Хаялах цас толгой, мөр, явган хүний замыг дарах цаг хаяанд иржээ. Нэгэн удаа зохиолч, яруу найрагч Г.Аюурзана:
“Хэлэх юмгүй байж л ярих гэсэн хүмүүс
Хаа сайгүй...
Хэнд ч бай муу үг олж наахын төлөө л
амьдарч яваа мэт хүмүүс
Хаа сайгүй...
Тэр бүхний дээгүүр
Хиргүй ариухан цас –
Тэнгэрийн чимээгүй үгс...” гэж бичиж байсан нь өвлийн улирал энүүхэнд ирсэн нь хүн бүхний санаанд орно. Үнэхээрийн цэвэр ариун мөн тунгалаг. Хүн төрөлхтөн бид ийм л сайхны төлөө амьдарч яваа шиг санагдана. Эргэлт.мн мэдээллийн сайтаас та бүхэнд цаснаар унших таван шүлгийг хүргэж байна.
Яруу найрагч Л.Өлзийтөгс – Шөнө дунд цас орж байна
Хав хар тэнгэрээс цагаахан од дусална
Харанхуйд хэн нэг нь уйлж байна...
Энэ яасан сэвсгэр зөөлөн!
Энэ яасан сэрүүн аниргүй!
Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...
Шөнө дунд цас орж байна
Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч хэн нэг нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг... харанхуйн цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй зогсож байна.

Залуу уран бүтээлч Р.Улам-Оргих – Цасан ширхэг будрахдаа
Уйтгарт дарагдаад унтаж орхисон
Урд уулын манант зүүдэнд
Унгирал дотроо хөглөрөн сэрчигнэх
Улиасны шарангуй навчсын
Амь биеийг хучин дулаацуулаарай.
Цасан ширхэг будрахдаа
Өвөөгийн минь түлээндээ явдаг
Үхэр тэрэгний бүдэгхэн жимийг,
Өөр ертөнцөд хүрч болох,
Амьдрах-уйн тэр л бяцхан зөргийг
Ариун биеэрээ битгий нууцлаарай.
Цасан ширхэг будрахдаа
Өвс зуугаад нисэн одсон
Тэр нэгэн шувуухайны
Өмнөөс үлээх хүйтэн жаврыг
Зөөллөн, зөөллөж газардаарай
.jpg)
Залуу яруу найрагч Э.Бүжинлхам - Цас орж байна ээж ээ
Цас орж байна ээж ээ,
Хоёулаа аавын тухай ярих уу?
Цантай цонхон цаана
Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг
Санагдаад байна,
Өөрийнх нь тухай дурсан ярихыг
Хүлээгээд л байгаа юм шиг
Өрөвгөр жаалхан болжморуудыг
Өвөртөө дулаацуулах
Өвгөн модны дүрээр
Ширтээд байгаа юм шиг
Санагдаад байна!
Ээж ээ, та битгий уйл л даа
Эсвэл хоёулаа өөр зүйл ярих уу?
Уйтгар гэдэг хуучрах тучмаа
Улам л гунигтай болдог юм байна
Тийм ээ? Ээж ээ!
Сэтгэл гэдэг яг л газар шиг
Хавар бүхэн л
Ханзардаг юм байна
Тийм үү! Ээж ээ?
Ээж ээ, тээр хацар дээр чинь
Нулимс бөмбөрөөд зогсохгүй нь
Ингээд л би тандаа шүлэг бичиж
Зүрхэлдэггүй юм шүү дээ!
Урагдаж байж л бичдэг
Энэ хэдхээн мөрийг үлдээхийн төлөө
Ургуулж өсгөсөн ижийгээ
Уйлуулчихдаг би мөн азгүй хүн ээ!
Ээж ээ, ээж ээ!
Хайр гэдэг нь энэ юм уу ээж ээ!
Халуун, давстай, усан зүйл байдаг юм уу?
Аавыг, алиахан гурван үрээ та уйлж хайрласан болохоор
Амт нь эсвэл надад ингэж санагдаад байгаа юм уу?
Ээж ээ!
Ээж ээ, цас ороод л байна!
Цаашаа таны тухай шүлэг бичье гэвч
Та уйлна гэхээр даанч надад
Хэтэрхий их гунигтай байна!

Яруу найрагч агсан Ц.Доржсэмбэ - Цас малгайлан орохыг
Цас малгайлан орохыг
Мэдээгүй мэт
Цонхны цаана
Малгайтай хүмүүс бужигнана.

Залуу яруу найрагч Д.Эрдэнэзулай - Ийм л хүйтнийг үзэх гэж бид
Ийм л хүйтнийг үзэх гэж бид
Аагим зуныг тэсч үддэг
Ийм л хүйтнийг давах гэж
Дулаахан дурсамжуудаа хадгалж үлдээдэг
Ийм хүйтнээр сэтгэлд нь гараа ээн дулаацах
Сайхан хүмүүсээ хамгийн их үгүйлдэг
Ийм л хүйтнээр хань хайж
Халуун хайр хүлээж тарчилдаг
Навчис үхэж, мод бүгдийг нь оршуулдаг намраар
Модон сандлууд эзгүйрч гансардаг
Намайг шүлэг бичүүлэх гэж л ийм хүйтэн намар тохиож
Ийм намраар л би навч, мод, модон сандлуудыг өрөвддөг
Дээлэн дотроо ч дулаацахгүй ийм намраар
Дэргэдийн хүмүүсийнхээ хүйтнийг нь дэндүү эмзэг мэдэрдэг
Дулаацах гэж асаасан тамхи дуусахад гунигтай байдаг
Дууны өнгө сааралтаж, шүлэг уншихад ч хэцүү байдаг
Ийм намрын дараа учрах өвлийн сарууд
Tөсөөлөлд багтамгүй урт болдог
Ирж буцдаг орчлонгийн жам харгис цэвдэг мэдрэгддэг
Од харвахыг харах хүртэл гашуудмаар энэлэнтэй байдаг
Сэтгэл тийм эмзэг байхад амиа хорлох амархан санагддаг
Ийм хүйтнээр ээжийн минь цамцнаас өөр дулаахан зүйл олддоггүй
Ийм л хүйтнээр би бороо орохыг ч харж тэвчдэггүй
Ийм намруудыг давах гэж
Сэтгэлээ бүлээхнээр нь хадгалмаар, тэгээд
Ийм намрын дараа ирэх
Өвлийг туулах зоригтойгоо үлдмээр!

| Цаснаар унших таван шүлэг |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |