Бүх зүйлийн суурь шалтгаан хүссэн, хүсээгүй боловсролын салбартай холбогддог. Гэтэл манай улс Боловсролын сайдаа байн байн сольж, бас туршилт хийж, салбараараа “тоглоод” удлаа. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд Боловсролын сайдаар 18 хүн ажиллажээ. Тэдний сайдаар ажилласан дундаж хугацаа 1.7 жил байгаа юм. Зөвхөн 2008 оноос хойших 16 жилийн хугацаанд есөн сайд солигдсон бөгөөд ердөө хоёр нь буюу Ё.Отгонбаяр, Л.Гантөмөр нар бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацааг дуусгажээ.
Сайд нарыг солигдох бүрд түүнийг даган боловсролын салбарт баримтлах бодлого өөрчлөгдөж байдаг гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, 2008-2012 онд БСШУ-ы сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байхад кембрижийн хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлж, эхний ээлжид 30 сургуульд туршихаар сүр дуулиантай нээлт хийж байв. Түүнчлэн эдгээр сургууль нь монгол, англиар буюу хос хэлээр хичээллэж, кембрижийн хөтөлбөрийг 2014 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. Сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр “2014-2015 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын бүх сургууль олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ” хэмээж байлаа. Харамсалтай нь үүнээс хойш 12 жилийн хугацаа өнгөрч, тухайн үед нэгдүгээр ангид орж байсан хүүхэд өдгөө сургуулиа төгсөж байхад манайд кембрижийн хөтөлбөр бүрэн хэрэгжээгүй хэвээр байгаа юм.
Түүний дараагаар 2012-2016 онд БСШУ-ы сайдаар Л.Гантөмөр томилогдож, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анхаарч “Цөм”, “Ном”, “Авьяас” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Дөрвөн жилийн хугацаанд 27 мянга орчим багшийг жилд 1-2 удаагийн сургалтад хамруулж, багагүй хугацаа зарцуулсан ч 2016 онд БСШУС-ын сайдаар Ж.Батсуурь томилогдсоноор энэ бүхэн зогссон гэхэд болно. Тэрбээр “Бид дэлхийн жишгийг баримжаалж, боловсролын салбараа хөгжүүлнэ” хэмээж, мөн тухайн үед дэд сайдаар нь сайд асан Ё.Отгонбаяр томилогдож, кембрижийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж байв. Гэвч Ж.Батсуурь ердөө есөн сар ажиллаад, сайдын ажлаа Г.Чулуунбаатарт өгсөн ч мөн л дөрвөн сар болоод солигдсон. Улмаар Ц.Цогзолмаа сайд болж 16 сар ажиллаад сайдын суудлаасаа бууж, Ё.Баатарбилэг 17 сар сайдаар ажилласан. Өөрөөр хэлбэл, 2016-2020 онд Боловсролын сайд дөрвөн удаа солигдсон байгаа юм.
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинээр байгуулагдаж, БШУ-ы сайдаар Л.Цэдэвсүрэн томилогдсон ч мөн л зургаахан сар ажилласан. Жил ч хүрэхгүй хугацаанд сайдаар ажилласан хүмүүстэй салбарын бодлого яриад ч нэмэргүй. Л.Цэдэвсүрэнгийн дараагаар Л.Энх-Амгалан сайд болсон бөгөөд 2016 оноос хойш хамгийн удаан буюу 3.5 жил орчим Боловсролын сайдын албыг хашсан хүнээр тодров. “Шинэчлэл хийх нэрээр боловсролын салбараар тоглохгүй” хэмээн мэдэгдсэн түүнээс иргэдийн хүлээх хүлээлт ч өндөр байлаа. Гэвч сайд маань попорсоор, ам, ажил нь зөрсөөр өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулийн дараагаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг БШУ-ы сайдаар ажиллаж байх хугацаанд Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл ил болж, эрхэм сайдын эхнэр болон төрсөн дүү нь тус сангаас зээл авч суралцаад, төлбөрөө төлөөгүй гэх мэдээлэл чих дэлсэх болсон юм. Үүний дараахан сайд маань эхнэрийнхээ зээлийг төлснөө цахим хуудастаа гавьяа аятай мэдэгдсэн. Мөн тэрбээр цэцэрлэгийн сугалааг байхгүй болгож, зориулалтын бус барилгыг түрээслэж сургуулийн үйл ажиллагаа явуулах ажлыг эхлүүлсэн ч нэг ангид сурах хүүхдийн тоо буураагүй, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй хэвээр, сургуулиуд гурван ээлжээр хичээллэсээр байгаа билээ.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Боловсролын сайдаар П.Наранбаяр томилогдсон. Тэрбээр анхны тушаалаараа ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийг гурван улиралтай байхаар баталж, бие даалтын долоо хоногийг бий болгов. Бие даалтын долоо хоногт сургуулиуд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сонгон зохион байгуулах юм. Одоохондоо эдгээр шийдвэрийн үр дүнг дүгнэж хэлэхэд эрт байна.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг багш, боловсон хүчний дутагдалд ороод олон жил болж буй. Гэтэл Боловсролын сайд П.Наранбаярын үүнийг шийдэх шийдэл нь 45 хоногийн курс. Тодруулбал, Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг баталж, 2.7-гоос дээш голчтой суралцаж байгаа гурав, дөрөвдүгээр дамжааны оюутан, мөн төгссөн мэргэжлийн бус хүмүүсийг 45 хоногийн сургалтад хамруулж, багшлуулахаар шийдвэрлэсэн. Ийн салбарын сайд нь багш мэргэжлийг үнэгүйдүүлж, цаашид хүмүүс багшаар сурах хүсэлгүй болох гарааг өөрийн биеэр тавьсан юм. Энэ мэт Боловсролын сайд нар байн байн солигдож, туршилт, санаачилга нэрээр салбараа “самраад” дуусах нь. Төрийн залгамж халаа боловсролын салбарт үгүйлэгдэж байна. Боловсролын салбараараа “тоглодог” улс Монголоос өөр байдаггүй л болов уу.
| БОЛОВСРОЛЫН САЙД НАР ТУРШИЛТ, САНААЧИЛГА НЭРЭЭР САЛБАРАА “САМРАХ”-АА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |