-Сайн байна уу. Менингококкт халдвар нь чухам хэрхэн үүсэж, яаж халдварладаг өвчин бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
- Менингококкт халдвар (МХ) нь арьсан дээр их өвөрмөц цусархаг тууралт гарч, тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэл, зарим тохиолдолд цусан үжил болдог цочмог явцтай халдварт өвчин. Өвчнийг үүсгэгч нь Neisseria meningitidis гэдэг нян байдаг. Энэ халдварын эх уурхай нь хэн бэ гэхээр менингококкт халдвараар өвчилсөн хүн эсвэл нян тээгч байдаг. Өөрөөр хэлбэл нян тээгч эрүүл мэт бидний дунд байхад эрсдэл бүлгийн тав хүртлэх насны хүүхдүүд, эсвэл дархлаа нь суларсан хүмүүс өвдөх магадлалтай гэсэн үг. Ялангуяа амьсгалын дээд замын үрэвсэлтэй, хоолойны ангина, архаг тонзиллит гэх мэт өвчтэй хүүхэд илүү өдөх нь. Яагаад гэхээр амьсгалын замын салст бүрхүүл эрүүл биш, халдварт өртөмхий байна гэсэн үг. Тийм учраас энэ өвчин томуу, томуу төст өвчний дараа дэгдэлт байдлаар гарах нь элбэг байдаг байх нь.
-Халдвар авсан хүн хэд хоногийн дотор хүндэрдэг вэ?
- Хүндрэл ер нь эрт болон хожуу үеийн гэж хоёр янз байгаа. Иргэд эрт үеийн хүндрэлийг илүү анхаарах хэрэгтэй. Үүнд халдвар-хордлогын шок, тархины хаван, бөөрний дээд булчирхайн цочмог дутал, бөөрний дутал зэрэг хэдхэн цагийн дотор нас баралтын шалтгаан болох хүндрэлүүд гардаг. Энэ хүндрэлүүд ерөөсөө 24-48-72 цагийн дотор гарч болно. Хүүхэд гэнэт 38–40°С хүртэл өндөр халуурч, унтаарах эсвэл бага насны хүүхэд цочромтгой болох, тасралтгүй уйлах, хөхөө хөхөхгүй байх, бөөлжих зэрэг шинжүүд илэрнэ. Эцэг эхчүүдийн бас нэг мэдэж байх зүйл нь халууралт улаан, цагаан хоёр янз байдаг. Хүнд үед хүүхдэд цагаан халууралттай өөрөөр хэлбэл мөчид хүйтэн, арьс эрээнтэж, цонхийсон харин хүүхдийн халууныг үзэхэд өндөр байх нь. Нөгөө нэг анхаарах зүйл нь хүүхэд унтаараад байхад тайван унтаад байна гээд хүүхдийнхээ биеэр тууралт гарч байгааг анзаарахгүй байх тохиодол байна. Хүүхэд унтаараад байвал халууныг нь үзээд хөнжил, хучлагын сөхөөд тууралт байгаа эсэхийг маш сайн шалгах хэрэгтэй.
-Та дээр хэлэхдээ их өвөрмөц цусархаг тууралт гардаг гэж хэлсэн, энэ тууралт хэзээ, хаагуур гардаг вэ?
-Энэ эцэг, эхчүүдийн хамгийн анхаарах, энэ өвчний содон шинж тэмдэг бол биеэр цусархаг тууралт гарах байгаа юм. Хүүхдийн гол төлөв өгзөг, хөл, гуяар хөх ягаан өнгөтэй цусархаг тууралт гардаг. Энэ тууралт өвчин эхэлснээс хойш 6 цаг цаашлаад 8-12 цагийн дотор гарч, олон тоотой болдог. Тэгэхээр бид менингококкцеми болсон бол энэ 12 цагийг алдаж болохгүй байх нь. Өвчин хүндрэх тусам тууралтын тоо олширч, үхжилт тууралт болон хувирдаг. Тууралт хэдий чинээ хурдан олон тоотой болж, үхжилт шинжтэй байна өвчин хүндийг илтгэж байдаг.
-Энэ өвчин ер нь ямар ямар хэлбэрээр илэрч болох вэ? Яагаад ард иргэд Цахилгаан менингит гэж нэрлэсэн юм бэ?
-Ер нь уг өвчин тархины зөөлөн бүрхүүл гэмтсэн бол менингит, цус, цус бүлэгнэлтийн тогтолцооны хямрал, цусан үжил явж байгаа бол манай хэллэгээр менингококкцеми гээд байгаа юм. “Цахилгаан менингит” гэдэг нэршил бидний хэрэглэж байгаа эмнэлзүй ангилалд байхгүй. Гэхдээ манай ард түмэн чинь айхтар ухаантай, энэ бол цаг алдаж болохгүй, цахилгаан гүйдэл шиг хурдан явцтай, хүндрэл нас баралтад хүргэдэг юм байна гэдгийг ажиглаад энэ нэршлийг өгсөн байх гэж боддог. Би дээр хэлсэн бид энэ 6-8-12 цагийг алдаж болохгүй өвчин хүндэрнэ, анхаарах хэрэгтэй гэж. Хүүхдийнхээ арьсыг ажигла, халууныг хэмж, яаралтай эмчид ханд гээд байгаа юм.
-Өвчин хүндэрч байна гэдгийг иргэд бид яаж мэдэх вэ?
-Хүнд явцтай менингококкцеми, менингит бол өндөр 39-40-41°C хэм хүртэл халуурна, богино хугацааны дотор цусархаг тууралт олон тоотой болно, үхжилт шинжтэй болно, цаашлаад нүдний салстад цус харвалт гарч болно. Хөл гарын үзүүр хөхрөнө, арьс эрээнтэж, сэтгэцийн, хөдөлгөөний хөөрөл эсвэл сааталд орно, татна, ухаангүй болох зэрэг шинжүүд илэрнэ. Үзлэгээр артерийн даралт буурч, зүрхний цохилтын тоо олшрох, амьсгал зүрх судасны цочмог дутал, тархины хавангийн шинжүүд илэрнэ.
-Өнгөрсөн долоо хоногт менингококкт халдварт өвчний улмаас нэг хүүхэд нас барсан харамсалтай зүйл болсон. Энэ онд дэгдэлт хэр өндөр түвшинд хүрсэн байгаа вэ?
Манай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанаас математик загварчлалын аргаар өвчний хэтийн төлөвийг 2040 он хүртэл тодорхойлсон байдаг. Уг судалгаагаар МК халдвар 2024-2025 оноос ихсэх хандлагатайг тодорхойлсон. Нөгөөтэйгүүр энэ өвчин 4-5 жилийн давтамжтай бүртгэгдээд байна. Манай улсад уг халдварын тохиодол 2024 онд-2, 2025 онд -12, 2026 он гараад 6 тохиодол бүртгэгдээд байна.
-Халдвараас хэрхэн урьдчилсан сэргийлэх вэ?
-Уг өвчнөөөр гол төлөв бага насны тав хүртлэх насны хүүхэд өвчилж, хүндэрдэг. Тийм болохоор амны хөндий, хамар-залгиурын ариун цэвэр сахих дадлыг хүүхдэд сайн эзэмшүүлэх хэрэгтэй байгаа юм. Бага насны хүүхдүүдэд ялангуяа 3-5 насныхан буцалсан бүлээн уснаас эхлээд нимбэг, давс, царвантай уусмалаар хоолойг зайлуулах хэрэгтэй. Хүүхэд зайлж чадахгүй залгих магадлал өндөр болохоор буцалсан бүлээн усаар эхлэх хэрэгтэй. Тэгээд бусад агаар-дуслын замаар дамжин халдварлах өвчнүүдтэй адил өглөө, орой өдөрт хоёр удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, анги танхимдаа хоёр цаг тутам агаарын сэлгэцэл хийх, гарын ариун цэвэр сахих зэрэг урьдчилан сэргийлэх энгийн аргуудаа хэрэглэх хэрэгтэй. Цэцэрлэг, сургууль, хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд явагдаж байна. Нөгөө нэг арга нь өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцин хийх.
-Вакцинд бүх насныхан хамрагдаж болох уу?
-ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын кабинетад Бельги улсын хоёр төрлийн вакцин Сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа. Менингококк нян дотроо 10 гаруй ийлдэс хүрээтэй байдаг. Үүнээс 4 төрлийн ийлдэс хүрээ, тэр дундаа манай оронд илүүтэй тохиолддог B ийлдэс хүрээний нянгийн эсрэг 4 цент, 1 цент гээд 2 төрлийн вакцин хийгдэж байгаа. 4 цент вакциныг 6 сараас дээш, 1 цент вакциныг 10-аас дээш насныханд хийж байна.
-Вакцин хийлгэсэн ч халдвар авсан, үр дүнгүй гэх мэдээлэл иргэдийн дунд байдаг. Энэ талаар?
- Вакцин хийлгээд халдвар авахгүй байна гэсэн ойлголт биш. Яагаад гэхээр биеэд бүрэн дархлаа тогтоход хугацаа хэрэгтэй, вакцин хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа бүрэн дархлаа тогтоно. Тийм болохоор вакцин бол урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг л ард иргэд мэдэх нь чухал байгаа юм.
-Иргэдэд сануулж хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Хүүхэд нь өндөр халуурч, унтаарч, эсвэл цочромтгой болох, бөөлжих, ялангуяа биеэр цусархаг тууралт гарч эхэлмэгц эмч, эрүүл мэндийн байгуулагад цаг алдалгүй хандаарай гэж хэлэх байна. Нөгөөтэйгүүр бяцхан үрсээ, хайртай, дотны хүмүүсээ халдвараас урьдчилан сэргийлж, дээр дурьдсан аргуудыг тотмол хэрэглээрэй гэж хэлэх байна.
| М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ТОХИОЛДОЛД ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ӨВЧИН ХҮНДЭРЧ НАС БАРАХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |