвэрлэлт хийж байгаа хэд машин байдаг юм бол?
-Одоогоос 2-3 жилийн өмнө 3500 орчим хүнд даацын машин байсан. Гэтэл одоо ойролцоогоор 5-6 мянган машин болж өссөн. Уурхайд ажиллаж байгаа хүн амын тоо хүртэл нэлээд өссөн байгаа.
-Танай сумын малчид бэлчээргүй болсноос үүдэн бусад аймаг сум, хот суурин газар руу нүүж, шилжиж байна гэж сонссон?
-Зөвхөн малчид ч биш сумын иргэд ч нүүж байна. Манай сумын боловсролын байгууллагын чанар хүртээмж, хөгжлийн түвшин, багш нарын заах арга, ур чадвар муудсан. Мөн уурхайнуудаас болж, амьдрах орчингүй болсон айлууд нүүхээс өөр гарцгүй болсон. Сумын уугуул иргэд сумандаа ая тухтай амьдрах боломж, улам бүр хумигдаж байгаа. Ундны усгүй болж байна. Тоосжилтоос болж эрүүл мэндээрээ хохирч, малын бэлчээргүй болсон. Ургамал, ногоо ургахаа больсон. Ган гачигийн давтамж, олширсон. Боловсролын байгууллагын чанар муу болохоор хүүхдийнхээ сурах боломж, нөхцөлийг бодоод төв суурин газар бараадаж байгаа.
-Танай Гурвантэс сум хэдэн малчин өрхтэй вэ?
-Малчин өрх гэдэг ер нь хэцүү болчихсон. Гоёот болон Тостот цөөн хэдэн малчид бий. Баясах баг, Овоот чиглэлд малтай байх ямарч боломжгүй болсон. Ус, горхи, булаг шанд ширгэсэн, малын бэлчээргүй болж, тоос шороонд ургамал ургахаа больсон. Гандсан, цөлжсөн, уул уурхайн тоосжилтод мал битгий хэл, хүн амьдрах боломжгүй хэмжээнд хүрсэн. “МАК” компанийн уурхайн бүсэд байсан Баярынх гэдэг айлын гурван хүн тоосжилтоос болоод зүрх, уушги муутай, сахарын өвчинтэй болсон байна. Нэг хүүхэд нь сумын эмнэлэгт сэхээнд үхэл, амьдралын зааг дээр байгаа. Ийм байдалтай хүн, малын эрүүл мэнд хохирч байна. Одоо уурхайн ойр хавийн айлаас мал аваад гаргахад гэдэс доторыг нь идэх боломжгүй болсон. Манай суманд уул уурхайн шууд нөлөөллөөс бэлчээргүй болсон. Малчид бараг л устсан, цөөн хэдэн өрх үлдсэн байгаа.
-Сумын цэвэр усны хангамж, нөөц ямар хэмжээнд байдаг вэ. Уурхайнууд төв хэсгийн ойр орчны замаа усалж байгаа харагдсан. Тэр ус нь цэвэр ус уу, саарал ус байна уу?
-Сумын төв дээр цэвэршүүлэх байгууламж ажиллаад одоохондоо болж л байна. Цэвэр усны 5-6 худаг бий. Ирээдүйд усны гачигдалд өртөх нь ойлгомжтой л асуудал. Уурхайнууд ойр орчны замаа саарал усаар усалж байгаа нь юу бол. Аягүй л бол цэвэр ус хэрэглэж байгаа байх. Уг нь худгаас ус татаж усалдаг байсан. Ганцмодонд нууцаар ухсан худаг байсан нь усгүй болж ширгэсэн гэж дуулдсан. “Эс Жи Эс”-ийн шинэ отволоос гарсан шүүрлийн усаар замыг усалж байгаа гэж сонссон. Тэрнээс биш саарал усыг ашиглаагүй болов уу. Бохироо шууд байгаль дээр урсгаж байгаа компаниуд саарал ус ашиглахгүй байхаа.
-Танай сумын өмнө тулгамдаад байгаа аюултай зүйл нь нүүрс тээвэрлэлт, шороон замын тоосжилтын асуудал байна уу?
-Уул, уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаггүй. Хамгийн том асуудал бол авто замын асуудал байгаа юм. Гурвантэс сум 320 км хатуу хучилттай авто замтай болмоор байна.
-Өмнөговь аймгийн төвөөс ирж байгаа замыг танай сумтай холбоход 80 км л үлджээ?
-Харин тийм ээ, улс, аймаг орон нутаг, хөрөнгө мөнгө, байхгүй гээд л байгаа. Нийгмийн харицлагын хүрээнд сэтгэл гарган, энэ олон уурхай компаниуд нийлээд хөрөнгө гаргаж болмоор л санагдах юм. Энэ 80 км шороон зам дээр тоосжилтоос болж хүний амь эрсдээд байхад улс, аймаг, орон нутаг, уурхайнууд огт тоохгүй байгаа. Уг нь хоёр талаас нь замын ажлыг эхлүүлсэн боловч одоо 75-80 км замыг дуусгалгүй үлдээсэн байгаа. Энэ зам дээр сумын иргэд болон гадны хүмүүс машин, тэргээ эвдэж, аваар осолд орж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа. Манай сумын хамаг баялгийг ухаж байгаа компаниуд 80 км замын хөрөнгө, мөнгийг шийдэж чадахгүй байгаад үнэхээр гайхаж байна. Нийт 320 км авто замын хөрөнгийг шийдэж, чадахгүй ийм л төр засагтай байгаадаа үнэхээр гутрах юм.
УИХ-д манай тойргоос сонгогдсон гишүүд, шал худлаа том, том зүйл амлаад л явдаг. Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Гурвантэсийн замын хөрөнгө, мөнгийг найдвартай шийдэж, баталж өгнө” гэж амлаж байсан бас л хоосон амлалт болоод л өнгөрсөн. Ийм арчаагүй, худалч Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй Монголын төр засаг байгаад байхаар яаж Монгол Улс хөгжих юм бэ.
Өмнөх уурхайнуудынхаа нийгмийн хариуцлагыг хянаж, үйл ажиллааг нь цэгцэлж чадахгүй байж “Алт-2” төсөл гээд манай Баясахад шинээр дөрвөн уурхай нээх гэж байна. Одоо болоо шүү дээ. Яасан ханаж цаддаггүй юм. Уул уурхайгаас ард түмэн ашиг шим хүртэж чадахгүй байгаа. Харин компанийн эзэд, төр засгийн дарга нар, хятадууд л ашиг хүртэж байх шиг байна. Тэгээд л тэд байгаль орчин сүйдэж, ан амьтад, мал, малчин амьдрах газаргүй, уух усгүй болж байхад уурхай нээнэ гээд чичэрч, дайраад л байх юм.
Монгол Улсын төр засаг, УИХ-д үнэхээр эх орон, иргэдээ бодсон цэвэр Монгол хүн байна уу. Яагаад иргэд бидний төлөөлөл болсон та нар ажлаа хийхгүй байна вэ. Би иргэн хүний хардах эрхийн хүрээнд үүнийг хэлж байна шүү. “Та нар үнэхээр урд хөршийн захиалга, заавраар ажиллаад байгаа юм биш үү. Яагаад улс орноо, иргэдээ, энэ сайхан байгаль, дэлхий, ховор, амьтан, ургамал, нүүдлийн соёл иргэншлээ, эрчимтэй, хурдтайгаар устгаад байгаа юм бэ. Эцэг, өвгөдөөс бидэнд үлдээсэн энэ сайхан байгаль орчин, онгон дагшин, эмзэг говийн эко систем ахиж, нөхөн сэргэхгүй. Уурхайнууд мал сүрэг, зэрлэг амьтдын амьдрах орчинг үгүй хийж байна. Малчид болон, сумын иргэдэд аюул түгшүүргүй, эрүүл орчинд амьдрах боломж өдрөөс өдөрт хумигдаж байна шүү” гэж хэлмээр байна.
Өнөөдөр гэхэд л “МАК” компани ашиглахаа больсон хоёр отвол, овоолгоо нээчихсэн байна. Мөн замын баруун талын хоёр отволын орой дээр бүхэл бүтэн хятадын кемп, хороолол байгуулчихсан байгаа. Одоо түүн дээрээ шатахуун түгээх станц, хятадууд байрладаг орон байраа барьчихлаа. Монгол ажилчдын квотыг багасгаад , хятад ажилчдын квотыг нэмчихсэн байгаа. Хятадууд, монгол ажилчдаас илүү цалин, ахуй хангамжтай ажилладаг. Энэ үнэхээр эзэнгүй төрийн эмгэнэл болчихсон байгаа шүү.
-Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уурхайн нүүрс тээвэрлэлтийн зам танай нутгаар дайрч өнгөрөх юм байна. Энэ замаар нүүрс тээвэр хийхийг эсэргүүцсэн иргэдийн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарч байсан?
-Тийм ээ, “Секэр ресорсус Монголиа” компани Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Шивээхүрэн боомт хүртэл 295 км урттай хатуу хучилттай замаа тавихгүйгээр тээвэрлэлт хийх гэж байсан. Үүнийг нь нутгийн иргэд, малчид эсэргүүцэж, зогсоосон. Бид хатуу хучилттай замаа эхлээд тавь гэсэн шаардлага өгсөн. Үүний дараа нүүрс тээвэрлэлтээ хий гэсэн. Хамгийн сонин нь нэг удаагийн тээвэрлэлтэд хятадын жолоочгүй, хүнд таацын 100 машин явна гээд байгаа. Түүнийг нь удирдах 1-2 техникийн ажилтан оператор байх юм гэсэн. Одоогоор жолоочгүй машиныг удирдах антены эхнийхийг нь зоосон. Хэрэв хятадууд өөрсдөө тээвэрлэлт хийх юм бол Монголд ямар ч ашиггүй, хятадад л 100 хувь ашигтай тээвэрлэлт болно. “Сэкэр ресорсус Монголиа” компанид монгол жолооч ажилд орж чадахгүй байх нь. Энэ уурхай Өмнөговь, Баянхонгор аймгийн нутгийн иргэд бидэнд ямар ашигтай юм. Монгол Улс ч энэ тээвэрлэлтээс ашиг, шим хүртэж чадахгүй шинж төлөв мэдрэгдээд байгаа.
Нутгийн иргэдийг ажлын байраар хангана гэдэг бол худал амлалт байх. Нутгийн иргэдэд болон Монгол Улсад ямар ч ашиггүй ийм төсөл хөтөлбөрийн хэрэг огт байхгүй. Уул уурхайн яам, Байгаль орчны яам Улаанбаатар хотоос шийдвэр гаргаж суухаар газар дээр нь ирээд үздэг болоосой. Тэд ирэхээсээ өмнө, бид танай уурхай дээр очих гэж байна гээд л урьдчилан мэдэгддэг. Түүнийг нь дуулсан уурхайнууд хамаг зөрчлөө нууж, жин тан болгон, өнгөлөн далдлаад нуучихна. Дарга нар ирэхдээ баахан сэтгүүлч дагуулж, сүр дуулиан болж ирдэг. Нөгөө сэтгүүлчид нь уурхайг хоосон магтсан мэдээ, мэдээлэл түгээж, иргэдийн “тархийг угаадаг” юм. Яагаад гэнэтийн шалгалт хийж болдоггүй юм бэ.
Яг өнөөдөр ирээд л гэнэт шалгавал Овоотын застав руу явдаг замын хажуу руу “Эс Жи Эс компани” цэвэрлэх байгууламжийн бохир усаа шууд урсгасан байдалтай байна. Том хоолой тавиад бохироо шууд байгаль дээр урсгажээ. Ийм л байна шүү дээ. Эдгээр компанийн хог хаягдал бүр дийлдэхгүй болсон. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аюултай хэмжээнд хүрсэн. Хотоос дарга нар ирэх сургаар хогоо түрж, шороогоор булж нуугаад, нүд хуурдаг.
Хөрс бохирдуулдаг, байгальд 500-1000 жилийн дараа уусдаг хуванцар сав, гялгар уут, түлш, тосны сав гээд хортой хог хаягдлыг булж байна. Эдгээр компаниудын заваан залхаг байдал нь дээд цэгтэй хүрчихсэн байдалтай байгаа. Энэ бүхнийг төр засгийнхан биеэр ирж үзэхгүйгээр, бичиг цаасаар мэдээлэл авсан болж, төрийн ажил хийж байгаа нь үнэхээр утгагүй байна. Үгүй ядахдаа Өмнөговь аймагт Уул уурхай яам, Байгаль орчны яам нь ойр байвал хяналт нь жаахан боловч сайжрах болов уу гэж бодох юм. Төрийн ажлыг ширээний цаана суучихаад, алба тоот, мэдээ, судалгаагаар явуулж боломгүй санагдаж байна.
-Нүүрс тээвэрлэлтийн машинууд тасралтгүй цуваанд явбал ан амьтан битгий хэл, мал, хүн хүртэл баруун, зүүн тал руу гарч чадахгүй тусгаарлагдах болжээ?
-Тийм ээ, зэрлэг амьтад болон мал, малчдын нүүдлэн шилжилтийг бүрэн зогсоосон. Энэ “Сэкер ресорсус Монголиа” компанийн зам говийн дархан цаазат газрын дундуур тавигдаж байгаа. Гурвантэс сумаас урагш ан амьтад, малын бэлчээрийг хувааж тусгаарлаж байсан бол одоо тэр алдаанаасаа сургамж авахгүйгээр хүрээг нь улам бүр тэлж эхэллээ. Баянхонгор аймгийн Шинэжинст сум хүртэл 295 км урттай замаар говийг хуваах болчихсон. Тус замын дагуух сумын малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа замын хоёр талд хуваагдсан. Гэхдээ тэнд цөөн малчин өрх байдаг юм билээ.
“Зам дагаж хөгжил ирдэг” гэдэг гоё үгээр малчид болон сумын иргэдийг хуурч байгаа. Зам дагаж үхэл ирдэг болчихоод байна. Зам дагасан эрсдэл одоогоор маш өндөр хэмжээнд хүрсэн. Замын тоосжилтын асуудлыг яах юм бэ. “Сэкер ресорсус” компанийн замын ажлыг эхлэх үед нэг дор гурван хүн амь эрсдсэн. Гурван айлын амьдрал сүйрчихээд байна.
-Замын тоосжилтоос болж Гурвантэс сумын 19 хүн амь насаа алдсан гэж байсан?
-Одоо тэр бүхнийг ярих, хэлэх юм биш. Өдөр тутам эрдэнэт хүний амь нас эрсдэж байна. Сумын иргэд айдастай амьдарч байгаа. Бүр сүүлдээ өнөөдөр битгий л хүн эрсдээсээ гэж залбирах болсон. Наад 19 гэдэг тоо чинь ойрын 2-3 сарын л тоо. Аймшигтай, өдөр болгон шахуу л осол, эндэгдэл гарч байна шүү дээ. Өчигдөр л гэхэд уурхайн усны машинд нэг жолооч дайруулаад нас барчихлаа. Уурхай дээрээ байдаг усны машиныхаа техникийн бүрэн байдлыг хангаж чадахгүй байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Ийм хариуцлагагүй компаниуд 5-6 мянган тээвэрлэлтийн машины техникийн аюулгүй байдалд хяналт тавьж чадахгүй.
Ил гарсан, олон нийтэд мэдэгдсэн осол цөөхөн байгаа болохоос биш, хүний амь нас, эрүүл мэнд үнэгүйдсэн. Уурхайнуудад нууцалсан тоо томшгүй гэмтэл, бэртэл, үхэл хагацалын аюул их бий. Монгол хүний амь нас ямарч үнэ цэнгүй болжээ. Уурхай компаниуд сум орон нутагт өгсөн тусламжаа үргэлж ярьж, нэг насаар нь иргэдийн ахуй амьдралыг шийдчихсэн юм шиг яриад байдаг.
-Танай сумын иргэдийг уурхайнууд ажлын байраар хангаж байгаа юм биш үү?
- Биднийг амьдралгүй, нутаг, усгүй болгож байгаа шүү дээ. Яагаад бидний насанд туршийн хохирлын хэмжээг ярихгүй байгаа юм. Үр хүүхэд, ирээдүй үе маань энэ нутагт амьдрах боломжгүй болоод дайжих болчихоод байна. Бидний нутгийг ухаж, биднийг амьдрах газаргүй болгож байгаа компаниуд сар болгон сумын иргэдэд нөхөн олговор олгох ёстой. Бид газар нутаггүй, амьдрах орчингүй, амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэх нь. Манай сумын энэ их баялгийн ашиг шимийг нь компанийн эзэд болон хятадууд хүртээд баялгийн эзэд бид ядуурч үлдэх нь шударга ёс юм уу.
Уурхайд ажиллаж байгаа манай сумын иргэд цөөн бий. Тэд хятад ажилчдаас бага цалин авдаг. Хятадын жолооч цуваанд орохгүй. Хилээр шууд гардаг. Тэд монголчуудаас давуу эрхтэй. Монголчууд нүүрсээ хятадуудад хямд зарж байгаа шүү дээ. Гэтэл Эрчим хүчний яамны сайд, Улаанбаатар хотын захирагч нь хятадаас үнэтэй нүүрс худалдаж авч Улаанбаатарын гэр хорооллын айлуудад зарж байгааг хараад гайхах юм. Ямар урагшгүй, ухаангүй хүмүүсээр Монгол Улсаа удирдуулаад байна аа. Монгол Улсын хөгжих боломжийг УИХ-ын 126 гишүүд нь хааж боогоод, хойд, урд хоёр хөршийнхөө заавраар улс орноо улам бүр уруудуулан доройтуулаад байгаа юм биш үү. Энэ цөөхөн 3 сая 600 мянган иргэдийг хангалттай баян чинээлэг амьдруулах баялаг Монгол Улсад байна.
-Уурхайнууд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийг ажил орлоготой байлгах тал дээр анхаардаг байх. Гэхдээ хятад иргэд олноор ажилладаг бололтой?
- Манай сумын иргэд Гурвантэс сумын уурхайгаас гадна Ханги мандал, Цагаан хад руу явж ажилладаг. Ер нь уурхайнууд манай сумын иргэдийг ажилд авах тийм дуртай биш. Монгол хүнээ ажлын байраар хангахгүй байж, хятад ажилчин олноор оруулж ирж байгааг хараад гайхдаг. Гадаадын иргэн харьяатын албаныхан ажлаа хийгээч. Газар дээр нь ирж, хяналт тавиачээ. Манайх чинь тусгаар тогтносон улс биз дээ. Яагаад зөвхөн нэг улсын иргэдийн эрх ашгийг хамгаалаад байдаг юм. Монгол, Хятадын хилийн боомтын хөгжил өдөр, шөнө шиг ялгаатай байгаа.
Монголчууд Шивээхүрэн боомтоор нийтийн тээвэр хийж чадахгүй байхад хятадууд, Монгол руу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрхтэй байх юм. Хятадууд үнэхээр “Даам” гарчихсан байгаа. Монгол жолоочид хоолны мах, ногоогоо авч хилээр гарах боломжгүй. Ганц ширхэг сонгино байхад идэж байгаад гар гээд л, харж байгаад түүхий сонгино идүүлж доромжилж байна. Иргэдийг нь ингэж дорд үзэж байхад манай төр засгийнхан нэг л их хөгжлийн төсөл, хөтөлбөр, хэдэн их наядын хөрөнгө, мөнгө гэж хоосон ярьсан хүмүүс байх юм. Нийгэм, эдийн засгийн төсөл, хөтөлбөрөө цаасан дээр үйлдвэрлэж, хэдэн арван саяын цалин авч, төсвийн мөнгийг хулгайлж суухаар, иргэдийн амьдрал, эрх ашгийг хамгаалаач ээ.
УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн дарга нар иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Тэднийг ард түмэн, бидэнд төрийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийн “Зарц, боол” гэж боддог . Гэтэл тэд биднийг дарлаж, зарц боол шигээр, хууль, шүүхээр далайлган сүрдүүлэн, харьцаж байна. Иргэдийнхээ үгийг сонсдог, иргэдийнхээ эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг яагаад явуулахгүй байна вэ. Тусгаар улс байж, гадны хараат улс шиг, тэдний гар, хөл шиг ажиллах юм. Яагаад цахилгаан станц барихдаа оросоос зөвшөөрөл авах ёстой гэж. Чухам яагаад хоёр хөршийн заавраар улс орныхоо хөгжлийг боомилж, иргэдээ ядуу амьдруулаад байгаа юм бэ. Ийм хачин, урагшгүй, унхиагүй төр засагтай байхын хэрэг байна уу.
| Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |