Морьтны хишиг явганд гэгчээр МАН-ын зодоон дундаас албан тушаалын бялуу хуваалтаас хишиг хүртэгсэд цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, намын даргаар хэнийг томилох вэ гэдэг МАН дотор үүссэн үе хоорондын “зодоон” сүүлдээ улс төрийн томчууд, улс төрд оролцоотой бизнесийнхний талцал болж, Төрийн өндөрлөгүүдийг нэгэн зэрэг татан унагаах хэмжээнд хүртлээ томорчихсон гэдгийг улс төрд өрнөсөн үйл явдлууд тодорхой харууллаа.
Эцэст нь эвлэрлийн ажлын хэсэг байгуулах хүртлээ эрх баригчид доройтож, цагаан байра хэрэгцээгүй болсон мэтээр “хөөж” асан гишүүдээрээ эвлэрүүлэн зуучлуулах үйлчилгээ явуулж байна. Ийн МАН-ын эрх мэдлийн төлөөх зодоон дуусах шатандаа орж, эхнээсээ албан тушаалын томилгоо хийгдэж эхэлсэн. Үндсэндээ хөлсөө гартал гүйж, булчирхайгаа цочтол гар өргөж дэмжсэн гишүүд эхнээсээ эрх мэдлийн шан харамжаа авч эхэлсэн гэсэн үг.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, эвлэрлийн ажлын хэсэг эхний ээлжинд “Хамгаалалтын 30”, “Довтолгооны 38” гэж хуваагдсан МАН-ын бүлгийг нэгтгэх асуудлыг нэг тийш гаргалаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилсон. Ингэж УИХ-ын гишүүн Ж.Батжаргал эрх мэдлийн бялуу хуваалтаас хүртэж амжлаа. Угтаа бол УИХ-ын даргыг унагаах буюу Ерөнхий сайдыг хамгаалах бүлэглэлийнхэн эхлээд намын бүлэг рүүгээ хүчин түрэн тайрч орсон. Ингэхдээ олонхоороо далайлгаж, бүлгээ хуралдуулж, бүлгийн даргаар Ж.Батжаргалыг томилж, хоёр даргатай бүлэгтэй болчихоод байсан нь тэр. Эцэстээ ингэж хүч түрж, улайан зүтгэснийхээ шан харамжийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тов хийтэл авчихлаа. Үндсэндээ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд дарга болгоно гэх тохироотойгоор бүлгийн тамга тэмдгийг нь Ж.Батжаргалд шилжүүлсэн билээ.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчиж, Засгийн газрыг огцруулсан гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан. Ингэснээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа УИХ-ы дэд даргын ажлаа хүлээлгэж өгөх нь нэгэнт тодорхой болж, түүний суудалд санаархагчид ёстой нөгөө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлдгээр дөрөв, тавдугаар араандаа хийчихсэн харайлгаж явна. Улмаар Эвлэрлийн ажлын хэсгийнхэн намын бүлгээ нэг болгохын тулд Ж.Бат-эрдэнэд УИХ-ын дэд даргын суудлыг бэлэглэж, эхний ээлжинд үүргээ гүйцэтгэлээ, хууччуул.
Ингээд УИХ-ын дэд даргыг томилж чөлөөлөх асуудлыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан. Хачирхалтай нь, сар гаруй хугацаанд нэгнээ нүднийхээ булангаар ч үзэж чадахгүй, халз таарвал барилцаж авахдаа тулчихсан суусан эрх баригч намынхан учиргүй амь нэгтэй болж, ажлын цаг дууссан ч, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөө аль хэзээний хуралдуулж, чуулганы хуралдааныг сунгаж, дэд даргын томилгоог хийхээр санал нэгдсэн байв. Ингээд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ дэг будилуулдаг МАН-ыханд хатуухан сануулга өгч, Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлаа хэлэлцүүлж оруулахыг анхааруулснаар чуулганы хуралдааныг завсарлуулсан удаатай.
Шадар сайд С.Амарсайхан танхимын зарчмаасаа ухарсан гэх үндэслэлээр ажлаа хүлээлгэж өгөв. Засгийн газартай, тэр дундаа Г.Занданшатартай хамтарч ажиллах боломжгүй болоод сайдын суудлаасаа буусан тухай мэдэгдэл цахим хуудастаа байршуулаад удалгүй Засгийн газрын хэвлэл зар тараав. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайханыг зарчмын эсрэг ажилласан тул огцруулж, хөөж байгаа тухай мэдэгдлийг Г.Занданшатар хийж байгаа харагдана. Тэгээд зогсохгүй, Засгийн газар хуралдаж байсан өрөөнөөс С.Амарсайханы гарч байгааг бичлэгийнхээ төгсгөлд оруулжээ. Энийгээрээ “С.Амарсайхан өөрийн хүсэлтээр огцроогүй шүү, хөөгдсөн” гэдэг утгыг л ард түмэнд үзүүлэх гээд байгаа бололтой. Үнэндээ, Г.Занданшатар огцроогүй тохиолдолд С.Амарсайхан тэргүүтэй зарим сайд Засгийн газраас гарах нь цаг хугацааны л асуудал шүү дээ.
Энэ мэтээр их зодоонд хөлсөө гартал гүйсэн гишүүд шан харамжаа авч эрх мэдлийн бялуу хуваалт өвөлжин өрнөж, хавартай золгох нь нэгэнттодорхой боллоо.
| МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |